Энэ жилийн наадамд зодоглож тав буюу түүнээс дээш давсан гурван бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдаад хагас сар болж байна. Инчёны Азийн наадмын дараа МҮОХ-ноос энэ талаар мэдээлэл хийнэ гэсэн сураг дуулдсан ч одоогоор нам жим. Ямартай ч БНСУ-ын шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төв лабораториас шинжилгээний хариу ирүүлсэн, гурав бус хоёр бөх допинг хэрэглэсэн хэмээн албаны хүн ам алдсан. Тэгвэл эх сурвалжийн хэлснээр ирэх долоо хоногт шинжилгээний хариуны талаар мэдээллийг МҮОХ-ноос өгөх бололтой. Хамгийн гол нь үе үе дэгддэг допингийн тухай хэрэг манайд нэг хэсэгтээ л гал дээр асгасан тос мэт дүрэлзэж байгаад "би ч түүний чихрийг идээгүй, тэр минийхийг булаасан" гэдэг хүүхдийн хэрүүл шиг хов төдийхөн болоод өнгөрдөг нь худлаа бус. Бэртэлдээ эмчилгээ хийлгэхдээ ийм эм ууж байсан допинг биш гэх зэргээр бөхчүүд няцаасаар, хүмүүс дунд нь төөрсөөр өнгөрдөг.
Олон улсын жишигт допинг хэрэглэсэн тамирчны медалийг хураан, амжилтыг нь хүчингүйд тооцож, тэмцээн уралдаанд орох эрхийг нь хасдаг. Манайд Үндэсний Бөхийн Холбоо допинг хэрэглэсэн байлаа ч бөхчүүдийн цолыг хураадаггүй, зөвхөн барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасах арга хэмжээ авсаар ирсэн. Тодруулбал, Ерөнхийлөгийн зарлигаар олгосон цолыг тухайн бөх шинжилгээгээр допинг хэрэглэсэн байлаа ч хурааж авах эрх зүйн үндэслэл байдаггүй гэсэн үг.
Монгол Улс допинг хэрэглэдэг улсын хар дансанд 1972 онд бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэл нийт 30 шахам Монгол тамирчин олимп, тив дэлхийн чанартай тэмцээнд, үндэсний их баяр наадмын үеэр авсан допингийн шалгалтад унаад байгаа. Сүүлийн үеийн түүх сөхөхөд допинг хэрэглэсэн Г.Алтангэрэл, Ч.Цогбаяр нарын барилдах эрхийг хоёр жилээр Б.Сугаржаргалын барилдах эрхийг зургаан сараар хассан арга хэмжээ авчээ.
Улсын начин Ц.Лхагвасүрэн,
Улсын начин Ц.Сумъяабэйс,
Улсын начин Ч.Цогбаяр,
Улсын начин Б.Сугаржаргал
Улсын харцага Г.Алтангэрэл,
Улсын заан Ц.Мягмарсүрэн,
Улсын заан Б.Соронзонболд
Улсын гарьд Рагчаа
Улсын арслан Мөнхбаатар
1904 оны Сент Льюсийн зуны олимпийн наадамд марафон гүйгч Томас Хикс уралдааныхаа үеэр түүхий өндөг, архи ууж, стрихинин хэмээх бодисыг тариулсныхаа ачаар олимпийн аварга болсон нь допингийн төрлийн бодис хэрэглэсэн анхны тохиолдлуудын нэг болсон.
1920 он гэхэд спортын уралдаан тэмцээнд эмийн бодисын тусламжаар оролцох явдал бараг л хэвийн үзэгдэл болжээ.
1928 онд Олон улсын хөнгөн атлетикийн холбоо сэргээх буюу хүч оруулагч эмийн бодис хэрэглэсэн тамирчинг шийтгэсэн анхны холбоо болон дэлхийн допингийн эсрэг түүхэнд бичигджээ.
1930 аад оны үед гормоныг нийлэгжүүлэн зохиомлоор гарган авч хэрэглэж байсан бөгөөд 1950 иад оноос спорт дахь допингийн хэрэглээ улам ихэсчээ.
1960 оны Ромын олимпийн наадамд оролцсон Данийн дугуйчин Кнуд Энемаркын уралдааны замд амь эрсэдсэн шалтгаан нь амфетамин хэмээх бодис байв. Энэ явдал олон улсын спортын холбоодыг тэмцээний үеэр допингийн шинжилгээ авдаг болгох нэг ёсны шахалт болсон юм.
1968 онд Олон Улсын Олимпийн Хороо Мехикогийн зуны болон Греноблийн өвлийн олимпийн наадамд анх удаа шинжилгээ авчээ. Албан ёсоор шинжилгээ авч эхлэхээс өмнө допингоос шалтгаалан дахин нэг эмгэнэлт явдал тохиолдсон нь дэлхийд алдартай Тур де Франс дугуйн уралдааны үеэр Том Симпсон хэмээх тамирчин хорвоог орхисон явдал байлаа.
1970 аад он гэхэд ихэнх спортын олон улсын холбоод өөрийн тэмцээнүүддээ допингийн шинжилгээ авдаг болов.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт