
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн амралтын өдөр Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид ажилласан байна. Түүнийг дагалдан Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон яамны ажилтнууд явжээ. Энэ үеэр тус ангийн удирдлагууд салбарын сайддаа "Шинэчлэл" төслийн санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүсчээ. "Шинэчлэл" төсөл хэрэгжсэнээр засвар үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэж, чанар, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлаа бүрэн хангах боломжтой болох юм байна. Өдгөө үйлдвэрлэлд ашиглаж байгаа техник технологийн хувьд насжилт нь хэтэрсэн, хуучирсан тухай ангийн захирагч уламжилж байв. Энэ ангийн 100 орчим албан хаагч НҮБ-ын Энхийг дэмжих болон Олон улсын бусад ажиллагаанд оролцжээ.

Тэгвэл Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид ажилласан байна. Тэрээр энэ ангийн цахилгааны эх үүсвэр, шинэчлэлийн ажил болоод спорт төвийн барилгын явцтай танилцсан юм. Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу "Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв" төслийг АНУ-ын "Дэлхийн Энхийн Ажиллагааны санаачлага" байгууллага, АНУ-ын Цэргийн Инженерийн Корпус хамтран гүйцэтгэж байгаа билээ. Төслийн тусламжтайгаар Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн хичээлийн байр, цэргийн байр, эмнэлэг, халуун ус, уурын зуух, инженерийн шугам сүлжээ зэрэг байгууламжийг сэргээн засч шинэчилсэн. Харин 311 дүгээр ангийн цахилгааны эх үүсвэр, шинэчлэлийн ажил болоод спорт төвийн барилга нь Батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалт. Дэд сайд А.Баттөр дээрх ажлуудыг чанарын төвшинд хийж гүйцэтгэхийг холбогдох албан тушаалтнуудад сануулсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт