Эрүүл мэндийн салбарын өнөөгийн өнгө төрхийг 8 настай хүүхдээс 80 гарсан хөгшин ч төвөггүй хэлнэ. Нийслэлийн аль ч эмнэлгээр орсон шалаар нэг хөглөрсөн өвчтөн. Дээр нь эмч, ажилтнуудын хариуцлагагүй байдал гээд энэ салбарт болж бүтэж байгаа асуудал үгүй. Хамгийн сүүлд л гэхэд төрсөн эцэгтээ зодуулж амь тавин тарчилсан 4-хөн настай охиныг эцгийнх нь хүсэлтээр ямар ч эмчилгээ хийлгүй явуулсан төдийгүй хэдэн цагийн дараа хөөрхий охин амиа алдсан аймшигт хэрэг гарсан. Мөн харьяаллын бус нэрийдлээр хэдэн эмнэлэг дамжиж хөлсний машинд амь тавьсан гэх гомдол ч саяхны жишээ. Энэ мэт сонсоход ч сэтгэл хирдхийлгэм асуудал эрүүл мэндийн салбарыг тойрдоггүй. Эмч, эмнэлгийн ажилтнуудын хариуцлагыг өндөржүүлэх асуудал яах аргагүй тулгамдаж байгаа юм. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидог ч хариуцлагатай, ажилдаа эзэн болж байгаа энгийн ажилтнуудыг энд үгүйсгэх гээгүй юм. Гэхдээ бодлогын төвшинд салхи оруулах зайлшгүй шаардлага бий болжээ. Улс төрийн томилгоо хэдий ч салбараа мэддэг, ганц алхам ахиц дэвшлийг авчирна гэсэн сэтгэл эрүүл мэндийн салбарт үгүйлэгдэж байгаа нь үе үеийн төрийн нарийн бичгийн дарга нарын болчимгүй үйлдлээс харагдаж байна.
Өнөөдрийн байдлаар ЭМЯ-ны хоёр ч төрийн нарийн бичгийн дарга, холбогдох хүмүүст АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тодруулбал, төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл гэгч ЭМЯ-наас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт өөрийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр, мөн төрийн нарийн бичгийн дарга асан А.Эрдэнэтуяа Сонгинохайрхан дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн дарга байхдаа “Эрүүл хүүхдийн аяны санхүүжилт”-ийн мөнгийг дур мэдэн өөр зүйлд ашигласан, мөн “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн хөрөнгөөс 160 гаруй сая төгрөгийг авч юунд зарцуулсан нь тодорхойгүй зэрэг үндэслэлээр хууль хяналтын байгууллагуудын шалгалтад өртсөн юм. Эндээс Эрүүл мэндийн салбарыг урагшлуулах бус хувийн ашиг хонжоо хайсан этгээдүүд энэ яамыг онилдог юм биш байгаа гэж хардахаар байна.
Хамгийн сүүлийн ноцтой баримт гэвэл салбарын сайд Г.Шийлэгдамбын “хууль бус” гэж хэлж болох асуудал ил болж байна. Өөрөөр хэлбэл ээлжит төсөл завших булхай ЭМСЯ-нд илэрлээ. Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр Өмнөд хөршөөс хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр улсын эмнэлэгүүдэд цахим систем нэвтрүүлэх төсөл хэрэгжих болж Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНХАУ-ыг төлөөлж Хуавэй компани хамтран гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг яг жилийн өмнө эхлүүлсэн байдаг. Төсөлд оролцохоор тухайн үед 4-н компани материалаа хүргүүлсэн гэдэг. Сонгон шалгаруулах үйл ажиллагаа жил гарны дотор үргэлжилж хоёр компани тунаж, ажлын туршлага бусад үзүүлэлтээр нэгийг нь сонгоно гэдгээ Хятадын талын төслийг хариуцагч Хуавэй компани мэдэгджээ. Гэтэл 2015 он гарахад ЭМСЯ-нд шинэ сайд томилогдсон цаг хугацаатай давхцаж байдал өөрчлөгдсөн байна. “Метро Нетворк” гэгч компани замын дундаас гэнэт орж ирж давуу эрх эдлэхээр завдсан нь ЭМСЯ-ны сайд Г.Шийлэгдамбын ойрын компани болж таарав. Төслийн гүйцэтгэх ажлын хэсгийг Г.Шийлэгдамба сайд өөрийн талд шийдвэрлүүлэхээр яаман дээрээ ажлын хэсэг байгуулж “Захиалгат ажлын хэсэг” ээлжит хуралдаанаа хийж сайдынхаа ойрын компани болох “Метро Нетворк” ХХК-д гүйцэтгэгчийн ажлыг өгөхөөр болсон тухай эх сурвалж хэлж байгаа ч албан ёсоор зарлаагүй байна. Арын хаалганы “Метро Нетворк” ХХК-ийн тухайд 2011 онд байгуулагдсан программ хангамж боловсруулах чиглэлээр огт ажиллаж байгаагүй, туршлагагүй компани ба нэг ноцтой баримт нь ил болсон байна. Тус компани нь өмнө нь энэхүү программ хангамжийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхээр ажиллаж байсан ч энэ салбарын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй гэсэн шалтгаанаар өмнөх сайдын үед гэрээг цуцалж, дахин нэвтрүүлэхийг хориглосон “программ хангамж”-ийн нэрийг нь өөрчлөн дахин оруулж ирснийг ЭМСЯ-ны холбогдох ажилтнууд мэдсэн ч мэдээгүй царайлан салбарын сайддаа тал засч суугаа нь харамсалтай.
Бодит байдал ийм байхад эрхэм сайд Г.Шийлэгдамба ар өврийн хаалгаар тендер, төсөл цувчуулдаг дарга нарын буухиаг үргэлжлүүлэхээр зэхэж сууна. Эрүүл мэндийн яамыг хувийн ашиг хонжоо хайгчид зүглэдэг нь харамсалтай.
Н.Отгонбаатар
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт