Д.Дагвадорж аваргыг эхнэрээсээ бүрмөсөн салж хоёр дахь амьдралаа зохиох гэж буй тухай мэдээлэл өнөөдөр хэвлэл, цахим хуудсуудаар гал мэт тарсан. Түүнийг ЭМШУИС-д багшилдаг Лагшми гэх бүсгүйтэй үерхэн, дотносох болсон тухай дээрх мэдээлэлд аварга нүүр номоороо дамжуулж дараахь хариуг өгчээ.

- Надтай холбоотой мэдээлэл гарсан байна. Би үүнд хариулт өгье. Тамир бид 2 сайхан охин, хүүтэй. Хагарсан шилийг эвлүүлж болдоггүйн адил буцааж эвлүүлэх гэж их хичээсэн, зүтгэсэн. Мэдээж би бурууг өөрөөсөө хайсан. Миний амьдрал хат их ачаалалтай өөр хот болон тойргийн барилдаан гээд жилийн талыг нь гэр орондоо байдаггүй! Эмэгтэй хүнийг халамж хайраар дутаасан зүйл байгаа болов уу. Чадах чинээгээрээ хүссэн зүйлийг нь авч өгч сэтгэлээ хуурдаг байсан байх. Хүний дотоод сэтгэлийг баярлуулж чадахгүйгээс хойш... Тамир маань сайхан бүсгүй, сайн ээж юм шүү. Бид 2 сайн ярилцсаны үндсэн дээр тусдаа амьдарч байгаа нь үнэн. Хэдий тусдаа байгаа ч гэр орноороо орж гарч хүү охиндоо сайн аавын үүргээ биелүүлж яваа гэдгээ хэлмээр байна. Тэрнээс биш энд тэнд хаяад явдаг бусадтай зүйрлүүлж болохгүй болов уу. Цагийн эрхээр цэл залуу нас минь өнгөрч аливаад буурь заах нас минь ирээд байна. Юмыг учирлаж тунгааж бодох нас. Хийж бүтээх нас. Хүн хэдий ганцаар явах тусам улам зожиг болж бор дарсны амсар зуух ойрхон болдогийг өнгөрсөн цаг хугацаан дээр харлаа. Ингэж явж хэрхэвч болохгүй. Би өөртөө цэг тавьсан. Дахиад гэдэг үг байхгүй болж байгаа мэт. Олон түмний хайр хишгийг даахгүй ингэж явах ч дээ гэсэн өөртөө гутарсан олон өдрүүд байсаан. Би одоо л Асашёорюү гэдэг брэндийг авч хаяж Дагвадорж гэсэн аав ээждээ хайртай хүү нь болохгүй бол болохоо байж байгааг ухаарсан. Олонд нэртэй хүнийг сайлах муулахыг алийг тэр гэхэв. Хорвоо дэлхий чинь бие биенээ мэрж амьдардгаас хойш. Бидний монголчууд тэр тусмаа цөөхүүлээ ховын яриа талын түймэр мэт.... Би амьдралаа дахиад шинээр эхлүүлэх талаар нэлээд бодсон. Харин яаж? Ганцаар явах! Аль эсвэл... гэдэг асуулт гарсан. Сайн хүний үрийг хайрлаад үүргээ ухамсарлаад явах ухаан хэрэгтэй гэдгийг машид тунгаан бодох хэрэгтэй. Надад бодох цаг хугацаа их байна...
- 2015.03.20 Токио Impreal hotel