ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ерөнхий сайд аа, 1 ба 2 гэж бүү туйлшраач

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгийн хямралд өртөөд буй Монгол орныг цааш нь яаж, ямар замаар авч явахаа шийдэхийн тулд ард түмнийхээ саналыг сонсож байна. Тэгээд өөр сонголт үгүй гэсэн шиг 1 ба 2 дугаар зам гэдгийг гаргаж ирэн ард түмэндээ тулгав. Ард түмэн алийг нь ч сонгосон бай цаашид хямрал улам гүнзгийрч, эдийн засаг одоогийн түвшнээс бүр дордвол хариуцлагыг сонголт хийснээрээ эргээд ард түмэн үүрэх болох нь. Дараа нь нөгөө замыг сонгосон бол арай дээр байх байсан юм гээд нийгмээрээ талцана.

    Монгол Улсыг хямралаас гаргах Ерөнхий сайдын дэвшүүлсэн хоёр зам нь энэ юм.

    1 дүгээр зам

    Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох.

    2 дугаар зам

    Хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох.

    2015 оны улсын нэгдсэн төсөв, тодотгол батлагдсан энэ үед 2 дахь замыг амьдрал дээр хэрэгжүүлнэ гэдэг бэрхшээлтэй. Юу юугүй хүүхдийн мөнгийг хасаад, тэтгэвэр халамжийг бууруулаад унавал төсвийн хуулиа зөрчсөн хэрэг болно. Тэгээд ч өнөө маргаашаа яаядаа гэсэн ард түмэн тогоотой хоолноосоо шанагадаж “Май” гээд Засгийн газарт сайн дураараа өгөх нь юу л бол. Ингээд бодохоор санал асуулгын дүн хэрхэн гарах нь тодорхой ч юм шиг.

    Гэхдээ ингэж аль нэгийг нь сонго, хийх ажлаа тодорхой болгож байна гэж туйлшрах хэрэг Засгийн газарт байсан ч юм уу даа. Ерөнхий сайдын дэвшүүлсэн энэ хоёр замын аль нэгийг нь заавал сонгох хэрэгтэй ч юм уу? Засгийн газар энэ хоёр замаа хоёуланг нь хослуулан хэрэгжүүлээд явахад болохгүй гэх зүйл алга. 1-ийг хэрэгжүүллээ гээд 2-тоо гай болохгүй, 2-ыг хэрэгжүүллээ гээд 1-дээ тээг болохгүй хоёр зам байна. Үүнийг долоон буудлын Должин эмээ ч хараад хэлчихээр байна шүү дээ. Ер нь тэгээд үүнээс ч дөнгүүр 3, 4 дэх зам байхыг үгүйсгэх аргагүй. Үнэхээр үүнээс өөр зам харагдахгүй байгаа бол энэ хоёр замаа хоёуланг нь хэрэгжүүлээч гэж хүсье. Эдийн засаг хумигдаж биш тэлж өсдөг жамтай. Үүн дээрээ хэмнээд, илүү зардлаа танаад, хэрэглээгээ тааруулаад явбал энэ хямралаас хоёр дахин хурдан гарах юм биш үү?

    -Би Ерөнхий сайдын хувьд телевиз үзэж байгаа хүмүүс, нийт иргэдээсээ нэг зүйл хүсч байна. Энэ нь юу вэ гэхээр, бидэнд миний саяын ярьсан хоёр зам байна. Оюутолгой, болон бүтээн байгуулалтын том төслүүдээ бүгдээрэнг нь шийдэх замаар ханшаа барьж тогтооё, эсвэл зардал хэрэглээгээ бууруулаад эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоогоод явъя. Энэ ярилцлагад ирэхээсээ өмнө үүрэн холбооны 4 оператортойгоо уулзлаа. Та нар надад мессеж явуулдаг нэг дугаар гаргаад өгөөч ээ гэсэн. Ингээд 1515-1111 гэдэг дугаартай боллоо. Манай бүх иргэд  энэ дугаар луу энэ хоёр замын нэгийг сонгоно, нэг юм уу, хоёрын тоог илгээчээч. Бямба гаригийн өглөөнөөс эхэлж санал авна. Бямба, ням, даваа, мягмар гаригт авна.

    Тэгэхээр энд манай иргэд хариулт өгөөч. Би одоо юм уу, маргааш юм уу шууд битгий нэг хоёр гээд дугаар явуулаарай. Бүгдээрээ ярья, маргааш ярья, нөгөөдөр ярья, хагас бүтэн сайнаас шийдвэрээ гарга, мессеж явуул. Хоёр дахь өдрийн 22 цагт мессежээ зогсооё, тоолъё. Нэгдүгээр замаар хэд, хоёрдугаар замаар хэдэн хүн явах нь вэ гэж. Өнөөдөр бидэнд ийм зайлшгүй шаардлага гарлаа.

    МҮОНРТ-д өгсөн ярилцлагын үеэр Ерөнхий сайдын өгсөн ярианы хэсгээс

    Б.Номин

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй