“Нойртой болоод”,”саахартай болоод” гэж өөрт нь огт байдаггүй юм өөрийг нь олоод ирчихсэн мэтээр бид ярих. Нойр булчирхай нь өвдөж мэдрэгдээд эхлэхэд “нойртой болов” гэнэ. Харин саахартай болно гэдэг нь цус нь саахар ихтэй байдаг болсон хүний үг. Саахар гэхээр нөгөө элсэн чихэр маань бодогдох нь энүүхэнд.
Тэгвэл нойр булчирхайтайгаа танилцъя
Хүний биеийн хамгийн том булчирхайнуудын нэг нойр булчирхай нь үнэн хэрэгтээ нэг эрхтэнд орших хоёр булчирхай юм. Түүний бараг бүх эс нь шүүрүүлэх ажил эрхэлдэг. Энэ эрхтний нэг үүрэг нь дааврууд /гормон/ ялгаруулдаг дотоод шүүрлийн булчирхай. Эдгээр даавраас хамгийн чухал нь инсулин. Хоёрт гэвэл цус руу ялгаруулдаг даавруудаас илүүтэйгээр гэдэс рүү /эсвэл бие махбодын бусад хөндий рүү/ шүүрэл ялгаруулдаг гадаад шүүрлийн булчирхай.
Нойр булчирхай нь хэвлийн хөндийн дээд хэсэгт нурууны наана хүний биеийн гол тараагуур судас, хураагуур гол судсан дээр хөндлөн байрладаг. Нарийн гэдэсний хамгийн дээд хэсэг болох 12 хуруу гэдэс нойр булчирхайн толгой хэсгийг тойрч бэхлэгддэг.
Нойр булчирхайн бүтцийн үндсэн хэсгүүд нь ацинус буюу дэлбэнгүүд юм. Эдгээр нь жижигхэн цоргоны мухар төгсгөлийг тойрон байрлаж шүүрэл ялгаруулагч эсүүдийн бөөгнөрөл.Цорго бүр бусад дэлбэнгүүдийн цоргонуудтай нэгдсээр бүгд нойр булчирхайн голоор дайран өнгөрдөг гол судсанд нийлнэ.
Эрүүл нойр булчирхай нь фермент гэж нэрлэгддэг, хоолны холимгийг задлах урвалуудыг хурдасгагч шүүрлүүдийг “үйлдвэрлэж” гэдэс рүү явуулдаг.
Архи, согтууруулах ундаа ихээр уух,хоол боловсруулах бусад эрхтнүүдийн эмгэг, хооллолтын буруу дадал зуршлууд зэрэг шалтгаанаас нойр булчирхай хэлмэгддэг. Түүнээс гадна нойр булчирхайн хорт хавдар, гэмтэл, чихрийн шижин, хэт даарах зэрэг нь нойр булчирхай үрэвсэхэд хүргэнэ. Нойр булчирхайн үрэвслийг панкреатит гэж нэрлэдэг.
Энэ өвчний үед түүнийг үүсгэсэн шалтгаанаас үл хамааран, нойр булчирхайн боловсруулж буй ферментүүд нь өөрийнхөө эдүүдийг боловсруулдаг болдог учир эрхтэн өөрөө өөрийгөө гэмтээж эхэлдэг.
Панкреатит нь ихэвчлэн өөр өвчнийг дагалдан үүсэх бөгөөд ходоод гэдэсний төрөл бүрийн өвчний явцыг хүндрүүлдэг. Хурц, архаг гэсэн хэлбэртэй. Элэг цөсний замын эмгэг өөрчлөлтүүд, ходоод, 12 хуруу гэдэсний шарх, буруу хооллолт, удаан хугацаагаар хоосон явах болон нэг дор хэт их идэх, унтахын өмнө хүнд хооллох зуршил зэрэг нь хурц хэлбэрийн үрэвслийн шалтгаан болдог. Энэ үед нойр булчирхайн шүүрлүүд гэдэс рүү хэвийн урсан орохгүй болж, түүний цорго руу 12 хуруу гэдсэн дэх холимогоос өгсөж ордог болдог. Ингэснээр цус хуралт, үхжилт үүсэн томорсоор булчирхай хатуурдаг. Үхжилийн голомт идээлж болно. Цөсний чулуутай буюу хэт тарган хүмүүсийн нойр булчирхайн өөхөн эдүүд үхжих хэлбэр бас байдаг.
Нойр булчирхайн архаг үрэвсэл нь хурц үрэвсэл архагшсанаас буюу элэгний циррозын үед үүсдэг. Гэмтсэн нойр булчирхайд холбогч эдүүд үүсэж, булчирхай хатигиршиж эхэлдэг. Ингэснээр чихрийн шижин үүснэ.
Хэвлийн дээд хэсгээр цочир өвдөх нь нойр булчирхайн архаг үрэвслийн үндсэн шинж тэмдэг. Шархирах буюу хурцаар хатгаж өвдөх бөгөөд ихэнхдээ зүүн сүвээгээр мэдрэгдэнэ. Зарим тохиолдолд баруун сүвээ рүү ч мэдрэгдэж, тэрч байтугай бүсэлж өвдөж болно. Өвдөлт ихэвчлэн хоол идсэний дараа хүчтэй болох бөгөөд халуурч, бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг дагалдах нь элбэг.
Хурц өвдөлт нь маш их хүчтэй бөгөөд өвчтөн тасралтгүй огиж бөөлжин, биеэр нь тууралт гарч, зүрхний хэм алдагдан, халуурч, хөл гар нь хөрөн наалтамтгай хөлс чийхарна. Хүнд тохиолдолд цус ихээр алдаж шоконд эсвэл комд ордог.
Энэ өвчний эмчилгээ нь нойр булчирхайгаар дамжин өнгөрөх цус, бусад шингэний хэмжээг хэвийн байлгах, өвчин намдаах, нойр булчирхай өөртөө хор хүргээд байгаа өвөрмөц ферментүүдээ боловсруулахыг нь багасгахад чиглэгддэг.
Архаг үрэвсэлтэй хүмүүс өвчнөө хөдөлгөхгүйн тулд өөх тостой хоолноос зайлсхийх ёстой. Боорцог, хуушуур зэрэг тосонд чанасан хүнс, шарсан хоол, өөхтэй тарган мах, борц, боодог, хорхог, өтгөн сүүтэй болон хийцтэй цай, самар, цөцгий, зөөхий, төрөл бүрийн сүмс, самрын тос, шарсан төмс, төмсний чипсээс татгалзах нь дээр. Гэхдээ тослог багатай хоол нь уураг, нүүрс усыг шаардлагатай хэмжээгээр агуулах учиртай.
Архаг панкреатитын үед ферментүүдийг гэдэс рүү оруулдаг сүв бөглөрдөг тул хоол боловсруулалт хямарч, бие махбод эрчим хүчээр дутагддаг. Харин доорх зөвлөгөөг тууштай дагаж чадвал өвчнөөсөө салахад их тустай.
Жимс ногоо
Уурагт хүнс
Гурилан бүтээгдэхүүн, будаа
Чихэрлэг зүйл,ундаа
Нойр булчирхайн архаг үрэвсэлтэй хүнд нэн зохимжтой унд бол шар буурцгийн сүү юм. Түүнийг өөрт таарч тохирох жимс, ногоотой холин ууж болно.
Нойр булчирхайгаа гэмтээчихээд засна гэж үйлээ үзэж байснаас гэмтээхээс урьдчилан сэргийлж, хорлон сүйтгэх ажил хийхгүй, өөрөөр хэлбэл хүүхдийг төрсөн цагаас нь зохистой хооллуулж, зөв сонголттойгоор амьдрах саруул ухаан, эрүүл хүсэлтэй болгох нь ашигтай хувилбар ажээ.
"ВИП" клуб ТББ-ын тэргүүн Б.Гэрэлмаа
Эрүүл амьдралын үндэс 3: Нарийхан бэлхүүсний нууц
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт