Хүүхэд төрүүлэх, эх хүн болох нь эмэгтэй хүн болж хорвоод ирсний утга учир гэж хэлж болно. Хүүхэд төрүүлэх үйл явц, хүндрэл бэрхшээл бас аз жаргалын талаар хангалттай мэдээлэл бий. Харин энэ удаад тэр бүр эмч мэргэжилтнүүдийн ярьдаггүй сэдвийг та бүхэнд дэлгэж байна.

Хүүхэд төрсөнөө зарлаж уйлсан л бол төрөлт дуусчихлаа гэж бодвол эндүүрэл. Үүний дараа эхэс ховхрох ёстой бөгөөд энэ нь төрөлтийн бас нэгэн үндсэн хэсэг.
Хөл хүнд эхчүүд төрөх хугацаа дөхөх тусам хоног тоолон хүлээдэг. Тэгвэл судалгаагаар эхчүүдийн дөнгөж 5 хувь нь эмчийн товлосон өдөр төрдөг байна. Тиймээс шинэ хүн чинь товлосон өдрөөс чинь оройтож хүлээлгэвэл санаа зовох зүйлгүй юм.
Нугасаар мэдээ алдуулах тариагаар олон оронд эхийн төрөх үеийн өвдөлтийг зохицуулдаг ч үүнийг хийлгэснээр өвдөлтийг бүрэн мэдрэхгүй гэж ойлгож болохгүй. Учир нь энэ арга хүн бүрт өөр өөрөөр нөлөөлдөг. Зарим эмэгтэй хөлөө огт мэдрэхгүй байхад зарим нь хөлөө, бөгсөн биеэ өргөж ч чадна. Мөн зарим хүнд хэвлий хэсгээр мэдээ алдагдах нь бий. Тиймээс мэдээ алдуудсан ч зовиур хэвээр байвал эмчдээ энэ талаар хэлээрэй.
Нугасаар мэдээ алдуудалт хийлгэх бол хоол идэхгүй байхыг эмнэлгээс шаардах нь бий. Гэвч төрөлт гэдэг мэдээ алдуулалт хийлгэсэн эсэхээс үл хамаарч эх хүнээс маш их тамир тэнхээ, тэвчээр шаарддаг тул та эмнэлэг рүү очихоос өмнө заавал хооллоорой. Хоосон ходоод таныг улам л ядраана.
Төрөлтийн үед дүлэхэд зарим ээж өтгөнөө гадагшлуулах тохиолдол гардаг. Эхчүүд үүнээс маш их санаа зовдог. Гэвч танд хэрэв ийм зүйл тохиолдвол тэгтэл ичих хэрэггүй. Мэдээж ийм байдалд орсон анхны хүн та биш бөгөөд асрагчид ч өмнө нь ийм тохиолдлуудтай олон таарсан байгаа.
Төрөөд удаагүй нярайгийн чинь арьс цайвар бүрхүүлтэй тэр нь энд тэндээсээ гуужиж эхэлвэл бүү санаа зов. Энэ нь бүрхүүл хүүхэд төрөхөөс 40 долоо хоногийн өмнө ургийн арьсыг саванд байх үед хамгаалах зорилгоор бий болдог юм.
Шинэ хүн чинь хэтэрхий үсэрхэг харагдаад байна уу. Чихэндээ, гар, нуруундаа үстэй бол бүү санаа зов. Цаг нь болохоор энэ үс өөрөө аяндаа гуужна.
Хэрэв та байгалийн жамаараа төрсөн бол хүүхдийн толгой төрөх замд шахагдсаны улмаас бага зэрэг арагшаа сунасан мэт хэлбэртэй болно. Төрөх үед хүчээр татаж, багаж ашигласан бол толгойн хэлбэрт бүр ч илүү өөрчлөлт ордог. Гэхдээ энэ нь багадаа 24 цаг цаашлаад хэдэн долоо хоногийн дотор хэвэндээ орох болно.
Массаж хийлгэх нь хамгийн таатай зүйлийн нэг гэж та боддог уу. Тэгвэл энэ бодлыг чинь цус алдахаас сэргийлж сав агшаах зорилгоор хийдэг массаж үгүй хийх болно. Энэ массаж таны амьдралдаа хийлгэсэн хамгийн өвдөлттэй массаж байх болно шүү.
Гэртээ гарсны дараа ч олон хоногоор доошоо цус гарсаар байна. Тэгвэл удаан хугацаагаар ариун цэврийн хэрэглэл хэрэглэхээс залхсан шинэ ээжүүдэд сонсгох нэг таатай мэдээ байна. Тэр нь ийм үед өмсөх зориулалтын дотуур хувцас бөгөөд сүүлийн үед барууны оронд эхчүүд ийм хувцас сонгох болжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт