“Шинэчлэл”-ийн гэгдэх Засгийн газарт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллах хугацаандаа цагдаагийн байгууллага, шүүхэд олон шинэтгэл, өөрчлөлтийг хийсэн. Олон хуульч нар “Америкийг дуурайсан шинэтгэл хийлээ. Монголын хөрсөнд зохихгүй” хэмээн шүүмжилсэн ч Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг цээжээрээ хамгаалаад өнгөрсөн нь саяхан. Харамсалтай нь Монголд зайлшгүй хэрэгтэй хэмээгдэж байсан шинэтгэлүүд нь эргээд хэрэггүй эд болон хувирчихлаа. Хууль зүйн сайдаар томилогдсон Д.Дорлигжав өмнөх сайдынхаа эхлүүлж, хэрэгжүүлсэн шинэтгэлийг зогсоож, хуучин хэвэнд нь оруулж буйгаа мэдэгдэв. Дээр нь Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа тойргийн шүүх хэмээн олны толгойг эргүүлсэн шүүхийн шинэ тогтолцоог хэлэлцээд хууль зөрчсөн гэж үзэн хуучин хэвэнд нь оруулахыг УИХ-д даалгалаа. Ингэснээр шүүхийн шинэтгэл нэрийн дор зарцуулсан 11 тэрбум төгрөг салхинд хийсэв. Ямартаа ч 7 дугаар сарын 1 гэхэд шүүх хуучин тогтолцоондоо орно. Өөрөөр хэлбэл Дүүрэг болгон эрүү, захиргааны шүүхтэй байна гэсэн үг. Энэ нь аймгуудад ч мөн хамаатай юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр
Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан боллоо.
Хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, түүнчлэн Гурав. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсний 6, 11 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо … аймаг, нийслэлийн шүүх, … дүүргийн шүүхээс бүрдэх …” гэсэн заалтыг зөрчсөн байх тул 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэв.
Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр тогтоолыг хүчингүй болгов.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт