1998 он
Д.Энхбаатар, УИХ-ын гишүүн Д.Баттулга, С.Батчулуун болон Х.Байгаль нар Казиногийн тухай хууль өргөн барив. Гэвч тэднийг Макаогийн бизнесмэнүүдээс хахууль авсан хэмээн буруутгаж торны цаана суулгаснаар энэ хууль казино гэдэг муухай мангас гэх ойлголтыг монголчуудад төрүүлээд замхарсан.
2007 он
Ц.Шаравдорж нарын найман гишүүн дахин Казиногийн хууль санаачлан өргөн барьж байв. Тоглоом нь батлагдсан чөлөөт бүс болон олон улсын нисэх буудлын ойролцоо, хязгаарлагдмал, хилийн хяналттай, газар зүйн байршлын хувьд бусад бүсээс тусгаарлагдсан хаалттай бүсэд хорооны зөвшөөрлөөр явагдана", Мөн казино байгуулсан газраас 300 км-ийн зайд 30 жилийн хугацаанд өөр казино байгуулж болохгүй гэж заасан нь УИХ-аас уг хуулийг ЗАХИАЛГАТАЙ гэх шошго зүүхэд хүргэж унах шалтгаан нь болж байв.
2010 оны 03 дугаар сар
УИХ-ын гишүүн Д.Загджав, Д.Кёкүшюзан Батбаяр нар Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив. Тэд УИХ-ын гишүүн З.Алтай, Б.Батбаяр, Г.Баярсайхан, Р.Буд, Х.Жекей, Д.Хаянхярваа, Ц.Цэнгэл, Ж.Энхбаяр нартай хамтран энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан ч өмнөх хуулийг бараг хуулчихсан, ЗАХИАЛГАТ ЭЗЭНТЭЙ гэх тамга даруулж мөн л УИХ-аас дэмжлэг аваагүй.
2015 он
Засгийн газраас Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Казино Монголд “мэндлэх”-ээр завдсан оролдлогуудыг бүртгэвэл иймэрхүү он цагийн хэлхээс гарна.
Монголчуудын 30 шахам жил тээгээд төрөөгүй, хэл ам, хардлага их дагуулсан Казиногийн хууль өнөө жил мэндлэхээр дуншиж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг баталбал аялал жуулчлалын салбарын хөгжилд хүч нэмж олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр 2020 онд гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг уг салбараас бүрдүүлнэ хэмээн засаг үзэж буй. Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, валютын урсгалыг нэмэхийн тулд казиног зайлшгүй цаашид хөгжүүлэх шаардлагатайг ч төсөл санаачлагчид учирлаж байна. Уул уурхайн олборлолт давамгайлсан нь эдийн засгаа өөхөнд ороож хамгаалахын тулд бусад салбарыг хөгжүүлэх, ялангуяа аялал жуулчлал, казино тоглоомыг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн тайлбарыг гүйцэтгэх засаглалынхан хийсэн.
Төсөлд тусгаснаар 2 казиног Монголд байгуулах бөгөөд хаана байрлалтай байхыг ЗГ тодорхойлох ажээ. Аялал жуулчлалын зах зээл жижиг учраас хоёроос дээш казино байгуулах нь аж ахуйн нэгжүүдэд ашиггүй гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Мөн монголчуудаа мөнгөө алдахаас сэргийлэхийн тулд казинод орохыг зөвшөөрөхгүй хэмээн чанга эцгийн нүүр үзүүлдэг томчууд маань жилд 20-40 сая ₮ татвар төлдөг, 25-с дээш настай монгол хүн казинод үйлчлүүлэх эрхтэй хэмээн төсөлдөө тусгаад байна. Аж ахуйн нэгжүүдэд 10 жилийн хугацаатай зөвшөөрөл олгохоор хуулийн төсөлд тусгажээ.
АНУ 2015 онд казиногоос 73 тэрбум $ олно
Казино нь эртний Грек, Ромын үеэс үүсэлтэй гэгддэг бөгөөд Францын Напелеон, Английн Элизабет хатан хаан нар аз үзсэн тоглоомоор зугаацдаг байсан тухай түүхэнд үлдсэн байдаг. Хамгийн анхны казино 1638 онд Италийн Венецид үүссэн бөгөөд 1770 онд нутгийн ард иргэдийг шулж ядууруулж байна гэсэн гомдлоор хаагдсан гэдэг.
Аялал жуулчлалын салбарт өрсөлдөх чадвараар манай улс 140 орноос 99-т, Азийн улс орнууд дотроо 25 орноос 19-д жагсаж байгаа гэх үзүүлэлт байна. Энэ нь ДНБ-ий 5,2 хувийг л уг салбараас бүрдүүлж байна гэсэн үг. Энэ хувийг өсгөхөд уг хууль өгөөжөө өгч валютын урсгал нэмнэ гэх гол найдлага төслийн цаасан дунд хавчуулагдаж буй.
Казинотой улс орнуудын ашиг орлогын хувь ч байнга өссөн үзүүлэлттэй байдаг бөгөөд АНУ-ын уг салбараас олсон орлого сүүлийн гурван жилд 5% өссөн гэсэн тоо байна. Тэд 2015 онд 73 тэрбум $ олно гэх тооцоо хийчихээд сууж байгаа аж. Дэлхийн хүн амны 60 хувийг эзэлдэг Азийнхны хувьд ч казино сайн саалийн үнээ нь болсоор буй.
Казиногоос олох орлогоороо тэргүүлж буй улс орнуудын жагсаалт
Эрэмбэ |
Улс |
Казино |
|
Орлого (2009) |
Орлого (2010 Projected) |
Орлого (2011 Projected) |
---|---|---|---|---|---|---|
1 |
Макау |
33 |
|
14,955 |
22,445 |
28,379 |
2 |
Лас Вегас, АНУ |
122 |
|
10,247 |
9,950 |
10,300 |
3 |
Сингапур |
2 |
|
2,119 |
2,750 |
5,479 |
4 |
Франц |
189 |
|
3,965 |
3,909 |
3,957 |
5 |
Атлантик сити, АНУ |
12 |
|
3,943 |
3,550 |
3,330 |
6 |
Австрали |
11 |
|
2,697 |
2,769 |
2,847 |
7 |
БНСУ |
17[12] |
|
2,401 |
2,430 |
2,512 |
8 |
Герман |
76 |
|
2,073 |
2,055 |
2,081 |
9 |
Өмнөд Африк |
4 |
|
1,601 |
1,649 |
1,740 |
10 |
Англи |
141 |
|
1,212 |
1,193 |
1,209 |
11 |
Польш |
|
1,089 |
1,091 |
1,126 |
|
12 |
Ниагарагийн хүрхрээ, Канад |
2 |
|
1,102 |
1,114 |
1,203 |
Илүү тээлттэй хуулийн хувь заяа хаашаа эргэх вэ
Казиногийн хуулийг муу эсвэл сайн боловсруулсандаа биш уг хуулийг батлах улстөрийн сонирхол нэгдээгүйгээс өнгөрсөн 30 шахам жилийг өнгөрөөсөн гэж хэлж болно. Мөн уг хуулийг баталж улсдаа ашиг орлого нэмье гэх үзлээс хэн, хэн хуйвалдаж хэдийг хармаалав, хэн цаана нь нуугдаж байна гэх хардлага давж бас энэ дундаас өрсч ашиг олох гэсэн эрх мэдэлтнүүдийн өрсөлдөөн хуулийг унагаж гишгэсээр ирсэн нь үнэн юм.
Энэ удаагийн хуулийн төслийн хувьд өмнөх төслүүдээс илүү амьдрах магадлалтай байгаа. Төсөл санаачлагчид хүмүүсийн сэтгэл зүйг хүртэл бэлдэж, өлгийг нь зэхэхэд ч анхаарч байгаа сурагтай байсан. Эдийн засаг хямарч, хаа хаанаа бүсээ чангалсан энэ үед Монголд баригдах 2 казино мөнгөний шинэ урсгал болох нь лавтай юм.
Б.Намжилмаа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт