Сирийн дайнаас дүрвэсэн Сэйд, Анас, Бади гэдэг гурван найз Туркэд танилцаж найз болцгоожээ. Тэд нэгэн зорилгын төлөө Грект уулзацгаав. Гэхдээ тэдний эцсийн цэг энд байсангүй. Цааш явахыг хүсч байсан. Туркэд үлдсэн гэр бүлээ орон гэртэй, идэх хоолтой нь залгуулахын тулд цааш хол явах хэрэгтэй байв. Тэдний зорилго бол Италид очих байсан юм. Гурван найзын нэг Сейд хүн итгэмээргүй хэцүү нөхцлийг даван туулж ирснээ дурджээ.
Тэд ачааны машины бензиний банкинд 24 цагийн турш чихэлдэж ирцгээсэн юм.
Хүн болгон та нар үхэх болно. Битгий л тэгж үзээрэй гэж хэлж байсан. Гэхдээ бид Афин хотод хоёр сар шалан дээр амьдарсан. Тэнд хийе гэсэн ч ажил олдохгүй, гуйя гэсэн ч таньдаг хүнгүй, нэг үгээр хэлэхэд амьд байх ямар ч аргагүй байсан. Цагдаа нар зүгээр явуулдаггүй, байнга бичиг баримт шалгана.
Тэнд байсан хууль бус зуучлагч хүмүүс, ихэнх нь Курд, Арабууд Европын улсууд руу онгоцоор, вагоноор, ачааны машины бензиний банкинд хийж гаргана гэж ярьцгаахыг сонссон юм.
Ачааны машины банк хамгийн аюултай нь байсан ч "Үхсэн ч бай амьд ч бай тэнд найдвартай очно" гэж тэд хэлж байлаа. Интернет кафе ажиллуулдаг Египет залуу Skype-аар аав ээжтэйгээ ярих араб хүүхдүүдийн яриаг байнга сонсдог байсан юм билээ. Тэгж байгаад тэр Франц, Итали явах жолооч олсноо бидэнд хэлсэн. "Италийн Милан хот явах нэг жолооч байгаа. Нэг хүний 5,000 евро төлөх ёстой" гэж санал болгосон.
Бади, Анас бид гурав Иракийн нэг танихгүй залуутай хамт таксигаар Афинаас гарч далайн эргээс холгүй Тессалоники гэдэг газрын ойролцоо агуулахад очлоо. Ачааны машин цоожтой агуулах дотор байсан учир хэн ч биднийг харах боломгүй байсан юм.
Жолооч биднийг явахаасаа өмнө ариун цэврийн өрөө ороорой гэж анхааруулж байлаа. Би маш их сандарч байсан.

Ачааны машин бензины хоёр банктай байдаг. Нэгийг нь огт ашиглахгүй байсан ч болно.
Бид дөрөв ачааны машины нэг талынх бензины банкинд чихэлдэж оронгуутаа л "Энд үхэх юм байна" гэж бодож эхэлцгээсэн. Бүгд амьд очоосой гэж бурханд залбирч байв. Жолооч машинаа асаагаад хөдөлж эхэллээ...
Тэнд маш халуун, дизелийн угаар үнэртэж байсан. Ачааны машин агуулахаас гараа ч үгүй байхад Анас машины банкийг цохиж "Бид үхэх нь байна" гэж хашгирч эхэллээ. Жолооч түүнийг сонсож машинаа зогсоогоод бидэн дээр ирэхэд Анас "Би олон хүүхэдтэй. Энд үхмээргүй байна" гэж хэллээ. Үнэхээр тэнд дөрвөн хүн чихэлдэж явах ямарч боломжгүй байсан юм. Бид ярилцаж жолоочид хүний 500 евро нэмж төлөөд, Ирак залууг үлдээхээр боллоо. Жолоочид алдангитай байсан ч дөрвөн хүний цогцос буулгаж байснаас ингэх нь дээр учир аргагүй эрхэнд зөвшөөрч бид гурав буцаж орцгоогоод хөдөллөө.
Цаг болоогүй байхад миний шээс тэсэхийн аргагүй хүрч сүүлдээ өвдөж эхэллээ. Бид яг л зуурсан гурил шиг л чихэлдсэн байсан. Тэнд резинэн шалавч дэввсэн байсан ч халуунд хайлаад нялцгай болжээ. Яг л нэг хар өнгөтэй шарах шүүгээнд суусан юм шиг л санагдаж байсан юм.
Бади, Анас хоёр тэдэнд байсан нэг жижигхэн пепси ундааны саванд ээлж ээлжээр бие засч байсан. Сав дүүрэхээр банкний нүхээр гадагш нь асгахыг оролдсон ч машин маш хурдтай явж байсан учраас хагас нь салхинд хийсээд дотогшоо буцаж цацагдаж байлаа.
Би бүр амь тэмцэж эхэлсэн. Найзуудынхаа дэргэд тэр саванд бие засах боломжгүй байсан юм. Өвдөлт маш хүчтэй болж би бараг л ухаан алдсан. Би өвдөлтөндөө дэмий орилохоос өөр зүйл хийж чадахгүй байлаа.
Хэсэг хугацааны дараа ачааны машин хурдаа хасч ус гатлах усан онгоцон дээр ирэх шиг боллоо. Мотор унтарсны дараа нам гүм болж хүмүүс биднийг мэдчих вий гэж чимээ гаргахгүй байхыг хичээж байлаа.
Би гар утсаа асааж Дийма, Рийма нэртэй 4 настай ихэр охид, эхнэрийнхээ зургийг үзэн, тэднийхээ төлөө энэ бүгдийг хийж байгаа, надгүйгээр тэд яаж амьдрах билээ гэж бодон тэсч байсан. Эхнэр минь жирэмсэн. Гарахаасаа өмнө бид эхо-д харуулж түүнийг охин болохыг мэдсэн байсан юм. Би "Бурхан минь надад бяцхан охиныг минь харах хувь заягаач" гэж залбирч байлаа. Удалгүй утасны цэнэг дуусаад унтарчихсан...

Дийма, Рийма хоёр
Эцэст нь мотор ахин асч бид хөдөлж эхэллээ. Аажуухан явсаар явсаар зогсох шиг болов. Гадаа "Buongiorno! Grazie! Prego! Grazie!" гэж хүн ярих нь сонсогдлоо. Тиймээ бид Италид ирчихсэн гэдгээ тэгэхэд мэдсэн юм. Энд ирчихсэн л бол ямар ч байсан биднийг Грек рүү буцаахгүй.
Тохирсны дагуу жолооч биднийг Миланд хүргэж өгөх ёстой тул цааш явлаа. Гэвч тэнд тэсэхийн аргагүй байсан учир бид машины банкыг цохиж "бууя" гэж хашгирч эхэллээ. Жолоочид сонсогдохгүй байсан тул машин зогсолгүй хөдөлсөөр л байлаа. Азаар Бадигийн утас цэнэгтэй байж жолооч руу залган хэлж зогсоолоо. Жолооч машинаа замаас гарган зогсоод банкаа салгаж газар буулгалаа. Бид хөлөө тэнийлгэж чадахгүй, мэдээгүй болсон байсан учир нэг нэгнийгээ гараараа татаж гаргахаас өөр аргагүй болжээ. Тэгэхэд үд болж байсан. Жолооч "Бид хэд бие биенээ хараагүй, танихгүй шүү" гэж хэлээд биднийг Италийн хаа нэг ойд үлдээгээд явлаа.
Бид өнхөрч, хөлөө чирэн замын доор байдаг бетон цооногт орон хөлөндөө мэдээ ортол удаан хэвтэж хүлээсэн. Би бие засахыг их хичээж байснаа санадаг.
Хайлсан хаймар нүүрэнд наалдаж халтар болсон бид гурав бие биерүүгээ хараад шоолж инээж байсан. Хувцсаараа нүүр амаа арчин, жижигхэн цүнхэнд байсан цэвэрхэн хувцас гарган сольж өмсөөд цааш явцгаалаа.
Үнэндээ хаашаа явахаа ч мэдэхгүй байсан. Бадигийн утас GPS-тэй байсан тул хамгийн ойр тосгон руу чиглээд алхацгаав.
Биднийг харсан хүн Грекүүд шиг цагдаад хэлээд баривчлуулах вий гэхээс болгоомжилж машин өнгөрөх тоолонд байгаль, орчныг харж сониучилж байгаа юм шиг жүжиглэн, тэдэнд уулнаас бууж ирсэн жуулчид шиг харагдахыг хичээж байв.
24 цагийн турш юу ч идээгүй болохоор өлсөж, ядарч байлаа. Тэднээс арай илүү цайвар арьстай, боловсролтой байсан учир тэд намайг урагш түлхэж таарсан хүмүүсээс тусламж хүслээ. Би эдийн засгийн сургууль төгсөж, англи хэлний мэдлэгтэй, явахаасаа өмнө хэрэгтэй итали үгнүүдийг цээжилсэн байсан юм.
Италичууд бид гурвыг маш найрсагаар хүлээн авсан юм. Биднийг ресторанд оруулж хоол идүүлэхийг хүссэн ч хаалттай байсан тул ойролцоо байсан нэгэн жижиг кафе орцгоосон. Тэнд ямар ч идэх юм байгаагүй. Зөөгч кофе, ус авчирч өглөө. Ус нь гаазтай байсан. Би өмнө нь хэзээ ч гаазтай ус ууж үзээгүй байсан учир их сонин санагдаж байлаа. Хар, гашуун кофе ууснаа тод санадаг. Дараа нь бид espresso кофе байсныг мэдэж "машины банкинд үхээгүй ч гэсэн тэр кофе биднийг алах дөхсөн шүү" гэж дурсан инээлддэг.
Сейд Анас, Бади нараас салж вагоноор Альпийн нурууг давж Австрийн Венад ирсэн.
Анас, Бади хоёр хуурамч бичиг баримт хийлгүүлэн Швед явцгаажээ.
Тэд бүгд цагаачид болцгоосон.
Сейд жилийн өмнө орхиж гарсан эхнэр, ихэр охид, өмнө хэзээ ч уулзаж байгаагүй шинэ хүүхэдтэйгээ Австрид уулзацгаажээ. Бага охин нь аавыгаа харж байгаагүй учир өөрөөс нь их айсан гэж тэр ярьжээ.

Сейд охидын хамт
Тэр энэ түүхээ BBC World-ийн Daniel Silas Adamson, Mamdouh Akbiek нарт ярьж өгсөн юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт