ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ТӨХ-ны Яам, агентлагуудаас хураасан машинууд тоногдсон байжээ

    Засгийн газрын тогтоолоор ТӨХ яам, агентлаг, төрийн өмчийн байгууллагуудаас илүүдэл автомашинуудыг хураан авч, хэрэгцээтэй газрууд руу хуваарилж эхлээд байгаа билээ. Хавраас эхэлсэн энэхүү арга хэмжээний дүнд одоогоор 68 автомашин хураагдан хуваарилагдаад байна.

    Харамсалтай нь Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхдээ ТӨХ-ны удирдлагууд хайхрамжгүй, хайнга, удаан ажиллаж байгаагаас эд ангийг нь солих, тоносон гэж хэлж болохоор элэгдэлд орсон машинуудыг өгч байгаа аж. Үүнийг нь хуваарилан авч байгаа газрууд авах хэцүү, байх хэцүү болж байна.

    Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ТӨХ удирдан, яам, агентлаг, төрийн өмчийн байгууллагуудаас илүүдэлтэй байгаа жийп автомашинуудыг хураан авч, автомашины хэрэгцээтэй байгаа хилийн заставууд, орон нутгийн прокурорын байгууллагууд руу хуваарилж байгаа. Энэхүү хураах үйл явц хэт удаан, мөн хайхрамжгүй явагдаж байгаагаас чанаргүй, элэгдэл хорогдол ихтэй, хэзээ мөдгүй зогсох машинууд хураагдаж байна. 

    ТӨХ эхний ээлжийн 42 автомашиныг хуваарилжээ. Үүнээс 20 нь хилийн заставуудад хуваарилагдсан байна. Гэтэл хилийн заставын удирдлагууд “Аккумляторгүй, тоногдсон, ийм муу машинууд өгдөг нь яаж байгаа юм бэ. Бид нар авсан нэр зүүж нэрийн хор боллоо” хэмээн тавыг нь ТӨХ-нд буцаан өгчээ. ТӨХ-ны албаны нөхөд хилчидтэй зүй бусаар харьцан “Бэлгийн морины шүдийг үзэхгүй” гэгчээр буцаан өгсөн таван тэргийг буцаах гэж мугуйдалсан байна.

    Энэхүү буцаагдсан таван тэрэг нь жижиг тэрэг байсан тул хилийн заставт ямар ч хэрэгцээгүй эд юм. Уг нь ТӨХ Засгийн газрын тогтоол ёсоор жийп автомашинуудыг хураан авах ёстой. Харамсалтай нь хураан авах ажлын хэсгийн нөхөд хайхрамжгүй, нөгөө талаар ажилдаа маш хариуцлагагүй хандаж байгаагаас жижиг тэрэг өгөх, эд ангийг нь сольсон, тоногдсон байдалтай тэргүүдийг хураалган, ёстой л аль аль нь нүглийн нүдийг гурилаар хуурч байна.

    Ийм хэзээ мөдгүй зогсох тэргийг хүлээн авсан хилийн заставууд болон прокурорын газрынханд ч энэ нь нэн хохиролтой юм. Муу тэргийг засч сэлбэхээс өгсүүлээд, “норм”-ийн машинаа нэгэнт авсан нэр зүүсэн тул шинэ тэрэг автлаа дахин хэдэн жил үлгэн салган явах болж, хохирч байгаа юм. 

    Төрийн яам, агентлаг, байгууллагууд аккумляторгүй, эд ангийг нь сольсон, аль л муу машинаа хураалгаж байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ? Энэ машинууд тэндээс ирэхдээ тоногдоод байна уу, эсвэл наана хураагдсаны дараа тоногдоод, хольж солигдоод байна уу гэдэг дээр хяналт шалгалт явуулах хэрэгтэй болжээ.

    Одоо үлдсэн 140 орчим жийп автомашиныг ТӨХ хураан авна. “Бид хурааж байна, хуваарилж байна” хэмээн шоудахаасаа өмнө Засгийн газрын тогтоолыг хурдан хэрэгжүүлж, хүмүүсийг муу машинаа өгч, хольж солихоос өмнө арга хэмжээгээ яаралтай авч хэрэгжүүлмээр байна. Зуны эхэн сарын шинийн аравд гарчихаад байхад хавраас хойш хэрэгжүүлсэн арга хэмжээгээр 68-хан машин хураан авсан нь төрийн бодлого яст мэлхийн хурдаар өрнөж байгаа гэж хэлүүлэхэд хүргэж байна. Нэг нь худал болбол нөгөө нь эргэлзэхэд хүргэнэ гэгчээр Төрийн өмчийн хорооны дэд даргын “Төрийн албанд шинэ машин дахин авахгүй” гэж шоудах ч худал, нүд хуурсан үг болж хувирч байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй