
Агаарын температурын жилийн дундаж Увс, Завхан, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр -1..-5 хэм, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар +5..+10 хэм, бусад нутгаар 0..+4 хэм буюу Монгол орны дунджаар +1.4 хэм байв.
Агаарын температурын жилийн дундаж утгыг олон ОЖД /Олон жилийн дундаж/-тай харьцуулахад говь болон тал хээрийн нутгийн ихэнх хэсгээр 1.3-3.6 хэм, бусад нутгаар 0.3-1.5 хэмээр дулаан байв. Агаарын температурын жилийн явцаас харахад 2-р сард ОЖД-аас 2.4 хэмээр хүйтэрсэн бол харин 1, 3, 4, 10-р саруудад ОЖД-аас 2.5-3.9 хэмээр дулаарсан, эрс дулаан сарууд байлаа.
Агаарын үнэмлэхүй хамгийн их температур тухайн жилийн хувьд Өмнөговь аймгийн Ханбогдод 2014 оны 7-р сарын 17-нд +41.4 хэм, Дорноговь аймгийн Сайншандад 2014 оны 7-р сарын 30-нд +41.0 хэм хүрч тус тус ажиглагджээ. Харин агаарын үнэмлэхүй хамгийн бага температур тухайн жилд Завхан аймгийн Цэцэн-Уулд 2014 оны 2-р сарын 3-нд -47.2 хэм, Завхан аймгийн Отгонд 2014 оны 2-р сарын 16-нд -46.7 градус тус тус ажиглагдав.
Монгол орны дунджаар хур тунадасны жилийн нийлбэр 190 мм байж Хөвсгөл, Архангайн зүүн, Төв, Хэнтийн хойд, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар 260-380 мм, Ховд, Говь-Алтайн нутаг, Увс, Баянхонгор, Дундговь, Дорноговийн өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр 20-140 мм, бусад нутгаар 140 мм-ээс 260 мм хүртэл хур тунадас оров.
Хур тунадасны жилийн нийлбэрийг олон жилийн дундажтай харьцуулж үзвэл Баян-Өлгийн Булган, Дорноговийн Сайншанд, Өмнөговийн Гурвантэс, Архангайн зарим нутгаар ОЖД-аас 20-30 хувиар ахиу, Хөвсгөл, Архангай, Төв аймгийн зарим нутаг, Улаанбаатар орчмын нутгаар ОЖД-ийн орчим буюу бага зэрэг ахиу, бусад нутгаар ОЖД-аас 10-30 хувиар бага хур тунадас унажээ.
Дорнод аймгийн Баян-Уулд 411.5 мм, Архангайн Эрдэнэмандалд 408.2 мм хур тунадас орсон нь хур тунадасны жилийн нийлбэрийн хувьд энэ жилийн хамгийн их утга болжээ. Төв аймгийн Мөнгөнморьтод 7-р сарын 07-нд 85.3 мм хур тунадас орсон нь хоногт орсон хур тунадасны 2014 оны жилийн хамгийн их утга болж байна.
Өвөл
Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулбал 2014 оны 1 дүгээр сард ихэнх нутагт дунджаас 1,1-6,0 хэмээр дулаан, харин 2 дугаар сард олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн баруун болон баруун өмнөд хэсгээр дунджаас 1,1-5,0 хэмээр хүйтэн, зүүн өмнөд хэсгээр дунджаас 1,1-3,6 хэмээр дулаан бусад нутагт дунджийн орчим байлаа.

1 дүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байсан ба Увсын Малчин, Хяргас, Наранбулаг, Завханы Тэс, Баянтэс, Асгат, Тосонцэнгэл, Тэлмэн, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Булганы Хангал, Сэлэнгийн Ерөө, Хэнтийн Дадал сумдад 20-29 см зузаан, (0.20-0.38 г/см3) нягтарч хатуурсан цасны улмаас мал бэлчээрлэлт хүндрэв. Түүнчлэн Баян-Өлгийн Даян, Увсын Зүүнговь, Түргэн, Сагил, Давст, Завхан, Баруунтуруун, Завханы Цэцэн-Уул, Алдархаан, Нөмрөг, Их-Уул, Сонгино, Баянхайрхан, Идэр, Түдэвтэй, Ургамал, Сантмаргац, Завханмандал, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Хөвсгөлийн Хатгал, Цагаан-Үүр, Тариалан, Эрдэнэбулган, Улаан-Уул, Булганы Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Бугат, Могод, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Баруунбүрэн, Хушаат, Цагааннуур, Зүүнбүрэн, Хүдэр, Дархан-Уулын Хонгор, Дархан, Төвийн Угтаалцайдам,Жаргалант, Баянчандмань, Хэнтийн Батширээт, Баян-Адарга, Гурванбаян, Өмнөдэлгэр, Баян-Овоо, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Асгат сумдад 10-19 см, нягт нь 0,20-0,24 г/см3, битүү цастай мал бэлчээрлэхэд хүндрэлтэй байлаа.
2013-2014 оны өвөл олон жилийн дунджаас ихэнх нутагт дулаан байсан тул мал өвөлжилтөнд тааламжтай өвөл байв.
Хавар
Сарын дундаж агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулбал 3 ба 4 дүгээр сард ихэнх нутгаар дунджаас 1,1-6,0 хэмээр дулаан, Хан хөхийн нуруу, Идэр, Тэс голын хөндийгөөр олон жилийн дунджийн орчим, 5 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1,1-4,4 хэмээр хүйтэн байлаа.
Шөнөдөө агаарын температур 3 дугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруу, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Туул голын хөндийгөөр хөндийгөөр 30-38 хэм, тал хээр, говийн нутгаар 10-19 хэм, бусад нутагт 20-29 хэм хүйтэн, 4 дүгээр сард ихэнх нутагт Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхий, Хантайширын нуруу, Увс нуур болон Дархадын хотгор, Монголын Дорнод тал, Идэр, Тэсийн голын хөндийгөөр 10-19 хэм хүйтэн, говийн нутгаар 0-4 хэм, бусад нутгаар 5-9 хэм байв. 5 дугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Булнай, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 0-5 хэм дулаан, говийн нутгаар 11-15 хэм, бусад нутгаар 6-10 хэм дулаан байлаа.
Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал 4 ба 5 дугаар сард нутгийн 80 гаруй хувьд олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу, 20 орчим хувьд дунджаас бага, 3 дугаар сард нутгийн 70 орчим хувьд дунджийн орчим ба түүнээс ахиу, 30 гаруй хувьд дунджаас бага орсон.
3 дугаар сарын дунд үе хүртэл Увсын Малчин, Завханы Тэс, Сэлэнгийн Ерөө, 20-25 см зузаан, нягт 0.20-0.27 г/см3 хүрч 3 аймгийн 3 суманд мал бэлчээрлэх боломжгүй. Харин Увсын Зүүнговь, Түргэн, Сагил, Давст, Баруунтуруун, Тэс, Завханы Их-Уул, Баянхайрхан, Яруу, Цагаанхайрхан, Баянтэс, Улиастай, Тосонцэнгэл, Цэцэн-Уул, Сантмаргац, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Булганы Сэлэнгэ, Хэнтийн Батширээт, Өмнөдэлгэр, сумдад 10-20 см битүү цастай байснаас 5 аймгийн 21 суманд хаваржилт хүндэвтэр, 3 дугаар сарын сүүлч гэхэд Завханы Тэст мал хаваржилтын байдал хүнд, харин 2 аймгийн 10 суманд хаваржилт хүндэвтэр байв. 4 дүгээр сарын сүүлчээр Говь-Алтайн Цогт, Архангайн Булган, Өвөрхангайн Арвайхээр, Есөнзүйл, Нарийнтээл, Өлзийт сумдад 0-4 см, Өвөрхангайн Хайрхандулаанд 9 см, зузаан цастай байв.
Бэлчээрийн ургамлын ургалт 4 дүгээр сарын эхэнд нийт нутгийн 60 орчим хувьд цухуйлтгүй, 30 орчим хувьд сайн, 10 орчим хувьд дунд үнэлгээтэй байж харин 5 дугаар сарын сүүлчээр нийт нутгийн 60 гаруй хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд буюу Өмнөговийн ихэнх, Баянхонгорын зарим нутгаар муу үнэлгээтэй болов. 5 дугаар сард бэлчээрийн ургамлын ургац Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Хөвсгөл, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутагт 0,1-1,0 ц/га, Завхан, Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатрын зарим сумдын нутагт 1,1-2,0 ц/га, Хөвсгөлийн Мөрөн, Архангайн Хотонт, Дархан-Уулын Орхон, Сэлэнгийн Баруунхараа, Зүүнбүрэн, Зүүнхараа, Сүхбаатар, Төвийн Алтанбулаг, Эрдэнэсант,Хэнтийн Баян-Овоо, Гурванбаян, Дорнодын Булган, Матад, Баян-Уул, Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чойбалсан, Сүхбаатарын Түмэнцогт, Эрдэнэцагаанд 2,1-5,2 ц/га хүрсэн.
Энэ хавар өмнөх оны энэ үетэй харьцуулбал малын бэлчээрлэлт хүндэрсэн нутаг бага, 3 ба 4 дүгээр сард олон жилийн дунджаас дулаан, нийт нутгийн 70 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсноос ихэнх нутгаар бэлчээрийн ургамал эрт цухуйлаа.
Зун
Энэ зун ихэнх нутгаар 6 дугаар сард олон жилийн дунджийн орчим, 7, 8 дугаар сард агаарын сарын дундаж температур олон жилийн дунджаас 1.1-5.0 хэмээр дулаан, агаарын температур өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хархираа Түргэний уулс, Ханхөхий, Тарвагатай, Хантайширын нуруугаар 21-29 хэм, говийн нутгаар 30-37 хэм дулаан байсан ба шөнөдөө ихэнх нутгаар 0-9 хэм дулаан, Алтайн Өвөр болон өмнөд говиор 10-20 хэм дулаан байв.
Хөрсний гадарга дээр өдөртөө Хангайн уулархаг нутгаар 40-49 хэм, Их нууруудын хотгор, Бурхантын хөндий, Монголын Дорнод тал болон говийн нутгаар 60-69 хэм, бусад нутагт 50-59 хэм дулаан, шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-4 хэм хүйтэн, говийн нутгаар 10-18 хэм, бусад нутагт 1-9 хэм дулаан байлаа.
Агаарын хамгийн их температур 30 хэмийг давж өндөр уулын бүс нутгаар 1-10 хоног, нутгийн зүүн хагас болон Орхон-Сэлэнгийн сав газар, Их нууруудын хотгор, Алтайн Өвөр говь, Халхын дундад өндөрлөг 10-20 хоног, Бурхантын хөндий, Баруун хуурай, Хонин-Усны хоолой, ялангуяа Өмнөговь, Дундговь, Дорноговийн зарим нутгаар 21-30 хоног, Өмнөговь, Дундговь, Дорноговийн хил залгаа сумдын нутаг болон Говь-Алтайн Тоорой, Шарга, Өмнөговийн Мандал-Овоо, Баян-Овоо, Ханбогд, Дорноговийн Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумдын нутгаар 31-57 хоног, Баянхонгорын Эхийн голд 76 хоног халав.
Хур тунадас 6 дугаар сард ихэнх нутагт 21-80 мм, их орсон газраа 81-186 мм, 7 дугаар сард ихэнх нутагт 0-20 мм, Хөвсгөл хэнтийн уулархаг нутгаар 81-120 мм, их орсон газраа 121-168 мм, 8 дугаар сард нутгийн 50 орчим хувьд 0-20 мм, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Тосонцэнгэл, Архангайн Батцэнгэл, Булганы Бугат, Хутаг-Өндөр, Сайхан, Сэлэнгийн Түшиг сумдад 81-107 мм, Ховдын Ховд, Хөвсгөлийн Улаан-Уул, Цагаан-Үүр, Түнэл, Их-Уул, Тариалан, Архангайн Тариат, Эрдэнэмандал, Булган, Төвшрүүлэх, Булганы Тэшиг, Баян-Агт, Сэлэнгийн Цагааннуур, Ерөө, Дорнодын Баяндун, Матад, Халхгол сумд болон Улаанбаатар хотод 51-80 мм орсон буюу 6 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, харин 7 ба 8 дугаар сард олон жилийн дунджийн орчим ба түүнээс бага хур тунадас унав.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 5 дугаар сард Баянхонгор өмнөд хэсэг болон Өмнөговийн зарим нутгаар ургамал цухуйсан боловч ургалт муу, Алтайн нурууны өмнөд хэсэг, говийн нутгаар дунд, 70 орчим хувьд сайн, 6 дугаар сард сайжран 90 гаруй хувьд сайн байсан ба 7 дугаар сарын дундаас хойш гандаж 8 дугаар сард нутгийн 55 гаруй хувьд сайн, буюу Дархан-Уулын нийт, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Увс, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Дундговь, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар зуншлагатай, 40 орчим хувьд гандуу, 5 орчим хувьд буюу Дундговийн Өргөн, Дорноговийн Мандах, Өмнөговийн Мандал-Овоо сумын нийт, Баян-Өлгийн Цагааннуурын хойд, Говь-Алтайн Жаргалантын баруун, Сүхбаатарын Түвшинширээн баруун хэсгээр гантай байлаа.

Зуншлагын байдал: 2014 оны 7 дугаар сарын 31-ны байдлаар
Бэлчээрийн ургамлын ургац энэ зун Архангайн Эрдэнэбулган, Өвөрхангайн Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Төвийн Угтаалцайдам, Заамар, Орхоны Баян-Өндөр, Сэлэнгийн Зүүнхараа, Түшиг, Орхонтуул, Баруунбүрэн, Хэнтийн Гурванбаян, Дорнодын Баян-Уул, Дашбалбар, Чойбалсан, Булган, Гурванүагал, Сэргэлэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чулуунхороот Сүхбаатарын Эрдэнэцагаан, Түмэнцогтод 10.0-18.9 ц/га, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дундговийн ихэнх нутгаар 1.0-5.0 ц/га, их ургацтай газартаа 5.1-9.9 ц/га, бусад нутагт 1 ц/га хүрэхгүй байв.
Таримал ургамалд чийг ихээр шаардагдах 7 дугаар сард агаарын температур 30-38 хэм хүрч 1-7 хоног халж, хур тунадас ихэнх газар олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, хөрсний чийг Өвөрхангайн Хархорин, Булганы Ингэттолгой, Булган, Сэлэнгийн Ерөө, Цагааннуур, Зүүнхараа, Дархан-Уул, Төвийн Баянчандмань, Жаргалант, Хөвсгөлийн Тариалан, Сүхбаатарын Баруун-Урт, Хэнтийн Гурванбаян, Өндөрхаанд хангалттай, Увсын Баруунтуруунд дунд зэрэг, Архангайн Төвшрүүлэх, Дорнодын Халхгол, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Орхон, Баруунхараа, Орхонтуул, Дархан-Уул, Төвийн Угтаал, Борнуур, Эрдэнэсант, Дорнодын Онон, Чойбалсанд хангалтгүй байсан бол ургамал боловсрох үе буюу 8 дугаар сарын турш агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас зарим газарт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу орж,тариалан бүхий нийт нутгаар арвин ургац авах нөхцөл бүрдсэн. 7 ба 8 дугаар сард ихэнх газруудад ургалтын байдал сайн байсан бөгөөд 8 дугаар сарын сүүлчийн арав хоногт буудай аарц болон бүрэн бололт, төмс иш навчны гулжийлтын үе шатандаа бүрэн шилжиж ургац хураах боломжтой болов.
Энэ жилийн 6 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, агаарын температур олон жилийн дунджийн орчим байж ургамлын ургалтанд тааламжтай нөлөөлж зуншлага сайхан байв. Харин 7 дугаар сарын сүүлээс эхлэн зарим нутагт агаарын температур 30 хэмийг давж олон хоног халж, хур тунадас олон жилийн дунджаас бага орж бэлчээрийн ургамлын ургалтанд нөлөөлж бага зэрэг гандсан ч хадлан тэжээл ургац бүрдэхэд тааламжтай нөлөөлсөн зун болж газар тариалангийн үйлдвэрлэлд бүхэлдээ маш тааламжтай, өгөөжтэй байв.
Намар
Агаарын температурын 9 дүгээр сард нутгийн зүүн, зүүн өмнөд хэсгээр 1.1-3.1 хэмээр дулаан, бусад нутгаар дунджийн орчим, 10, 11 дүгээр сард дугаар сард ихэнх нутгаар дунджаас 1.1-4.5 хэмээр дулаан байлаа.
Хур тунадас 9 дүгээр сард ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу төвийн болон говийн аймгуудын зарим нутгаар дунджаас бага, 10дугаар сард нутгийн 60 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу, төвийн болон 40 гаруй хувьд дунджаас бага,11 дүгээр сард нутгийн 60 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, Баян-Өлгийн нийт, Ховд, Дорнодын хойд хэсгээр дунджаас ахиу байв.
Намар агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас багатай, цаг агаар тогтуун байсан нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ажил явуулахад таатай байлаа.
9 дүгээр сарын сүүлээр газар тариалан бүхий нутгаар нойтон цас орж үр тариа, төмс, хүнсний ногоо хураах болон хадлан тэжээл бэлтгэх ажил 1-2 хоногоор саатсан хэдий ч 2014 он сүүлийн 10 гаруй жилд хурааж аваагүй арвин ургац хураан авсан агро цаг уурын таатай нөхцөл бүрдсэн сайхан жил байв.
Агаар мандлын гаралтай гамшигт үзэгдэл
Ус цаг уур, орчны хүрээлэн, ОБЕГ-ын сүүлийн 20 жилийн хамтын судалгаагаар жилд дунджаар Монгол улсад ус, цаг уурын аюултай болон гамшигт үзэгдлийн давтагдал 1995-2004 онд 46 байсан бол 2005-2014 онд 71 болж нэмэгдсэний зэрэгцээ 2013-2014 онд 85-123 удаа ажиглагдсан нь сүүлийн 10 жилтэй харьцуулахад 14-52-оор нэмэгджээ.
Монгол улсад тохиолдож байгаа аюултай болон гамшигт үзэгдлүүдээс хүчтэй салхи шуурга 24 хувь, ширүүн аадар бороо 21 хувь, уруйн үер болон аянга цахилгааны үзэгдэл 13 хувийг эзэлж байна.

Монгол оронд жилд ажиглагдсан аюултай болон гамшигт үзэгдлийн давтагдал
Монгол оронд зуны хүчтэй халалтын улмаас үүсэж ажиглагдах аадар бороо, уруйн үер, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны гамшигт үзэгдлийн давтагдал эрчимтэй өсөж, агаар мандлын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлийн 53.3 хувийг эзэлдэг бөгөөд үүний 41.1 хувийг аадар бороо, уруйн үер эзэлж байна.
2013 оны 7 дугаар сарын 4-ний орой Сэлэнгэ аймгийн Түшиг суманд аадар бороо, том мөндөр, нөөлөг салхи тохиолдсон бол, 2014 оны 7 дугаар сарын 26-нд Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт өргөнөөрөө 300-400 метр, уртаараа 10 км орчим нутгийг хамарсан догшин хар салхи, ширүүн аадар бороо, 6 см орчим голчтой том мөндөр оров. Ийм догшин хар салхи Монгол оронд өмнө нь 1974 оны 7 сарын 16-нд Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх бригадад ажиглагдаж байжээ.

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багт болсон хар салхинд хийсэж шидэгдсэн мал, машин, нурсан байшин
Догшин хар салхи болсон нутагт цаг уурын станц, харуул байхгүй тул салхины хурд хэдэн м/с хүрснийг нарийн тогтоох боломжгүй байлаа. АНУ-ын Чикаго их сургуулиас боловсруулсан хар салхины хүчийг учруулсан хохирлын байдлаар тодорхойлох хүснэгтээр дээрх хар салхины хурдыг тодорхойлбол энэ хар салхи F4 ангилалд багтах (сайн баригдсан байшин нурах, муу суурьтай байшин бут цохигдох, машин 10 метр шидэгдэх, мод булгарч, чулуу хийсэх) тул салхины хурд нь 58-72 м/с хүрсэн гэсэн ойролцоо тоо гаргасан болно.
Сүүлийн 12 жилд ус цаг уурын гаралтай гамшигт үзэгдлийн улмаас 424 хүний амь эрсдэж, 24.5 сая мал хорогдож, 564 тэрбум 191 сая 420 мянган төгрөгийн хохирол учирсан бөгөөд ам насаа алдсан хүний 41.2 хувь нь хүчтэй салхи шуурганы улмаас, 22.4 хувь нь ширүүн аадар бороо, уруйн үерээс болж энджээ. /ОБЕГ/
2013 оны 7 дугаар сард Сэлэнгэ аймгийн Түшиг суманд болсон аюултай үзэгдлийн улмаас улс нийгэмд 3 тэрбум гаруй төгрөгийн, 2014 оны 7 дугаар сард Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт болсон хар салхины улмаас 1 хүн нас барж, 9 хүн гэмтэж, 198 мал үхэж, 5 байшин, 3 машин эвдэрсэн, нийт 413 сая 523 мянган төгрөгийн хохирол тус тус учирчээ.
2014 онд 12 хүн амь насаа алдаж, 20 хүн гэмтэж, 1019 мал хорогдсон бөгөөд улс нийгэмд 1 тэрбум 466 сая 40 мянган төгрөгийн хохирол учирсан байна.
Ой хээрийн түймэр
Ой хээрийн түймэр манай улсад хамгийн их тохиолддог гамшгийн нэг бөгөөд түймэр гарсан шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаанаас гадна агаар, хөрсний их халалт, хуурайшилтаас ихээхэн хамаардаг.
БОНХАЖ-ын сайдын тушаалаар УЦУОХ-гээс жил бүрийн 15/III-15/VI, 15/VIII-20/X-ны хооронд хуурайшлын зэргийг өдөр бүрээр бодож тооцоолж үйлчилдэг. 2014 оны намар нийт нутгаар дулаан, хуурайшилт ихтэй байсны улмаас хуурайшлын зэргийг 11 дүгээр сарын 10 хүртэл сунгаж бодож үйлчилсэн боловч 2014 оны 11 дүгээр сарын 19-ний Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарч хоёр хүн түлэгдэж нэг хүн ам насаа алдаж, 10 айлын гэр шатаж их хэмжээний хохирол учирсан.

Ой хээрийн түймрийн давтагдал
Ой хээрийн түймэр жилд дунджаар 160 удаа тохиолддог бөгөөд 2013-2014 онд дунджаас 28-121-ээр нэмэгджээ. Цаашид уур амьсгалын дулааралтаас хуурайшилт улам нэмэгдэх тул ой хээрийн түймрийн улмаас байгалийн нөөц хомсдох, эдийн засагт маш их хохирол учруулах гол хүчин зүйл болж болзошгүйг онцгой анхаарах шаардлагатай байна.
Шороон шуурга, тоос тоосонцор
Шороон шуурганы давтагдал 1960 оноос хойшхи ерөнхий хандлагаараа 2014 оны байдлаар бараг 3 дахин ихэссэн. Харин 2013-2014 онд шороон шуурганы давтагдал бага зэрэг буурсан нь зундаа хур бороо ахиу орж, ургамал сайн ургаж зуншлага сайн болж газрын хөрс ургамлаар сайтар хучигдсан, өвөл нь цас ахиу орсноос хавартаа хөрс харьцангуй чийгтэй байсан, мөн түүнчлэн хүчтэй салхи үүсэх агаар мандлын хүчин зүйлийн нөлөө харьцангуй бага байсантай холбоотой.

Монгол оронд ажиглагдсан шороон шуургатай өдрийн тоо
Хэдийгээр шороон шуурганы давтагдал 2013-2014 онд буурсан ч 2013 оны 3 дугаар сарын 8, 2014 оны 3 дугаар сарын 15-16, 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд манай орны говийн бүс нутагт хүчтэй шороон шуурга шуурч, малчид болон аж ахуйн салбаруудын үйл ажиллагаанд саад бэрхшээл учруулсан. Тухайлбал, тоосны багажийн хэмжилтээр 2013 оны 3 дугаар сарын 8-ны өдөр нэг шоо метр агаар дахь тоосны агууламж Өмнөговийн Даланзадгад орчимд 1530 микрограмм, Номгон сум орчимд 3633 микрограмм, Дорноговийн Эрдэнэ сумын орчимд 1912 микрограмм, Замын-Үүд орчимд 507 микрограмм хүрсэн нь ердийн үеийнхээс 10-70 дахин ихэссэн төдийгүй Дорноговийн Замын-Үүдэд байрлуулсан лидарын хэмжилтээр тоос газрын гадаргаас дээш 2.5 км өндөрт тархаж, агаарын урсгалаар зүүн, зүүн өмнө зүгт шилжин зүүн хойд Азийн бүс нутгийг хамарсан.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцаа, мэрэгчид
2014 оны 8 дугаар сарын 3 дугаар арав хоногт 1м2 талбайд царцааны дундаж тоо ихэнх нутгаар 1-8 ажиглагдсан ба Архангайн Булганд 21 царцаа тоологдож хэт олшролтын хэмжээнд хүрчээ.

2014 оны 8 дугаар сарын 2 дугаар арав хоногт хийсэн бэлчээрийн ургамлын хөнөөлт мэрэгчдийн байнгын ажиглалтын мэдээнээс үлийн цагаан оготны тоог дунджаар гаргахад ихэнх нутагт 1-53, Архангайн Цахирт 96, Цэцэрлэгт 121 оготно тоологджээ. Оготно тархсан нутгаар бэлчээрийн ургамлын ургац дунджаар 1.5 ц/га-аар буурсан.

2014-2015 оны өвөл, хаврын бэлчээрийн даац
Ус цаг уур, орчны хүрээлэн “Ган, зуд, ус, цаг агаарын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол улсын Засгийн газрын 2000 оны 190 дүгээр тогтоолын дагуу өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргадаг.
Зуншлагын байдал 2014 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 75 хувь хэвийн, 20 хувь гандуу, 10 хувь нь гантай байв. Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нутгийн 70 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой буюу тодорхой тооны мал гаднаас отроор орох бэлчээрийн нөөцтэй. Харин нутгийн 30 орчим хувь нь өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломж муу байгаа нь өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг харуулж байна.
Аймгийн дүнгээр авч үзвэл Ховд, Архангай, Булган, Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгуудын зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.

2014 оны өвөл хаврын бэлчээрийн даац, хувиар (багийн нутгаар)
Цасан бүрхүүл
2014 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтож Баян-Өлгийн Алтай, Ховдын Ховд, Буянт, Чандмань, Зэрэг, Архангайн Түвшрүүлэх, Эрдэнэбулган, Булганы Дашинчилэн, Сүхбаатарын Халзан, Асгат сумдад 6-10 см, бусад нутгаар 0-5 см болсон нь сар дуустал нэмэгдээгүй.
12 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 50 хувь буюу нутгийн хойд хагаст цасан бүрхүүл тогтсоноос Увсын Хяргас, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дархан, Төв, Сүхбаатарын зарим сумдад 10-18 см, бусад нутгаар 0-9 см цастай өвөлжсөн нь цасны зузаан болон тархац уур амьсгалын дунджаас бага байв.

2014 оны цаг агаарын онцлог
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт