Одоогоос 34 жилийн тэртээ 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Монгол хүн анх сансарт ниссэн билээ. Тэгвэл энэ өдрөөс дөрөв хоногийн өмнө буюу 3 дугаар сарын 18-ны өдөр сансрын нисгэгчдийн хувьд түүхэн тэмдэглэлт өдөр болж өнгөрсөн байдаг. Энэ өдөр анх удаа задгай сансарт хүн хөл тавьжээ. Энэ хүн бол тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улс одоогийн ОХУ-ын сансрын нисгэгч Алексей Архипович Леонов байсан юм. Задгай сансрыг эзэгнэсэн олон арван үйл явдал дундаас анхдагч хэмээх нэрийг зүүсэн сансрын нисгэгчдийг танилцуулъя.
1965 оны 3 дугаар сарын 18-ны энэ өдөр "Восход-2" хөлгөөр хөөрсөн сансрын нисгэгч Алексей Леонов хүн төрөлхтний түүхэнд анх удаа задгай сансарт гарсан юм. Тухайн цаг мөчид "Восход-2" хөлгийн багийн ахлагч Павел Беляев эх дэлхий рүү “Анхаараарай, Задгай сансарт хүн гарлаа” хэмээн мэдэгдсэн билээ.
Задгай сансарт гарсан хоёр дахь хүн бол Америкийн сансрын нисгэгч Эдвард Уайт юм.
НАСА-гийн сансрын нисгэгч Альфред Уорден гариг хооронд нсэх замд задгай сансарт гарсан анхны хүн болжээ. 1971 онд "Apollo 15" хөлөг сарнаас дэлхий рүү буцах замд тойрог замын зургийг буулгасан хуурцаг авахаар тэрээр гарсан юм. Өөрөөр хэлбэл сар, дэлхийн татах хүч байхгүй хоосон орон зайд тэрээр задгай сансарт гарчээ.
1984 оны 2 дугаар сарын 7-ны энэ өдөр америкийн сансрын нисгэгч Брюс Маккэндлесс задгай сансарт анх удаа ямар ч холбоосгүй гарсан юм. Тэрээр сансрын хөлөгтэй ямар ч холбогч утсаар холбогдолгүй сансрын хоосон орон зайд ганцаар жингүйдэн алхсан юм. Тэрээр тийрэлтэт хөдөлгүүртэй өөрөө жолоодогчийг (Manned Maneuvering Unit) сансарт туршсан юм.
Задгай сансарт гарсан анхны эмэгтэй бол ЗХУ-ын сансрын нисгэгч Светлана Савицкая юм. Тэрээр задгай сансарт 3 цаг 35 минутын турш ажилласан билээ.
Задгай сансарт гарсан Америкийн анхны эмэгтэй сансрын нисгэгч бол Кэтрин Салливан юм.
Америкийн эмэгтэй сансрын нисгэгч Сьюзан Хелмс задгай сансарт хамгийн удаан байсан хүн юм. Тэрээр 2001 оны 3 дугаар сарын 11-ний өдөр задгай сансарт 8 цаг 53 минутын турш ажилласан билээ.
Европын орнуудын сансрын нисгэгчдээс анх удаа задгай сансарт гарсан хүн бол Францын сансрын нисгэгч Жан-Лу Кретьен юм. Тэрээр 1988 онд сансрын “Мир” станц дээр ажиллах үедээ задгай сансарт гарчээ. Зураг дээр задгай сансрын үеийн бэлтгэл хийж байна.
Задгай сансарт хамгийн олон цаг байсан дээд амжилтыг ОХУ-ын сансрын нисгэгч Анатоли Соловьев эзэмшдэг. Тэрээр задгай сансарт 16 удаа гарахдаа нийт 82 цаг 22 минут байжээ.
Задгай сансарт гарсан анхны ази хүн бол БНХАУ-ын сансрын нисгэгч Чжай Чжиган юм. Тэрээр «Шэньчжоу-7» хөлгөөр 2008 оны 9 дүгээр сарын 27-нд хөөрч задгай сансарт 21 минут болжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт