Монгол Улсын оюун санааны гуравдагч хөрш хэмээгддэг Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди манай оронд 5 дугаар сарын 18-19-нд айлчлах гэж байна. Тэрээр Азийн гурван улсад очих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тавдугаар сарын 14-нд БНХАУ-д ирснээр айлчлал эхлэх ажээ. Дараагаар нь Ерөнхий сайд Өмнөд Солонгост айлчлах юм байна.
Нарендра Моди гэж хэн бэ?
Шри Нарендра Моди нь Энэтхэгийн Гужарат мужийн хойд нутагт байх Ваднаре хэмээх жижигхэн хотын Мехсана дүүрэгт 1950 оны 9 дүгээр сард мэндэлжээ. Брахманы гэх дээд ангиас гаралтай тэрээр багаасаа л нинжин сэтгэл, өгөөмөр зан, эв нэгдэлтэй орчинд өсч хүмүүжсэн байна. Гэсэн хэдий ч өөрийгөө энгийн нэг цайны худалдаачны хүү гэж доод ангид хамааруулан 2014 оны сонгуулийн үер шуугиан тарьж байлаа. 1960-аад оны дундуур Энэтхэг, Пакистаны хооронд өрнөсөн дайны үед тэрээр сайн дурын цэрэг болж төмөр замын буудалд ажиллаж байсан гэдэг. Мөн 1967 онд Гужарат муж үерт автаж ихээхэн сүйрэл болоход нэрвэгдсэн хүмүүст чин сэтгэлээсээ тусалж явсан нь түүнийг хожим маш сайн зохион байгуулагч, нэр хүндтэй хүн болоход нь нөлөөлсөн юм. Тэрээр 1970-аад оны дундуур ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэж хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулж, өрнүүлсэн нь ихээхэн нэр хүндийг ард олны дунд авчирсан байдаг. Нарендра Моди 1987 онд Бхаратия Жаната намд элссэнээр улс төрийн замнал нь эхэлсэн гэдэг.
Тэрээр олон жилийн турш Пакистантай хил залгадаг Гужарат мужийг удирдаж ядуу бүс нутгаас эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй муж болгон хувиргасан юм. Тиймдээ ч энэ нэр хүндээрээ онгөрсөн жил болсон Энэтхэгийн парламентын сонгуульд Бхаратия Жаната намаа удирдан оролцож түүхэн ялалт байгуулсан байна. Сөрөг хүчин байсан түүний нам Энэтхэгийн парламентад 282 суудал авснаар олонхи болж улмаар тус улсын Ерөнхийлөгч Нарендра Моди-г Засгийн газрын тэргүүнээр томилон танхимаа бүрдүүлэхийг албан ёсоор хүссэн билээ.
Хэдий АНУ түүнийг Гужарат мужийн Пакистантай хил залгаа нутагт 2002 онд болсон үймээнээр 2000 орчим хүн амиа алдсан явдалд буруутган Америкт нэвтрэх хориг тавьж байсан ч Ерөнхий сайд болмогц нь үүнийгээ цуцалсан байдаг. Энэтхэг дэх Гандигийн эрин үеийг зогсоож, ялан гарч ирсэн Нарендра Моди нь өнөө цагт дэлхийн нөлөө бүхий улс төрч хэмээгдэж байна.
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт