Рок поп урлагт хөл тавьсан цагаасаа өнөөг хүртэл уран бүтээлээ тасралтгүй туурвисаар ирсэн “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж фэнүүдээ баярлуулсан.
Тэрбээр тэр үед “Энэ бүхэн зөвхөн миний бус бидний хийсэн бүтээсэн зүйлийн минь хариу нь биз ээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв. Хөгжмийн ертөнцийг “Хурд”-гүйгээр, уран бүтээлийг нь сонсогч фэнүүдгүйгээр нь төсөөлшгүй.
Рашаант өртөөний жирийн нэгэн айлын хөвгүүд хамтлаг байгуулан, алдар нэрээ хожим өндөрт дуудуулна гэж хэн ч бодоогүй биз. Тэгвэл “Хурд”-ынхан он жилүүдэд бахархах, омогших, гайхуулах олон зүйлтэй урагшилжээ. Тэднийг ийн урагшлахад Д.Отгонбаярын нөлөө ч их бий.
Хоёр жилийн өмнө 20 жилийнхээ ойг фэнүүдтэйгээ нижгэр тэмдэглэсэн тэд уран бүтээлийн хувьд эрийн цээнд хүрснээ 20 жилийн ойн баяраар хэвлүүлсэн алтан пянзаараа харуулсан. Хамтлагтаа олны сэтгэлд хоногшсон олон дууны аялгууг бүтээсэн нь Д.Отгонбаяр.
Түүний зохиосон дуу, дууных нь аялгуу рок попын дуучдаас хитээр шалгарч байсан удаа цөөнгүй. Хамтлагийнхаа гишүүдийн гавьяат цолыг нэгээр ахиулсан тэрбээр 2012 оны аравдугаар сарын 12,13-нд “UB Palace” концертын их танхимд “Чи минь байгаа болохоор” анхны бие даасан тоглолтоо сүртэй хийж байлаа. Түмний өмнө ая дуугаа өргөж, төрийн тэргүүнээсээ төрийн шагнал хүртсэн тэрбээр маргааш гавьяатынхаа найрыг хийх гэнэ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт