ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүн мичний хамаатан гэдгийг баталсан Дарвины ном өдөртөө борлогдож дуусчээ

    Тэрээр Английн Шрусберт зургаан хүүхэдтэй сэхээтэн айлын тав дахь нь болон төрсөн байна. Дарвины аав нь эмч, ээж нь санхүүгийн мэргэжилтэй байсан бөгөөд эмээ өвөө нь шинжлэх ухааны чиглэлийн хүмүүс байжээ. Чинээлэг гэр бүлд өссөн Чарльз багадаа ихэнх цагаа ан хийх, нохой сургах, амьтан тэжээхэд зарцуулдаг байсан учраас сурлага нь сайнгүй байсанд эцэг нь дурамжхан байжээ. Тэр 1817 онд сургуульд орсон жилээ уншиж сурмагцаа Английн түүх, байгалийн түүх зэргийг уншиж судалсан байна. Тэр жил нь Дарвины ээж нь нас барж, аав нь таван хүүхэд тэжээхэд хүнд болж эхэлсэн учраас Дарвин Шрусбертийн дунд сургуульд шилжин суралцаж, том ахтайгаа амьдрах болжээ. 1825 оноос эхлэн Дарвин аавынхаа ажилд туслан, анагаах ухааны мэдлэг боловсролыг шимтэн судлах болжээ. Ингээд Их Британийн хамгийн нэр хүндтэй анагаах ухааны сургууль болох Эдинбургийн сургуульд элсэн тэндээ хоёр жил суралцаад Кембрижийн их сургууль руу шилжсэн байна. Өөрөө байгаль сонирхдог ч мэргэжлээ өвлүүлэх гэсэн эцгийнхээ хүслийг дагаж Эдинбургийн Их Сургуульд анагаах ухааны салбарт суралцаж эхэлсэн Чарльз тэнд эхний бөгөөд сүүлчийн удаа мэс засалд оролцсон нь бие муутай, цус үзэж чаддаггүй түүний хувьд амьдралынхаа туршид мартахааргүй зүйл болсон гэдэг. Эмч болох сонирхолгүй болсон тул хуульч болохоор шийдсэн ч, энэ нь бас л түүний сонирхлыг татсангүй.

    Их сургуулиа төгсөнгүүт 1831 онд, дэлхийг тойрон аялах экспедицийн багт байгаль судлаачаар орсон тэрээр "Бигль" хөлөг онгоцоор таван жил үргэлжилсэн урт судалгаа хийжээ. Дэлхийг тойрсон таван жилийн аялал, залуу Дарвины үзэл бодолд онцгой нөлөөлж, амьд байгалийн түүхэн хувьсах хөгжлийн талаар амьдралынхаа туршид судлагаа хийх нөр их ажлынх нь урам зоригийг өгсөн байна.

    Тэрээр Эволюцийн онолыг дэлхий дахинд таниулсан гэдгээрээ алдартай ч гэлээ байгалийн шинжлэх ухаанд олон нээлт хийж, урьд өмнө бүртгэгдэж байгаагүй амьтдыг хүртэл илрүүлж байсан эрдэмтэн юм.

    1839 онд "Хайгуулын тэмдэглэл" гэсэн номоо хэвлүүлж түүндээ өмнөд Америк болон арлын олон янзын амьтад, түүний дотроос Галапагоссын арлаас олсон гүрвэл, яст мэлхий, ээрүүл хошуут шувуу зэргийн талаар анх удаа шинжлэх ухаанд олж мэдээлсэн байна. Ингээд 1837 оноос зүйлийн үүслийн тухай асуудлыг эрчимтэйгээр судалсан гэдэг. Түүний гол үзэл санаа бүрэлдэх, эцсийн дүгнэлт тодорхойлолтоо гаргах ажил үндсэндээ хорин жил үргэлжилж 1859 онд "Байгалийн шалгарлын замаар зүйл үүссэн буюу амьдралын төлөө тэмцэлд ивээгдэгч үүлдэр мэнд үлдэх нь" гэсэн суут бүтээлээ 50 насандаа бичиж дуусган хэвлэлтэд оруулсан юм.  1250 ширхэг  хэвлэгдсэн уг ном ердөө ганцхан өдрийн дотор борлогдож дууссан гэдэг.

    Хэвлэгдсэн даруйдаа ном нь зарагдсан гэх үзүүлэлтээрээ Чарльз Дарвин тухайн үедээ шинэ амжилт тогтоож байсан юм.  Ийнхүү Чарльз нэн төвөгтэй асуудал болох амьд бие буюу амьдралын хөгжлийн талаар шинжлэх ухааны анхны баримт нотолгоотой хариу өгсөн эрдэмтэн болжээ.

    Эволюцийн онол

    Эволюци нь нэг үеэс дараагийн үед шилжих удамших хувьсал юм. "Evolutio" гэдэг нь дээшлүүлэх, дэлгэрүүлэх гэсэн утгатай латин үгнээс улбаатай. Чухамдаа Дарвины нээсэн Эволюцийн онол нь яагаад дэлхий дахиныг өөрчлөх хэмжээний нээлт байсан бэ гэвэл: Байгалийн шалгарлын дүнд биологийн шинэ зүйл үүсэх тухай нээлт нь өнөөг хүртэл эрдэмтдийн дунд маргаан дэгдээсээр байдагтай холбоотой байдаг аж. Чухамдаа аялалын явцад хийсэн тэмдэглэл нь хожмоо эрдэм шинжилгээний ажлынх нь үндэс суурь болсон бөгөөд амьтан, ургамлын төрлүүд анх үүсэн бий болсон хэлбэрээрээ байгаад байдаггүй, хөгжлийнхөө явцад хувьсан өөрчлөгдөж байдаг гэсэн суут дүгнэлтээ гаргаж улмаар хүн ч гэсэн байгалийн шалгарал, хөгжлийн хувьслын дүнд үүсч бий болсон байгалийн амьтан гэж тайлбарласан нь товчхондоо Чарльз Дарвины дэлхийд танигдсан эволюцийн онол билээ.

    Чарльз Дарвины хүн мичний холын “хамаатан” төдийгүй хүн өөрөө амьтан гэсэн таамаг дэвшүүлсэн нь өнөөг хүртэл маргаан дэгдээсэн хэвээр байдаг ч хэн ч үгүйсгэх аргагүйгээр баримт нотолгоотой баталсан цор ганц нээлт билээ.

    Чарльз Дарвин Эволюцийн онолын үндсийг тавьсан, амьдралынхаа таван жилийг зарцуулсан аялалд явах үедээ могойд хатгуулсан бөгөөд үүнээс үүдэлтэй эмгэг нь сэдэрсний улмаас 1882 онд 73 насандаа өөд болжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй