ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Тусгаар тогтнолын төлөөх 1945 оны санал хураалтын түүхээс

    Энэ онд 70 жилийн түүхэн ой нь тохиох тэртээ 1945  оны 10 дугаар сарын 20-нд монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгч байлаа. Энэ үйл явдал нь Монголын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн юм. Тухайн үед Дундад иргэн улсын зүгээс тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь саналын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм гэсэн нот бичгийг манай улсад илгээсэн аж. Ингээд дээрх нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдээс 1945 оны Есдүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаар хурлаар дараах утга бүхий тогтоолыг гаргажээ.

    "Бүх ард түмний тус улсын бүх нутаг дэвсгэр дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэрэг гаргуулахаар тогтоосугай" гэжээ.
    Мөн 85 дугаар тогтоолд "Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог нэрийн "зөвшөөрөх", "татгалзах" хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар" гэж заасны дагуу санал хураалт болжээ.

    Уг санал хураалт эхлэхэд дундад иргэн улсын засгийн газраас Ли Фа Жан тэргүүтэй албаны хүмүүс ирж ажиглалт хийжээ. Санал хураалт тухайн өдрөө дуусч, тус сарын 30-ны өдөр протокол үйлдэн, тогтоол гаргаж ЗХУ болон Дундад иргэн улсын засгийн газарт хүргүүлсэн байх юм. Энэ том ажлын үр дүн гарч 1946 оны Нэгдүгээр сард Хятадын гадаад явдлын яамнаас маршал Хорлоогийн Чойбалсанд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаагаа баталсан тухай нот бичиг ирүүлжээ.

    Дээрх нот бичигт "Хятадын 1934 оны Аравдугаар сарын 20-нд Гадаад Монголын ард түмнээс авсан санал хураах ажлын дүнгийн тухай нот бичгийг авлаа. Энэ нь Гадаад Монголын ард түмнээс өөрийн тусгаар тогтнолыг баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах дээд зөвлөлийн тогтоол ёсоор Хятадын улсын засгийн газар нь энэ өдрөөс эхлэн Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээснээ зарлана. Үүнийг мэдэгдэхээр нот явуулав" хэмээжээ. Чингэж Монголын ард түмэн асар их хүчин чармайлтынхаа үр дүнд Хятад улсын засгийн газраар тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ.

    Уг санал хураалтад сонгуулийн насны 494.960 хүн оролцох ёстойгоос 487.409 хүн саналаа өгч байжээ. Харин 7.551 хүн буюу нийт санал өгөх хүмүүсийн 1,5 хувь нь ямар нэгэн шалтгаанаар санал хураалтанд оролцоогүй юм. Доорх хүснэгтэд тус санал хураалтад оролцсон хүмүүсийн тоо, аймгуудын хүн ам, гарын үсгээ тавьсан буюу бичиг мэддэг хүний хувийг аймаг, хот гэж ангилан тус бүрд нь харууллаа.

     Д/д

     Аймгийн нэр

    Санал өгсөн хүний тоо.

    Гарын үсэг зурсан, бичиг үсэгтэй иргэдийн хувь

     1

     Архангай

     35.587

     43,3

     2

     Баянхонгор

     24.117

     35,1

     3

     Баян-Өлгий

     17.438

     38,0

     4

     Булган

     21.857

     71,8

     5

     Говь-Алтай

     19.820

     35,0

     6

     Дундговь

     15.485

     51,2

     7

     Дорноговь

     12.868

     49,6

     8

     Сэлэнгэ

     11.979

     45,5

     9

     Сүхбаатар

     17.370

     53,5

     10

     Хэнтий

     22.664

     53,1

     11

     Хөвсгөл

     36.304

     44,5

     12

     Ховд

     21.848

     32,5

     13

     Увс

     25.788

     28,4

     14

     Өмнөговь

     12.303

     45,0

     15

     Өвөрхангай

     30.134

     23,9

     16

     Завхан

     35.651

     32,8

     17

     Төв

     36.425

     97,6

     18

     Чойбалсан

     19.781

     56,4

     19

     Улаанбаатар

     24.846

     91,7

     20

     МА хувьсгалт цэрэг

     35.608

     99,2

     21

     Дотоод явдлын яам

     9.141

     98,9

     22

     ЗХУ-д буй хүмүүс

     395

     100

    Дунджаар нийт хүмүүсийн 54 орчим хувь нь бичиг үсэг мэддэг байжээ.
    Мөн зарим нэг сонирхол татахуйц баримтуудаас сонирхуулбал, Ховд аймагт гадаадын харьяат гэх нэрийн дор нийт 347 хүн саналаа өгсөн бөгөөд энд голцуу Өвөрмонгол, цөөн тооны Хятад, Орос иргэд байгаа нь тун сонирхолтой юм. Эдгээр хүмүүсээс ердөө 29 хүн монгол бичгээр гарын үсгээ зуран, 2 хүн хятадаар зуран, 3 хүн хятад бичиг бүхий мутрын тэмдэг даржээ. Бусад бичиг үсэг мэдэхгүй 313 хүн санал өгөх зааварт тусгагдсаны дагуу баруун гарын эрхий хурууныхаа хээг даржээ.   

    Түүнчлэн тухайн үед Булган аймгийн нутаг дахь “Булганы баруун хойд засан хүмүүжүүлэх газар”-т ял эдлэж байсан 52 хоригдол саналаа өгчээ. Эдгээрээс 2 нь бичиг үсэгт тайлагдаагүй, бусад хүмүүжигчид нь монгол бичгээр болон тухайн үед дөнгөж шилжиж байсан кирилл бичгээр гарын үсгээ зурсан байгаа нь нэн сонирхолтой баримт юм.

    Үүнээс гадна тус санал хураалтанд зориулан зурагт хуудас хэвлэн гаргаж байсан нь цөөн тоогоор хадгалагдан үлджээ. Эдгээр зурагт хуудсанд: “Би. Бүгд найрамдах монгол ард улсын харъяат мөн. Хүн болж төрсний минь дээд зэргийн эрхэм эрмэлзэл бол өөрийн эх орны тусгаар тогтнолын төлөө амь ба санаа сэтгэлээ зориулахад хэзээ ч бэлхэн байхад оршино. Би өөрийн харьяат эх орны тусгаар тогтнолын төлөө батлана” гэжээ.

    Эл бичгийн цаад дэвсгэрт монголын газрын зургийг байрлуулан, гараа өргөн санал өгч буй хүнийг дүрслэн зуржээ. Энэхүү түүхэн санал хураалтад холбогдох 380 гаруй баримт одоо Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж байна.

    Дашрамд дурдахад 2015 онд энэхүү түүхэн үйл явдлын 70 жилийн ой тохионо.

    ҮТА-ын Лавлагаа, мэдээллийн төвийн архивч Д.Бат-Ундрах

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй