АНУ-ын Сан Диего хотод 75 мянган ам.долларын шагналын сантай “Extreme Memory Tournament” ой тогтоолтын дэлхийн шилдэг 24 тамирчны дунд халз явагдах оюуны спортын тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт таван төрлөөр болж, өнгөрсөн сарын 4-нөөс эхлэн таван долоо хоногийн турш явагдаж дүнгээ гаргав.
Урьдчилсан шатны шалгаруулалтад дэлхийн өнцөг булан бүрийн ой тогтоолтын шилдэг тамирчид онлайн орчинд оюун ухаанаараа өрсөлджээ. Тус шалгаруулалтад Монголын оюун ухааны академийн есөн тамирчин өрсөлдсөнөөс зургаа нь дэлхийн шилдэг 24-т багтсан байна.
Ийнхүү шилдэг 24-ийн тэмцээнд Ой тогтоолтын Их Мастер С.Цогбадрах, С.Акжол, Э.Пүрэвжав, өнгөрсөн жилийн ой тогтоолтын өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх (төрөлдөө дэлхийн дээд амжилтыг эзэмшигч), Цээж бодолтын дэлхийн цомын эзэн Т.Мягмарсүрэн, Ой тогтоолтын өсвөрийн ОУ-ын аварга Т.Энхжин (нэг төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшигч) нар эх орноо төлөөлж оролцохоор болжээ.
Тус тэмцээнд Герман улсаас долоон тамирчин, Монгол Улсаас зургаа, Швед, Англиас тус бүр гурав, АНУ, Филиппинээс тус бүр хоёр, Норвеги улсаас нэг тамирчин оролцох эрх авсан байна. Дэлхийн шилдэг тамирчдын тэмцээн ирэх тавдугаар сарын 2-3-нд АНУ-д болно.
Оюуны спортын Олон улсын шүүгч, Монголын оюун ухааны академийн тэргүүн Х.Хатанбаатар багаа ахлан явна. Түүний шавь нар хамгийн сүүлд БНХАУ-ын Хайнань мужид болсон 23 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ-нд багаараа хоёрдугаар байрт шалгарсан юм.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт