Монголын төрт ёсны түүхэнд өнгөний утга учир бэлгэдлийг эрхэмлэн дээдэлж ирсэн агаад “оройн дээд мөнх хөх тэнгэр, сүү шиг сэтгэлийн цагаан, амар амгалан итгэл найдварын ногоон, шашин эрдэмийг түгээгч - оюун ухаан гэрэл гэгээ, эд баялагийг урин дуудагч шар өнгө гэх мэтээр өнгөний зүсээр аливаа ажил үйлсийг бүтэхийн сайн сайхны бэлгэдэл болгон хэрэглэж ирсэний зэрэгцээ зарим өнгө зүсийг эд зүйлд хэрэглэхдээ бэлэгдлийг бодож хягаарлаж байв.
Тухайлбал Олноо өргөгдсөн арван тавдугаар онд Бүгд Ерөнхийлөн Захирах яамнаас, “шар өнгийг хамаа бус хэрэглэж буй зохисгүй явдлыг зогсоохыг түшмэл Балданцэрэнд тушаасан тухай нэгэн албан бичгийг тольдуулъя. Үүнд:
“......Харъяат хэсгийн түшмэл Балданцэрэнд тушаах учир нь: Зарлиг болсон нь: Ойрноос аливаа эмс охид зарлиг цааз зөрчиж шар өнгийн хувцас, хунар мөн өнгийн эдээр толгойгоо ороох зэргээр элдвийг хэрэглэх болсон нь цөөнгүй тул дахин цахилгаан ирүүлж эл явдлыг зогсоохыг хичээнгүйлэн дахин байцаавал урьд олон яамнаас тэрхүү зарлигийг даган аливаа эмс үүнээс өмнө шард багтах өнгө хэрэглэхийг цээрлэх дүрэм хэмжээ тогтоон зарласан нь цөөнгүй атал байнга зөрчин олон ялын хөнгөнд эрших явдал хэрээс хэтэрч учир утгагүй садрах явдал гарч байх тул харъяат түшмэд тэднийг дураар нь ийнхүү хэрэгжүүлэхийг байцаан журамлаж эс чадсан нь учир зүйд үл нийцэхийн дээр эн түрүүнд чухал газарт эл хэргийг сайтар нягтлан цээрлэл үйлдвэл зохих тул дээрхи зарлигийн дотор дахин цахилгаан ирүүлж дахин явуулсугай хэмээсэн нь Баруун хязгаарын сайдууд 4 аймгийн чуулган дарга жанжид Нийслэл Хүрээний Эрдэнэ Шанздуба, Хүрээн дэх баруун 2 аймгийн суурин жанжны гүн түшмэд, Нийслэл Хүрээ, Маймаа хот ба Улиастайн харъяатын хэлтэсийн түшмэд нарт нэгэн адил тушаан урьд одоо ч холбогдогчид олон учир байцаан шийтгэж холбогдогсдыг хэрхэвч хялбар аргаар өнгөрүүлэхгүйг урьдаас ухуулан тогтоох нь чухал хэмээн захиран шийтгэх яамнаа явуулсаныг хүрмэгц байцаан үзэж харъяат эрхлэн захирах түшмэд ардад ахин дахин ухуулан урьдаас хэрэгт ял шийтгүүлэн дагаж явуулъя. Үүнийг басхүү нөгөө дөрвөн яамнаа шашин төрд туслах сайдуудад тус бүр явуулан байцаан үзүүлж нэгэн адил хичээнгүйлэн журамлан дагаж явахад бэлтгэсүгэй,Үүний тул тушаав. Олноо өргөгдөсөний тавдугаар он” гэж бичжээ.
Энэхүү бичгээс үзэхэд бурхан ном, оюун ухаанаа дээдлэн сүсэлж шингээсэн “шар өнгө”-ийг хамаа бус хэрэглэхэд ихээхэн дургүйцэж олон яамдыг үүнд хичээн ажиллахыг анхааруулж, хэрэв шар өнгийг хамаа бус, дураар хэрэглэсэн аваас байцаан шийтгэхийг сануулж байжээ.
Аливаа эд зүйлийн өнгө зүсийг зохистой хэрэглэх журмыг олон яамд, газар сахин дагаж хэрэгжүүлж ирсэн агаад гурван жилийн дараа “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг”-т зохих ёсны заалтыг хуульчлан оруулж баталсан байна. Уг хууль зүйлийн 18 дугаар дэвтэр буюу “Ёслолын хууль дүрмээр ван гүнгүүдийн жинс,дээл дэвсгэр”-ийн талаар өгүүлсэн хэсэгт дурьдахдаа:
Нэгэн зүйл: Олон хан болвоос зуны цагт хилэн, өвөл болвоос бараан өнгө бөгөөд жинсэн суурийг алтаар үйлд. Оройд улаан эрдэнэ чулууны жинс тогтоо. Ёст дээл болвоос 5 хясаатай луу хэргэм хатгаж магнагийг шараас бусад өнгөөс дуртайг үзэж хэрэглэ” хэмээн хуульчлан тогтоожээ.
Хууль зүйлийн бичгээс үзэхэд эрдэм номын шар өнгийг мөн л хориглосон байх, уг өнгийг түгээмэл бус, тодорхой зааг хягаартай хэрэглэх утга учрыг агуулсан нь өнгөний бэлгэдэлээ эрхэмлэн бодсон боловуу.
Харин орчин цагт ард олон эд зүйл, хувцас хэрэглэлдээ олон зүйлийн өнгийг дуртайгаар хэрэглэж байгаа хэдий ч манай өнөөгийн төрийн түшээд төрийн ёслолд оролцох хүндэтгэлийн хувцасандаа шар өнгийн дээл хувцас хэрэглэж буй нь сүр хүч, цог заль, номын эрдмийг дээдэлж ирсэн дээдсийн өв уламжлалыг авч хэрэглэж олонд таниулж байгаа хэрэг бизээ.
ЛМСТ-ийн архивч Н.Цэцэгмаа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт