ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Аврагчид өдөр бүр ой хээрийн түймэртэй тэмцэж байна

    Эх оронд минь хавар айлчлан ирэх жилийн жилд ой хээрийн түймэр хэмээх аюул нүүрлэдэг. Өчнөөн ухуулж, сэнхрүүлээд байхад л иргэд санаатай болон санамсаргүй түймэр тавьж улсад их хэмжээний эд материал, хөрөнгө санхүүгийн хохирол учруулж байна. Хамгийн сүүлд гэхэд л Дорнод аймагт дэгдсэн түймрийг унтраах гэж яваад нэгэн залуу автын осолд орон амь насаа алдаж, хоёр хүн хүнд бэртэн удахгүй мэс засалд орох гээд хүлээж байна.

    Онцгой байдлын ерөнхий газрын өнөөдөр /3 дугаар сарын 30/ өглөөний мэдээнээс харахад л таван аймгийн нутаг дэвсгэрт түймэр гарсныг онцгой байдлын албан хаагчид, аймаг нутгийн иргэд гээд өчнөөн олон хүний хүч хөдөлмөр, техник хэрэгсэл зарцуулан байж унтраажээ. Энэ хэрээр улсаас өчнөөн сая төгрөг урсаж буй нь ойлгомжтой. Тиймээс хаврын улирлын хамгийн салхи шуургатай, хуурайшилттай сар эхэлж буй энэ үед иргэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Таны болгоомжгүй хаясан тамхины ишнээс болж өчнөөн сая төгрөгийн хөрөнгө хэнд ч хэрэггүй утаа болон замхарч, магадгүй хэн нэгний халуун амь ч үрэгдэхийг үгүйсгэх аргагүй билээ.   

    3 дугаар сарын 30-ны өдрийн өглөөний мэдээ    

    • Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар баг Арын хоолой гэдэг/ сумаасаа зүүн хойшоо 45 км/ газарт хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б 2015.03.29-ний өдрийн 14:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч, нэг автомашинтай, АТА-иас 12 албан хаагч, нэг автомашинтай, сумаас 36 хүн, дөрвөн автомашинтай нийт 60 хүн, зургаан автомашинтай ажиллаж 2015.03.30-ны өдрийн өглөөний 06:45 цагийн мэдээгээр цурамд оруулж унтраахаар ажиллаж байна.
    • Архангай аймгийн Эрдэнэбулган сум 1 дүгээр баг Хавтгай /аймгийн баруун зүгт төвөөс 1.5 км/ модны энгэрт 2-3 хэсэг газар хээрийн түймэр гарч байна гэж иргэн Н утсаар мэдэгдсэнийг 2015.03.29-ний өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс 11 албан хаагч, хоёр автомашинтай, сум орон нутгаас 12 хүн, нэг автомашинтай нийт-23 хүн, гурван автомашинтай ажиллаж 18:50 цагт цурамд оруулж 20:00 цагт бүрэн унтраасан. Уг хээрийн түймэр нь 1 га газрыг хамарсан. Гал алдаж түймэр гаргасан иргэн З /25 настай, эрэгтэй/ байжээ.
    • Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Шувуут” гэдэг /сумаас баруун хойд зүгт 30 км-т/ газар хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 2015.03.29-ний өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас хоёр албан хаагч, Дадал сумаас 68 хүн, найман автомашин, ХЦ-ийн 0287 дугаар ангиас 44 хүн, таван автомашин нийт 114 хүн, 13 автомашинтай ажиллаж 18:50 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын орлогч Б-д хүлээлгэн өгсөн. Түймрийг унтраасан тул Аврах тусгай ангийн 11 албан хаагчийг замаас нь буцаажээ.
    • Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн нутаг “Бор булан” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 22 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.27-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 20 албан хаагч, хоёр автомашин, орон нутгийн 17 иргэн, хоёр автомашин, Төв аймгийн Онцгой байдлын газраас 14 албан хаагч, хоёр автомашин, Төв аймгийн Заамар сумаас 13 хүн, хоёр автомашин, нийт 64 хүн, найман техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.03.28-ны өдрийн 18:16 цагт цурамд оруулж 2015.03.29-ний өдрийн 08:30 цагт бүрэн унтраасан гэж 09:30 цагт илтгэжээ.
    • Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багийн нутаг “Ногоон морин” гэдэг газар /сумаас зүүн өмнө зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.28-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч сум орон нутгаас 25 хүн, нэг автомашинтайгаар ажиллаж 2015.03.29-ний өдрийн 09:30 цагт бүрэн унтраасан байна.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй