Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай уулзаж, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэр Ерөнхий сайд “Эдийн засаг хүнд энэ үед хүн бүрийн хүчин зүтгэл, арвилан хэмнэлтийн бодлого хэрэгтэй. УИХ-аар улсын төсөвт тодотгол хийлээ. УИХ-ын гишүүд Засгийн газартай хамтарч сайн ажиллалаа. Хөгжлийн банкны бүх зардлаа төсөвт оруулж, нэг төсөвтэй болж чадлаа. Хөрөнгө оруулалт бага тул бүх шинэ обьектуудаа зогсоолоо. Хэмнэлтийг дээрээс хийж эхэллээ. Яамдын бүтцийг 15 хувиар цомхотголоо. Зарим байгууллагыг нэгтгэж, зарим байгууллагыг аж ахуйн тооцоонд шилжүүллээ. Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сарын тэтгэлэг авдаг байсныг ажилласан жилээр нь тооцдог шинэ тогтолцоонд шилжүүллээ. Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийг цэгцэлж, заримыг нь их, дээд сургуулийн сургалт судалгааны албанд нэгтгэлээ. Цагдаа, онцгой байдал зэргээс бусад төрийн байгууллагын дүрэмт хувцсанд хөрөнгө зардгаа болилоо. Оюутны тэтгэлгийг онц, сайн сурдаг оюутнуудад олгодог боллоо зэрэг ажлыг хийгээд байна. Халамжийн эдийн засгаас бүтээлч эдийн засагт шилжих шаардлагатайг нийгэм ойлгож эхэллээ” гэж хэллээ.
Мөн “Эдийн засгийн хэд хэдэн том хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Бизнес, хөрөнгө оруулагчид, уул уурхайн салбарт шийдсэн асуудал олон байгаа” гэсэн юм.
Энэ үеэр Засгийн газрын тэргүүн “Хоёр гуравхан зөв шийдэл, зөв хөдөлгөсөн хоёр гурван төсөл, төр засгийн нэгдмэл бодлого улс орныг маань өндөр хөгжилд богино хугацаанд хүргэх бололцоотой. Гэхдээ энэ нь хэн нэг хүний хүсэл биш. Аль нэг нам, бүлгийн эрх ашиг биш, багийн тоглолт байх учиртай. Тиймээс энд цугласан бүх хүмүүс хөгжлийн төлөө, иргэдийнхээ эрх ашгийн төлөө хамтдаа зүтгэх учиртай” гэж аймгийн удирдлагуудад сануулж цаг үеийн бүхий л асуудлуудад анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт