ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сталины үхэлд хэн буруутай вэ

    Гүрж гуталчны хүү болж мэндэлсэн түүнийг ЗХУ-ын удирдагч болж, тус улсыг 30 жил удирдана чинээ хэн ч төсөөлөөгүй байсан биз. Сталин 1899 оноос улс төрийн үйл хэрэгт оролцох болсон бөгөөд зургаан ч удаа цөллөгт явуулахад зүсээ хувиргаж эсвэл хуурамч бичиг баримт үйлдэн эргэн ирсээр байсан дайчин нэгэн байсан юм. Тэрээр В.И.Ленинтэй хамтран Большевик намыг удирдан, 1917 оноос эхлэн ЗХУ–ын үйл хэрэгт идэвхийлэн оролцох болжээ. Ленинийг нас барсны дараа төрийн эрхийг барихын төлөө тэмцэн, өрсөлдөгчдөө янз бүрийн аргаар замаасаа нэг болон хэсгээр нь зайлуулсан. Ингээд 1936-1938 оны Их Цэвэрлэгээний үеэр Сталинтай эн зэрэгцэх хүн Зөвлөлтөд үгүй болж, Сталин хязгааргүй эрх мэдлийг ганцаараа эзэмшсэн юм. Энэ үед Монгол Улсад ч гэсэн их улс төрийн хэлмэгдүүлэлт болж томоохон сэхээтнүүдээ хэлмэгдүүлсэн билээ.

    Түүхийн хуудас сөхвөл маш цөөхөн хүнд л байсан эрх мэдлийг ганцаараа олсон тэрээр хүн төрөлхтний өмнө байгаагүй том нийгмийн туршилт, өөрчлөлтүүдийг хийсэн. Орос орныг тариачдын орноос аж үйлдвэржсэн улс болгох ажлыг хүн хүч, цэрэг цагдаа, 5 жилийн төлөвлөгөөгөөр далайлган хэрэгжүүлсэн. Мөн янз бүрийн угсаатан, ард түмнүүдийг төрөлх нутгаас нь зуу зуун мянга, саяар нь нүүлгэн шилжүүлж, сая, сая хүний юу идэх, юу идэхгүйг ганцаараа шийдэж байсан агуу удирдагч нөгөөтэйгүүр хүчирхэг, сүрдэм дарангуйлагч байсан юм.

    Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-ыг ялахад Сталины гүйцэтгэсэн үүрэг хэмжээлшгүй гэгддэг ч, судлаачид Сталины дэглэмийн улмаас 4-10 сая гаруй зөвлөлтийн иргэн нас барсан гэж тооцоолдог юм. Зарим судлаачид өлсгөлөнгийн үеэрх үхлийг  тооцвол үүнээс илүү том тоо гарна гэдэг. Зөвхөн 1932-1933 оны өлсгөлөнгийн үеэр 6 орчим сая хүн нас барсан ба 1.5 сая хүнийг цаазаар авч, шоронд 5 сая хүн нас барсан гэх гашуун тоо  бий. Мөн  7.5 сая хүнийг цөлж, нүүлгэн шилжүүлэх үеэр 1.5 сая орчим хүн үрэгдсэн гэдэг.

    Ингэж тооцоолбол 15 сая орчим хүн Сталины дэглэмийн золиос, хохирогч болжээ.

    Түүний үхлийн талаар өнөөг хүртэл маргадаг.  Зарим эх сурвалж түүнийг зүрхний шигдээсээр, эсвэл харвалт өгч нас барсан гэдэг бол зарим нь хорлогдсон, тэр дундаа дотны хүмүүстээ хорлогдож нас барсан гэдэг байна. Тэрээр 1953 оны 3 дугаар сарын 5-ны оройн 9 цаг 50 минутанд 73 насандаа таалал төгссөн билээ. Түүний үхэлд Сталины ойрын туслах, нууц албаны дарга Лаврантий Бериг буруутгах хүн олон байдаг. Сталин өөд болохоос хоёр өдрийн өмнө удирдагчийн ойр дотны хүмүүсийн «дөрвөл» болох Дотоод явдлын яамны сайд Берия, Батлан хамгаалах яамны сайд Николай Булганин, Сайд нарын Зөвлөлийн даргын орлогч Георгий Маленков болон Москва хотын бөгөөд мужийн Намын Хорооны дарга Никита Хрущев нартай өглөөний дөрвөн цаг хүртэл Сталины Ближняя зуслангийн байранд сууж ярилцсан байна.

    Сайд нарын Зөвлөлийн даргын орлогч Георгий Маленков, Дотоод явдлын яамны сайд Л.Берия

    Берия, Лаврентий Павлович

    Зочид явах үеэр Берия хамгаалалтын ажилтан томилоод удирдагчид саад болохгүй байх тушаал өгчээ. Дараагийн өдөр нь оройн 18 цаг хүртэл удирдагчийн өрөөний хөшигний цаана хачин нам жим байв. Сталин сэрэнгүүтээ хамгаалагчдаа дуудаж сонин авчруулдаг байсан ч энэ удаад тэгсэнгүй. Гэтэл 18 цаг 30 минутанд Иосиф Виссарионовичийн өрөөнд гэрэл гялсхийлээ. Хамгаалагч нар ч тайвшран, гүнзгий амьсгалан утасдахыг нь хүлээсэн боловч таг чимээгүй хэвээр байлаа. Хамгаалалтынханд энэ бүхэн нэг л ер бусын санагдсан ч яах учраа мэдэхгүй тээнэгэлзсэн хэвээр байв. 22 цагт байшинд мөн л нам гүм байдал ноёрхсоор байсан тул аргаа ядсан хамгаалагчид байшинд ортол Сталин галын өрөөндөө унтлагынхаа хувцастай шалан дээр тэрийгээд хэвтэж байжээ. Тухайн үед Сталин ямар нэг юм хэлэхийг оролдон, дуу авиа гаргаж өөрийн ухаантайгаа байсан байна.

    Ингээд балмагдсан хамгаалагч Берия руу залгахад Берия, Сайд нарын орлогч Маленьков нар шөнийн гурван цагт нэлээд халамцуу ирсэн бөгөөд ирэхдээ хамгаалагчдыг удирдагч унтаж байхад та нар садаа боллоо хэмээн загнаад буцсан гэдэг. Өглөө 9 цагийн дуудлагаар Берия сая л нэг юм эмч сувилагч авчирч арга хэмжээ авсан боловч нэгэнт оройтсон байжээ.

    Сталин нэгэнт ямар ч хөдөлгөөнгүй, нүд нь хөдлөн, үе үе сонин авиа гаргаж байсан аж. Тэр үнэхээр ямар нэг зүйл хэлэх чадахгүй байгаа нь илт байсан бөгөөд нүднийх нь харц нь аймшигтай догшин байсан гэдэг. Түүнийг эмч нар тархины цус харвалт болсон гэж дүгнэсэн ч Оросууд өнөөг хүртэл Берияг үхэлд нь буруутгасаар ирсэн бөгөөд ямар ч баримт олдоогүй билээ.

    Сталин гэнэт муудаж эхлэнгүүт Берия Кремлийг зорин хэдэн цагаар алга болсон байна. Сталины гэрээслэл олдоогүй нь ч үүнтэй холбоотой. Гэрээслэл нууц баримт бичгүүдийг бүгдийг нь Берия устгасан аж.

    Берия Сталины өвчний тухай Засгийн газрын мэдээллийг бэлэн болгон, түүний өвчний явцын талаарх мэдээ хэвлэхийг шаардсан аж. Жолоодогчийн өвчний тухай эхний мэдээлэлд Сталин өөрийн Москва дахь гэрт харвалт өгсөн бөгөөд энэ нь нэг дэх өдрийн өглөө эрт болсон гэж өгүүлсэн байлаа. Гэтэл Сталин ням гаригийн үдэш харвалт өгчээ. Берия төрийн эрхэнд гарахыг хүссэн нь нуух аргагүй байлаа. Гэсэн ч түүнийг удирдагч нас барсны дараахан баривчлан,  буудан хөнөөсөн билээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй