ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Гүтгэх” гэсэн халхавчин дор хорьж цагдахыг эсэргүүцнэ

    Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн бариад байгаа билээ. Өмнөх Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн өргөн барьсан энэхүү хуулийн төслийг шинээр томилогдсон сайд Д.Дорлигжав татаж зарим нэг заалтыг өөрчлөн ийнхүү өргөн барьжээ. Энэхүү хуулийн төсөлд сэтгүүлчдийг хорих шалтгаан болдог заалтыг эргүүлэн суулгаж өгсөн нь хэвлэлийн эрх чөлөөг боомилох, сэтгүүлчдийг дарамтлах, үг хэлэх эрхэнд нь халдсан үйлдэл болсон хэмээн сэтгүүл зүйн профессор Г.Өнөрбаяр үзэж сэтгүүлчдийг “Эрх чөлөөний хоригдол байж болохгүй” гэсэн санаачилганд нэгдэхийг уриалжээ.

    Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн боловсруулсан төсөлд “гүтгэх” гэдгийг гэмт хэрэг бус зөрчил хэмээн тусгасан байсан бол шинэ хуулиар үүнийг эрүүгийн гэмт хэрэг гэж томьёолжээ. Ингэснээр хэн нэгнийг гүтгэсэн тохиолдолд тэр этгээд ял авч шоронд хоригдох болж байгаа юм. Өнөө үед “Намайг гүтгэлээ, миний нэр хүндэд халдлаа” хэмээх гомдлыг голцуу улс төрчид, төрийн албаны дээд, дунд шатны дарга нар, олны танил хүмүүс гаргадаг нь нэгэнт тодорхой, ил болчихсон асуудал. Сүүлийн үед энэ төрлийн гомдол шүүх, цагдаад ирэх нь харин ч багассан нь Монголд иргэний, хариуцлагатай сэтгүүл зүй улам хэлбэршин тогтож буйг харуулж буй хэрэг юм. Ийм байхад “гүтгэх” нь эрүүгийн гэмт хэрэг мөн гэсэн заалтыг нэмж оруулж ирсэн нь сэтгүүлчдийн амыг барих гэсэн, өөрсдийгөө шүүмжлэлээс хамгаалах гэсэн улс төрчдийн санаархал гэж үзэхээс аргагүй. Ардчилсан нийгэмд хэнд ч хардах эрх бий. Ялангуяа УИХ-ын гишүүн, сайдын суудлын төлөө үхэн хатан зүтгэх улс төрчдийг төрийн мөнгөнөөс хумсалж байна уу, хувьдаа улсын тендерийг завшиж байна уу, өөрийнхөө эрхэлдэг бизнест зориулсан хууль баталж байна уу, офшор данс нээж хууль бусаар мөнгө угааж байна уу гээд өч төчнөөн асуудалд хардах эрх ард түмэнд нээлттэй бий.

    Харамсалтай нь иргэд, тэдний дуу хоолой болсон сэтгүүлчид хардах эрхээ эдлэн түүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлэх энэ үйлдлийг “гүтгэх” гэсэн нэрээр халхавчлан зогсоож, ам барих гэсэн хөгийн санаархал улс төрчдийн цээжинд дүрэлзэх болжээ. Хүний эрх чөлөө хамгийн их зөрчигддөг Африк тивийн хэдхэн улсад л “гүтгэх” бол гэмт хэрэг гэж үзэн насаар нь хорих ял хүртэл оноодог аж. Манай хойд хөрш ОХУ-д нэр хүндэд нь халдах буюу “гүтгэх” хэмээх хэрэг бусад улс оронтой харьцуулахад маш их гардаг ч энэ асуудлыг эрүүгийн бус иргэний хэргээр шийдээд явчихдаг. АНУ, барууны гэгдэх орнуудад алдар хүндэд нь халдсан хэмээх асуудалд ихэнхдээ тайлбар өгөөд, хариу мэдэгдэл хийгээд зохицуулчихдаг. Гэтэл ардчилсан замналаар Монгол Улс 25 жил явж өдийг хүрээд байхад, энэхүү ардчилал, хүний эрхийг дээдэлсэн улсыг байгуулах гэж гар бие оролцож явсан Хууль зүйн сайд нь өөрөө сэтгүүлчдийг барьж, хорьдог заалтыг эргүүлэн оруулж ирж байгаа нь үнэхээр ардчилагч хүн мөн үү гэж эргэлзэхэд хүргэж байна.

    Энэхүү заалтыг эргүүлж оруулах болсон талаараа Д.Дорлигжав сайд удахгүй олон нийтэд хандан “зөв, зүйтэй” зүйл ярьж тайлбар өгөх байх. Хүний эрх чөлөөг хамгаалах гэж энэ заалтыг эргүүлж орууллаа. Дурын хэнбэ гуай ч сошиал ертөнцөөр дургүйг нь хүргэсэн нэгнийг гүтгэж нэр төрд нь халдаж байна гээд “хэрэгтэй” зүйл ярина. Гэхдээ гүтгүүллээ гээд сүржигнээд, гомдоллоод байгаа тэр нөхөд нь дандаа төрийн албаны зөөлөн суудалд шигдсэн, ард түмний татварын мөнгөөр цалинждаг эрхэмүүд байдаг гэдгийг нүдээ нээгээд анзаарчих хэрэгтэй. Түүнээс бус долоон буудалд амьдрах иргэн Дорж нэр төрд маань халдлаа гээд сүйд болоод байгаа зүйл үгүй шүү.

    Эцэст нь хэлэхэд сэтгүүлчдийг барьж хорьсноор хэвлэлийн эрх чөлөө боомилогдож, ард түмэн, жирийн иргэдийн үнэн бодит мэдээлэл олж авах, сонсох, мэдэх эрх нь хумигдан тэр хэрээр эрх мэдэлтнүүдийн дарангуйлал улам лавширч, нийгмийн хөгжилд тушаа болдог.   

    Б.Гарьд   

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй