ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхэд уяачдын хийморийг тольдох хэрэгсэл биш

    Сар шинийн баяр дөхөж хаа сайгүй хонин жилээ угтахаар хэр чинээгээрээ бэлдэж буй энэ өдрүүдэд нэгэн зүйлийн талаар дурдахгүй байж болохгүй нь.  Тэр нь бууз, бэлэг, ууцны үнэ эсвэл замын түгжрэлийн тухай биш.  Харин энэ Сар шинийн баярын үеэр энд тэнд болох өвлийн морин уралдаан, тэр уралдаануудад оролцох хүүхдүүдийн тухай юм.  Тодруулбал, хацар хайрч, чих хөлдөөх энүүхэнд Монголын жихүүн өвлийн цагаар 27-28 км замыг морины давхиан дунд туулдаг тэсвэр  тэвчээрийн тухай  пааргүй машинд суухдаа ч жинддэг томчуудад ойлгуулах гэсэн юм.  Хурдан морины  уралдаан монголчуудын уламжлалт түүх, соёлын нэг.  Харин өвлийн морин уралдааны түүхийг сөхвөл тийм ч зузаангүй бөгөөд  эсрэгээр энэ үеэрх хүүхдийн эрүүл мэнд, амь насанд халтай тохиолдлуудын түүх нь зузаан билээ. Хөх өвс ургаж, хөхөө шувуу донгодохоос өмнө монголчууд морь уралдуулах, дээлээ сугалдрагалахыг цээрлэдэг байсан гэнэ билээ.

    Засгийн газрын 2005 оны тогтоолоор Хурдан морины уралдааны дүрэмд өөрчлөлт орж намрын дунд сарын 17-ноос хаврын тэргүүн сарын шинийн гурван хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг.  Гэтэл өвлийн  гэх тодотголтой морин  уралдаанууд энд  тэнд болсоор уралдаан болон сунгааны үеэр хүүхдүүд бэртэж гэмтсээр байгаа нь үнэн юм.  Энэ сар шинийн баярын үеэр 100-аад морин уралдаан болох тов дуулдав. Мөн энэ товтой зэрэгцэн  Орхонд болсон сунгааны үеэр  хоёр хүүхэд унаж нэг нь толгойдоо бэртэл авч,нөгөөгийх нь чөмөгний яс хугарсан гэх мэдээ сонстлоо.   Уг нь Хүний эрхийн үндэсний комисс сар шинийн баяраас урьтаж Монголын Морин спорт уяачдын холбоонд өвөл цагийн морин уралдаанд хүүхдээр морь унуулахгүй байх тухай зөвлөмж хүргүүлсэн гэнэ билээ. Гэхдээ Морин спортын холбоонд  тэдний энэ зөвлөмж  улиглаж л байдаг яршиг төвөгтэй яриа болж  сонстсон бололтой.  Бидний хэдэн уяачдын ирэх жилийнхээ хийморь,өнгийг  харуулдаг тул өвлийн морин уралдаан  хийхгүй байж болохгүй гэж  тэд зөрүүдэллээ.

    Өвлийн уралдаан морины үрийн хоолойг гэмтээдэг

    Уяачдын хийморь, өнгийг харуулдаг ашиг тустай гэх өвлийн уралдаан монголчуудын эртнээс уламжилж ирсэн заншил ёс биш.  Тэр битгий хэл өвлийн хүйтэнд бэлчээрийн монгол адуу уралдах нь сөрөг нөлөөтэй учраас биологийн шинжлэх ухааны үүднээс зөвшөөрдөггүй байна. Монгол адууны тарга хүч 11 дүгээр сарын сүүлч, 12 дугаар сарын эхнээс эхэлж унаж, хавар ногоо гартал доод цэгтээ хүрдэг аж. Өөрөөр хэлбэл адуу биеийн жингийнхээ 20-30 хувийг алдаж онд ордог гэсэн үг. Ийм үед нь морийг уяж уралдуулахад амжилт олохгүйгээр барахгүй биологийн сөрөг үзэгдэл их гардаг хэмээн Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Цэвэгмэд хэллээ.  Жишээлбэл уралдах морины хөхөлийг боодог. Духанд маш олон тооны цусны болон мэдрэлийн судсууд байдаг бөгөөд салхи сөрөн давхихад тэдгээр судсууд нь хөлдөж гэмтдэг байна.  Мөн морьдын сүүлийг  уяж бооход ямар ч хамгаалалтгүй болж, үр дамжуулах хоолой нь хөлдөж гэмтдэг ажээ. Тэгэхээр өвлийн уралдаан уяачдынхаа хийморийг  харуулахаас өөрөөр гавих гавьяагүй, хүүхэд, мориндоо аль алинд нь халтай  байх нь.

    Замын 70-80 хувьд нь морьд шахалдаж хүүхэд моринд халтай байдал үүсдэг

    Өвлийн морин уралдааны үеэр бэртэж гэмтсэн, амиа алдсан хүүхдүүдийн тооны талаар нарийн мэдээлэл байхгүй. Сүүлийн жилүүдэд 20 орчим хүүхэд мориноосоо унаж нас барсан гэх тоо байгаа ч энэ нь баталгаатай биш. Ялангуяа гэмтэж бэртсэн хүүхдүүдийн мэдээлэл байнга дарагдаж уяач болон хүүхдийн асран  хамгаалагчдын ханцуйн доторхи тохирооны цаана үлдэх нь бий.

    Өлзийт хороололд амьдардаг Будгарав хүү 4 жилийн өмнө уралдааны замд унаж үүдэн шүд болон хөлөө хугалж өдгөө тахир дутуу болчихоод сууж байна. Түүний унаж уралдсан  морины эзэн эмнэлэгт хүргэж өгөөгүй бөгөөд тэмээний ноосоор  хөлийг  нь  боож өгчихөөд энэ талаараа хэн нэгэнд хэлэхгүй байхыг захьжээ. Ингэж хугацаа алдсаны улмаас хүүгийн хөл эдгэрэх боломжгүй болж насан туршдаа таягтай найзлах болсон  байна. Энэ бол зүгээр ганц л жишээ. Наад зах нь жолоогоо сайн барих гэсэндээ хүүхдүүд бээлий өмсөлгүй уралдан гараа хайруулж хөлдөөх нь энүүхэнд. Ингэж гараа хөлдөөсөн унаач хүү өвдсөндөө нулимас дуслуулан, аав нь хүүгийнхээ хөлдөж цайрсан бээвгэр гарыг цасаар үрж байгаа бичлэгийг гадаадынхан хэрэг болгон авч Монголын тухай нэвтрүүлэгтээ оруулсан  байна билээ. Хөлдсөн үед шууд дулаан  орчинд оруулалгүй цасаар үрж цус гүйлгэх нь монголчуудын нүүдэлчин ахуйгаас амьдралд туршигдсан эмнэх арга нь гэж тэд манайхныг магтах, муулахын завсартаа тайлбарлав. Хурууны үзүүр хайрагдахын төдийд яаж хорлонтой өвдөж, хорсдог билээ, хөөрхий хүүг зурагтаар харахад өмнөөс нь яс янгинах шиг л болсон.

     Унаач хүүхдийн хамгаалалтын хувцас,  малгай  эрсдлээс  хүүхдийг тэр бүр хамгаалж чаддаггүй.  Өвлийн уралдааны зам хязгаарлагдмал атлаа морьдын нягтрал их байдаг тул  замын 70-80 хувьд нь морьд шахалдаж хүүхэд моринд халтай байдал үүсдэг байна.

    Ялангуяа, ийм үед мориноос унасан хүүхэд моринд гишгүүлэх, өшиглүүлж,  газар хөлдүү учраас хүүхэд унасан тохиолдолд гэмтэл авах нь элбэг байдаг ажээ. Хүүхэд унаж хөл, гар, цээжин дээр нь морь гишгэх, дарж унах эрсдэл үүсэх боломжтой бөгөөд ийм тохиолдолд хувцас  хүүхдийг хэдий хэр хамгаалж чадах нь ойлгомжтой билээ.

    Эмират, Индонези тэгээд  Монгол...

    Манай улс шиг хүүхдийг унаач болгон уралдуулдаг  цөөхөн улс дэлхийд бий. Тухайлбал Арабын нэгдсэн  Эмират улсад тэмээг 4-6 настай хүүхдүүд унаж уралддаг бол Индонезид хурдан  морийг мөн л  бага насны хүүхдүүд  унаж  хурдыг нь сорьдог байна. Дээрх уралдаануудын үеэрх унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай дэлхийн хүүхдийн эрхийн байгууллагууд байнга дуугардаг. Арабын нэгдсэн  Эмират улсын  хувьд чинээлэг орон учир Энэтхэг, Пакистаны  ядуу айлаас  хүүхэд худалдан морио унуулдаг байна.  1990-ээд оны үед Арабынхны үндэсний уламжлал босон тэмээний уралдаанд зориулагдан зуу гаруй хүүхэд Энэтхэгээс хулгайлагдсан гэсэн тоог хожим Энэтхэг улс гаргасан байдаг. Аль болох жижиг биетэй, нас бага бол үнэд хүрдэг тул хоёрхон настай хүүхэд  хүртэл  тэмээн уралдааны уламжлалын золиос болон худалдагдаж байжээ.  Мэдээж худалдаж авсан хүүхдийн амь  нас, эрүүл мэнд морины эзэнд ердөө ч чухал  биш бөгөөд энэ байдлаасаа болж Хүүхдийн эрхийн байгууллагад байнга  зэмлүүлдэг тус улс сүүлийн үед робот унаачийг ашиглах болсон байна.

    Арабын тэмээ унаач хүүхдүүд болон хулгайлагдсан энэтхэг хүү

      Индонезийн морин уралдаан

    Бидэнд Араб шиг  морин уралдаандаа зориулж робот  бүтээх мөнгө байхгүй. Мөн хүүхдээ уяачдын хийморь, сүлдийг харуулах луужин болгож хүүхдийнхээ эрүүл мэнд,  амь насыг дэнчинд нь тавих шаардлага бүр ч байхгүй. Зуны дэлгэр цагтаа  моринд  дуртай монгол хүүхдүүд маань уралддагаараа уралдаж бид түүнийг нь харж баясан нааддагаараа наадна. Харин хахир өвлөөр уралдаан  зохиож  морьдоо эцээж, хүүхдүүдээ эрсдэл дунд төөрүүлж азанд нь даатгах хэрэг байгаа гэж үү.

    Б.Намжилмаа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй