ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нас хэвийсэн хойно компаниа байгуулж алдаршсан эрхэмүүд

    McDonald’s компанийг үүсгэн байгуулагч Рэй Крок

    Тэрээр 52 жил цаасан аяга худалджээ

    “McDonald’s”-ийг үүсгэн байгуулагч Рэй Крок дурсамжиндаа ийнхүү бичсэн байдаг. Тэрээр “1954 онд би 52 нас хүрлээ. Эмч намайг диабет, артриттай хэмээн оношилж энэ өвчнөөр би шаналж байв. Дээр нь цөсний хүүдийгээ хайчлуулж, бамбай булчирхай минь томорч ирээдүйд итгэх итгэл алга болчихоод байсан” гэжээ. Энэ үедээ Рэй Крок ах дүү МакДональдс нартай танилцжээ.

    Тэрээр тэднээс “McDonald’s”-ийн лицензийг байдаг мөнгөө шавхан 15 мянган доллараар худалдан авсан байна. Харамсалтай нь шинээр байгуулагдсан “McDonald’s” компанид нь банк зээл өгөхөөс татгалзав. Гэвч тэрээр шаргуу хөөцөлдсөний эцэст байр, даатгалаа барьцаалан зээл авч чадсан юм. Тэрхүү 1952 оноос хойш Рэй Крок 30 жил амьдарч 600 сая долларын хөрөнгөтэй болж чадсан билээ.   

    KFC компанийг үүсгэн байгуулагч Харланд Дэвид /Хурандаа/ Сандерс

    Тэрээр 40 хүртлээ олон арван ажил сольжээ

    Харланд Дэвид Сандерсын хувь тавилан тун сонин. Тэрээр балчир насандаа эцгээ алдаж, 6-р ангиа төгсөлгүй сургуулиа орхиж, 12 настайдаа ажил хийхээр гэрээсээ явж байсан гэдэг. 40 хүртлээ зарлага, борлуулагч, туслах ажилчин зэрэг хэдэн арван ажил хийсний эцэст сая нэг Кентукки мужид зам дагуу авто засварын жижигхэн газар нээсэн байна. Харин түүнийг засварын газар нь бус жолооч, аялагч нарт үйлчилдэг бяцхан цайны газар нь алдаршуулж, хангалуун амьдралыг бэлэглэсэн юм. Энэ цайны газрын гал тогоонд ирээдүйн түргэн хоолны сүлжээ болох шарсан тахиагаар үйлчилдэг KFC мэндэлсэн билээ. Хожим 1960-аад оны дундуур Хурандаа Сандерс KFC компаниа хоёр сая.ам доллараар зарж хүндэт ерөнхийлөгчөөр сарын 250.000 мянган ам.доллараар ажиллах гэрээ байгуулсан түүхтэй. Тэрээр 90 насалж 1980 онд бурхан болсон билээ.  

    “Zara” брэндийн эзэн Амансио Ортега

    Тэрээр 37 хүртлээ дэлгүүрт туслахаар ажиллажээ

    Zara-г үндэслэгч Амансио Ортега 1938 оны гуравдугаар сарын 28-нд Испанид төмөр замчны гэр бүлд төржээ. Гэр бүлийн ядуу байдлаас шалтгаалж Амансио ахлах сургуулиа төгсөж чадалгүй 13 настайдаа хотынхоо оёдолчны “Gala” нэртэй дэлгүүрт туслахаар ажиллах болсон юм. Тус дэлгүүр нь хоёрдугаар давхартаа цамц оёж, нэгдүгээр давхартаа зардаг байжээ. Тэрээр сая нэг 37 настайдаа өөрийн бяцхан  сүлжмэлийн үйлдвэрийг нээж “Zorba” нэртэй дэлгүүрийг ажиллуулах болсон юм. Түүний хотод “Zorba” нэртэй уушийн газар байсан тул удалгүй дэлгүүрийнхээ нэрийг “Zara” болгон  өөрчилжээ. Уйгагүй хөдөлмөр, өвөрмөц сэтгэлгээ, гайхалтай загваруудынхаа ачаар дэлгүүрийн үйл ажиллагаа ч өргөжиж 1985 онд Амансио Ортега “Inditex” компаниа байгуулсан билээ. 2012 онд Bloomberg түүнийг Европ дахь хамгийн баян хүн хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Өдгөө “Inditex” жилд 840 сая бэлэн хувцас үйлдвэрлэж, дэлхийн 85 оронд байх 7.000 орчим нэрийн дэлгүүртээ худалдаалж байна.

    “Mary Kay Cosmetics” компанийг үүсгэн байгуулагч Мэри Кэй Аш

    Тэрээр 45 хүртлээ худалдааны төлөөлөгч байсан юм

    Мэри Кэй 25 жилийн турш химийн бодис борлуулдаг нэгэн компанид худалдааны төлөөлөгчөөр ажилласан юм.  Тэрээр 45 насандаа эмэгтэйчүүдэд зориулан бизнесийн тухай ном бичихээр шийдсэн байна. Мэри Кэй номоо бичих явцдаа хамгийн ашигтай ажиллаж болох бизнесийн салбар нь гоо сайхан гэдгийг мэдэж улмаар бизнес төлөвлөгөө боловсруулсан ажээ. Ингээд тэрээр 1963 онд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Mary Kay Cosmetics” компаниа үүсгэн байгуулсан түүхтэй. Түүний эхлэлтийн хөрөнгө нь ердөө 5.000 ам.доллар байсан ч гайхалтай төлөвлөгөөнийхөө ачаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компанийг босгож чадсан билээ.     

    “Форд Мотор” компанийг үүсгэн байгуулагч Хэнри Форд

    Тэрээр 40 настайдаа компаниа байгуулжээ

    Хэнри Форд нь 1863 оны 7 дугаар сарын 30-нд Мичиган мужид Ирландаас цагаачилж ирсэн тариачны гэр бүлд төржээ. Тэрээр 16 настайдаа гэр бүлээ орхин ажил хийхээр Детройт хотод ирсэн байдаг. Тэрээр 36 нас хүртлээ “Эдисон” компанид механик инженерээр ажилласан бөгөөд анхныхаа машиныг 30 насандаа зохион бүтээсэн юм. Гэвч тэрээр 10 жилийн дараа буюу 40 настайдаа “Форд мотор” компаниа үүсгэн байгуулсан билээ. Түүний хамгийн том амжилт бол 1908 онд өөрийн компанийн нэрийн хуудас болсон “Форд Т” загварын автомашиныг бүтээсэн явдал юм. Энэ үед тэрээр 45 настай байв.

     “Xerox”-ийн гүйцэтгэх захирал Урсула Бернс

    Тэрээр компанидаа 29 жил бага тушаалын ажил эрхэлжээ

    Манхэттенийн ядуусын хороололд Урсула Бернс төрсөн юм. Тэрээр хүүхэд ахуй насаа "Барухын байшин" хэмээх ядуу иргэдэд зориулсан нийтийн орон сууцанд өнгөрөөжээ.  Хожим боловсрол эзэмшсэн тэрээр 1980 онд “Xerox” компанид дадлага хийхээр ирснээр хөл тавьсан түүхтэй. Тэр үеэс эхлэн Урсула Бернс компанидаа тогтвор суурьшилтай, үнэнч шударгаар 29 жил ажиллаж, бага багаар албан тушаал ахисаар 2009 онд “Xerox” корпорацийн Гүйцэтгэх захирал болон дэвшсэн билээ. Тэрээр АНУ-ын түүхэн дэх корпорацийн хамгийн анхны хар арьст эмэгтэй гүйцэтгэх захирал билээ. 

    Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй