ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хөөрхий охины хэргээс төр арьсаа ингэж хамгаалжээ

    Монгол Улсад өнгөрсөн жилүүдэд хүүхдийн эсрэг нийгмийг цочроосон, хирдхийлгэсэн аймшигт хэргүүд олноор гарлаа.  Хойт эцэг нь балчир хүүг халааснаас 500 төгрөг авлаа гэж зодож заазуурдсан, мөн нэг эцэг хүүгээ улаан зулга болтол нь хазаж тамласан, хойд эх нь жаалхүүг харанхуй амбаарт хүзүүнээс нь нохой шиг оосорлож таван жилийн турш угаадсаар хооллосон, гудманд явж байсан хүүхдийг танихгүй эр хуурч хөдөө аваачин ар гэрийнхэнтэй нь холбоо бариулалгүй бүтэн жил хэнэг ч үгүй малаа маллуулсан, бүлэг эттгээдүүд зохион байгуулалттайгаар Улаанбаатараас насанд хүрээгүй охидыг Өмнөговь аймагт аваачин уурхайд ажиллах хятад жолооч нарт биеийг нь үнэлүүлсэн, хариуцлагагүй эмчийн буруутай үйлдлээс болж амиа алдсан нярай, эмийн санчийн андуурч өгсөн эмнээс болж насан туршдаа эрүүл мэндээрээ хохирох болчихоод байгаа 16 балчир үрс, ирээдүйд эх орондоо хэрэгтэй мундаг хүн болно хэмээн мөрөөдөж явахдаа барилгын кранд дарагдаж амиа алдсан баяцхан охин гээд хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн олон арван хэргийг жагсаавал хэдэн арван хуудас болно.

    Үүн дээр зам тээврийн осолд өртөн амиа алдаж байгаа, гэмтэж насан туршдаа тахир дутуу болсон хүүхдүүдийн тухай ч бас дурдахгүй өнгөрч болохгүй. Иргэний дайны хөлд нэрвэгдэж, өдөр бүр цус асгаруулсан мөргөлдөөн болж буй Украин улсад дайн эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 1500 хүүхэд амиа алдсан тухай НҮБ албан ёсоор мэдээллээ. Гэтэл дайн дажингүй Монгол Улсад өдий дайны хүүхэд томчуудын хүчирхийлэлд өртөн амь насаараа хохирч, тахир дутуу болж байна. Монгол Улсад төрийн нэрийн өмнөөс хүүхдийн эрхийг хамгаалдаг, тэдэнд тусалдаг, дэмждэг гэх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газар хэмээх сүржин нэртэй байгууллага ажилладаг юм билээ.    

    Юу хийсэн нь мэдэгддэггүй, ганц утас ажиллуулж түүнийгээ том ажил хийлээ гэж андуурдаг, гурван сая дахь иргэн төрлөө гэж дарга даамлыг даган далдагнаж хөөрцөглөдөг энэ байгууллагын хүүхдийн төлөө хийсэн юм гээд гарт баригдаж, нүдэнд харагдах юм юу ч алга. Ерөнхий сайдаар ахлуулсан Хүүхдийн эрхийг хамгаалах Үндэсний зөвлөл гээч байгууллага байдгийг хүмүүс шинэ жил, эх үрсийн баярын өдөр л мэддэг байх. Энэ үеэр Ерөнхий сайд баахан хүүхдүүдэд бэлэг гардуулдаг юм. Тэгээд мартчихна. Тэгсэн хэрнээ хүүхдийн нэрийг барьж шоудахдаа гарамгай.

    Сарын өмнө Монгол Улсын гурван сая дахь иргэн болж мэндэлсэн Монголжин охин, түүний чацуутнуудаар тодорсон нярай нараар төрийн тэргүүнээсээ эхлээд, УИХ-ын гишүүд, сайд, аймаг, сумдын засаг дарга нар гээд төрд алба хашдаг сэтэртэй бүхэн шоудлаа. Монгол олуулаа болж буй нь сайн хэрэг. Баярлалгүй яахав. Гэтэл гурван сая хүрлээ гэж хөөрцөглөж байх зуур тэдгээр иргэдийн чинь нэг эс эд нь болсон балчир үрс маань бусдын гарт тамлуулж, сэглүүлж, зовон байж нөгөө ертөнц рүү одож байгааг анзаарч байна уу? Харгис эцгийн гарт амиа алдсан дөрөвхөн настай охины тухай ард түмэн нь эмгэнэн, халаглан ярьж байхад нөгөө сэтэртэй дарга нар маань амандаа ус балгасан мэт таг дуугүй.

    Төрсөн эцэг, хойд эхийн гарын шүүсийг үзэж, ухаан алдатлаа гурван цагийн турш зодуулсан дөрвөн настай охиныг эмнэлэгт үхэх сэхэхээ үзэн амь тэмцэж байсан 2 дугаар сарын 18-ны өдөр 11 цаг 09 минутад Хүүхдийн төлөө Үндэсний газрын 108 дугаарын утас руу иргэн Э утасдаж хүчирхийлэлд өртсөн охины тухай мэдэгдсэн юм билээ. Үүнээс гурав хоногийн дараа охин амьсгал хураасан.    

    Охиныг нас барснаас тав хоногийн дараа буюу 2 дугаар сарын 26-ны Пүрэв гарагт Хүүхдийн төлөө Үндэсний газар өөрийн сайтан дээрээ доорх мэдээг нийтэлсэн байна. Энэ үйлдэл нь тэдний хариуцлагаас бултах гэсэн арга ядсан оролдлого, охины төлөө юу ч хийгээгүй болохыг нь тодорхой харуулж байгаа юм.

    Мэдээ

    2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 09 минутанд Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт иргэн Э. найзынхаа 4 настай охиныг хүчирхийлэлд өртөн гэмтлийн эмнэлэгт сэхээнд байгаа талаар мэдэгдсэн.

    Дуудлагыг үндэслэн ХТҮГ-аас ажлын хэсэг томилж БЗД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар чиг үүргийнхээ дагуу холбогдох байгууллага, хүмүүстэй ажиллаж байна.

    Маргааш нь буюу охиныг оршуулсан 27-ны өдөр Хүүхдийн төлөө Үндэсний газар гашуудаж буйгаа албан ёсоор илэрхийлж доорх эмгэнэлийг сайтандаа байрлуулсан байна. Уг эмгэнэлийн төгсгөлд “... хүүхдийг аливаа хэлбэрийн хүчирхийллээс ангид байлгах орчинг бүрдүүлж ажиллахыг зорьж, цаашид ч ажиллах болно” гэжээ.

    Эндээс харахад л энэ байгууллагын ам ажил хоёр нь алд дэлэм зөрдөг нь илт байна. Зүй нь тэд “Бид ажлаа муу хийснээс охин амиа алдлаа. Биднийг уучлаарай” гэсэн бол илүү шударга байх байлаа.

    Эцэст нь хэлэхэд хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж буй гэмт хэрэгтнүүд, эцэг эхчүүдийн дундаж нас 25-35 байгаа нь эрхгүй анхаарал татаж байна. Сүүлийн үед гарч буй аймшигт хэргүүдийн эзэн залуучууд байгаа нь манай нийгэм иргэнийнхээ боловсрол, хүмүүжил, нийгэмших явдалд хэр анхаарал хандуулж буйг илтгэж байгаа хэрэг. Монголд боловсролын систем гажуудаж сурагчдад ёс суртахуунтай, хариуцлагатай, хүн шиг хүн байх хүмүүжил олгож чадахгүй байгаа учраас л хүн дүрстэй араатнууд олноороо төрж байна.     

    Б.Гарьд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй