ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үр хөндөлт тойрсон аймшиг

    Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр арвайн буудай тогтохтой адил хэмээн зүйрлэн хэлсэн байдаг. Ийм л ховор тавиланг онож ирж хүн болохоор эхийн хэвлийд бүрэлдсэн халуун амийг тасар татан хөнөөх нь хүний амь бүрэлгэсэнтэй дүйхүйц нүгэл гэлтэй. Цагтаа Монгол Улс үр хөндөлтийг хориглосон хуультай, зайлшгүй тохиолдолд эмч нараас зөвшөөрөл авч байж хийдэг журамтай орон байлаа. Ардчилал, өөрчлөлт шинэчлэл Монголыг нөмөрсөн 90-ээд оны дундуур хүний эрх нэрийн дор үр хөндөлтийг хориглосон хуулийг хүчингүй болгож чөлөөтэй болгосон. Тухайн үед чөлөөтэй болгох шалтгаан нь эмч нэр зүүсэн хувь хүмүүс нууцаар үр хөндөлт хийх явдал газар авч, үүний улмаас хэд хэдэн охид бүсгүйчүүд амиа алдсан тохиолдол гарсантай холбоотой юм. Эрүүл мэндийн салбар байтугай Монголын нийгэм тэр чигээрээ эмх замбараагүй, хариуцлагагүй болчихоод байсан тэр цаг үед охид, бүсгүйчүүдийнхээ амийг аврах гэж л авсан арга хэмжээ байлаа.

    Үр хөндөлтийг чөлөөтэй болгож, хувийн эмнэлгүүдэд хийх зөвшөөрөл олгосон ч харамсалтай нь өнөөдрийг хүртэл охид бүсгүйчүүд амиа алдах явдал тасарсангүй. Үр хөндөлттэй холбоотой тоо баримтыг та хараад нэгийг бодож, нөгөөг тунгаах биз ээ.

    Монгол Улсад үр хөндөх эрхтэй хувийн 24, улсын гурван эмнэлэг байна. Харамсалтай нь орон сууцны орц болгонд байрласан жижигхэн хувийн эмнэлэг болгон үр хөндөлт хийж байгаа нь нууц биш юм.

    • Албан ёсны бүртгэлтэй дээрх 27 эмнэлэгт 2013 онд 7258 эх үр хөндөлт хийлгүүлжээ.
    • 2014 онд 8740 эх үр хөндүүлжээ. Харин дээрх эмнэлэгт бус хувийн жижиг эмнэлгүүдэд хийлгэсэн үр хөндөлтийг нэмбэл энэ тоо хоёроос гурав дахин өснө.
    • 2013 онд 20 хүрээгүй насандаа 247 охид үр хөндөлт хийлгүүлжээ.
    • 2014 онд 20 хүрээгүй насандаа 432 охид үр хөндөлт хийлгүүлжээ. Тэдний дунд Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн сурагчид хүртэл байв.
    • 2013 онд үр хөндүүлсний дараах хүндрэлийн улмаас 5 бүсгүй амиа алджээ.
    • Үр хөндөлт хийлгэх үнэ 20-40.000 төгрөг байна.

    Ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн чиглэлийн тэр дундаа нөхөн үржихүйн, бэлгийн боловсролын хичээл дутуу дулимаг ордог, мэргэжлийн шаардлага хангадаггүй, эцэг эхийн хараа хяналт муу, садар самууныг өөгшүүлсэн үйл ажиллагааг зарим баар, ресторан, саун, зочид буудал явуулдаг зэрэг олон шалтгаануудаас үүдэн охид, бүсгүйчүүд маань хүсээгүй жирэмслэлтэд өртөж байна. Эцэст нь болсон болоогүй, чанартай чанаргүй хувийн эмнэлгүүдэд үр хөндүүлэх гэж, эм тариа авах гэж тэрбум орчим төгрөгийг ганцхан жилд зориулж байгаа юм. Зөвхөн үр хөндөлт хийдэг, түүгээр орлогождог ганц, хоёрхон хүнтэй хувийн эмнэлгүүд хүртэл байдаг ажээ. Энэ бүгдээс дүгнэхэд үр хөндөлт, түүнийг тойрсон бизнесийг цэгцлэх цаг болсон юм биш үү гэж холбогдох яамд, төр засгаас асуумаар байна.

    Үр хөндөлтийг эсэргүүцсэн хөшөө

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй