Өнгөрсөн дөрөвний өдрүүдэд Монгол орны хэд хэдэн аймгийг хамарсан их цас орж үзэгдэх орчин хязгаарлагдмал болж зарим газаар цасан ба шороон шуурга тавьсан. ОБЕГ-аас цасан шуурга болно хэмээн удаа дараа анхааруулсан ч 98 хүн цасанд өртөн сураггүй болоод байсны 95-ыг нь олжээ. Одоогоор Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт багийн нутаг “Шанд” гэдэг газраас ах Г-ынхаас мориндоо явна гэж гараад явсан иргэн О /25 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. Түүнийг сураггүй болсон дуудлагыг 4 дүгээр сарын 5-ны өдрийн 13:54 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газраас 8 албан хаагч, нэг автомашинтай, сумаас нь таван иргэн, нэг автомашинтай нийт 13 хүн, хоёр автомашинтай эрэн хайж байна.
Шуурганаас болж хоёр ч хүн амиа харамсалтайгаар алджээ. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Гуулин бригадын нутаг “Хулгар” гэдэг газар нутагладаг иргэн Э /26 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ нь 4 дүгээр сарын 4-ний өдрийн 12:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 15:35 цагт аймгийн ОБХ хүлээн авчээ. Ингээд орон нутгийн 10 иргэн, нэг автомашинтайгаар эрэн хайсны эцэст маргааш өдрийнх нь 08:00 цагийн үед гэрээсээ чанх ургаш 5 км-т “Дөхөм” гэдэг газар осгож нас барсан байсныг олсон байна.
Мөн Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт багийн нутаг “Буурлын хурлын хуа” хэмээх газар нутагладаг малчин Д /72 настай, эрэгтэй/ нь 4 дүгээр сарын 4-ний өдрийн 15:00 цагийн орчим хүүгийнхээ малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг тухайн өдрийн 18:50 цагт аймгийн ОБХ хүлээн авчээ. Улмаар орон нутгийн 21 иргэн, 2 автомашинтайгаар эрэн хайж байх явцад 4-ний өдрийн 20:00 цагийн үед хүү Г-ийндээ орж ирээд нас барсан золгүй явдал гарчээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт