
Содномдаржаа уулын энгэр, энэхүү бунханы дэргэд хийд баригдах юм
Иргэдийн мэдээллийн дагуу энэ оны 1 дүгээр сарын 27-нд цагдаа нар иргэн Э-гийн хашаандаа нууж байсан занданшуулсан цогцсыг хураан авч хэнийх, ямар учиртай болохыг нь тодруулахаар холбогдох байгууллагад хандсанаар 100 гаруй жилийн настай шүтээн бие олон нийтэд ил болсон. Улмаар цорж Санжжавынх болох нь тогтоогдсон уг шүтээнийг Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын энгэрт багш Гэсэр ламын хамт онголж тахиж байсан болох нь мэдэгдсэн билээ. Ингэснээр манай улсад Буриадын Итгэлт хамбаас ч урт настай хоёр шүтээн бие байдаг нь тодорхой болсон юм. Хулгайн гараар орсноос гэмтэж бэртсэн цорж Санжжавын занданшуулсан биеийг Гантантэгчинлэн хийдийн лам нар сэргээн засч дахин залахад бэлэн болгоод байгаа ажээ.
Үүнтэй зэрэгцэн хоёр хоногийн өмнө Засгийн газар нэгэн шийдвэр гаргасан нь тун ч цагаа олсон асуудал боллоо.
Монгол Улсын Засгийн газраас “Архангай аймгийн Цахир сумын нутаг, Содномдаржаа уулын өврөөс олдсон занданшуулсан шарилыг хамгаалах, сэргээн засварлах, орон нутагт нь буцаан байршуулж, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахад зориулж 164 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрсүгэй” гэсэн шийдвэр гаргаснаар Цахир сумын Содномдаржаа уулын өвөрт хоёр шүтээн биед зориулан хийд барих боломж бүрдлээ. Энэхүү хөрөнгөөр энэ оны 9 дүгээр сард босох хийдэд өвгөн Гэсэр лам, цорж Санжжавын шүтээн биеийг огшоосноор монгол хүн бүрийн очиж сүсэглэн дээдэлдэг ариун газар нэгээр нэмэгдэж байна.
Удахгүй босох хийдийн ойр орчмын тохижилтын ажилд зориулан Архангай аймгийн Орон нутгийг хөгжүүлэх сангаас 40 сая төгрөг гаргахаар болсон нь тун таатай. Ингэснээр Архангай аймгийн Цахир сум сүсэгтэн олон, гадны жуулчид цугладаг соёлын томоохон төв болох нь дамжиггүй. Гол нь монголчууд бид мухар сүсэгт хэт авталгүй шүтээнийг ёс жаягийнх нь дагуу зөв шүтэх чухал. Үүн дээр эрдэмтэн мэргэд, лам тэргүүтнүүд тухайн үед нь олон нийтэд мэдээлэл өгөх биз ээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт