ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шинэ хууль архидалтаас аврах уу, түүнтэй найзлах уу

    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилсан “Согтууруулах ундааны хяналтын тухай хууль”-ийн төслийг УИХ ид хэлэлцэж байна. Хуулийн төслийг энэ хэвээр баталбал 8 нэрийн дэлгүүр ажиллуулж амжиргаагаа залгуулдаг иргэд орлогогүй болж, дэлгүүрүүд нь хаалгаа барина гэж үзэх хэсэг байна. Архидалтыг хумих гээд хэтэрхий амьдралаас тасарсан заалтууд оруулж, эргээд гарах сөрөг үр дүнг тооцоогүй гэсэн шүүмжлэл ч уг  хуулийн төслийг дагаж буй.  Харин төсөл санаачлагч задгайрсан архидалтыг хумиж, архидалтаас болж эрүүл  мэндээ хохироосон монголчуудад "эм" болох төсөл болсон хэмээн үзэж буй.

    Уг хуулийн төслийг байнгын хороогоор уржигдар хэлэлцэх үеэр гишүүдийн санал нэгдээгүйгээс нэлээд маргаан дагуулж АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авсан юм. Хуулийн төслийг эргүүлэн татах санал  оруулах байх гэсэн хүлээлттэй хэсэг ч байгаа юм. Та доорхи мэдээллээс хуулийн төсөлд яг ямар гол, гол өөрчлөлтүүд орж буйг уншаад дүгнэлтийг хувьдаа гаргаарай.

     Үүнд:

    1

    Спирт, бусад согтууруулах ундааны үйлдвэрлэл, спиртийн хуваарилалт, олголт, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг хуульчилна. Ингэхдээ тухайн согтууруулах ундааны спиртийн агууламжийн хэмжээг харгалзан ялгамжтайгаар зохицуулахаар заасан.

    2

     Өндөр агууламжтай согтууруулах ундаанд 1­8 хувиас дээш этилийн спиртийн агууламжтай бүх төрлийн согтууруулах ундааг хамааруулж, спирт, бүх төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр Засгийн газар олгодог байхаар хуулийн төсөлд тусгасан. Мөн түүнчлэн согтууруулах ундаа үйлдвэрлэх бүх төрлийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, сунгах асуудлыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бус, Засгийн газар шийдвэрлэдэг байх, тусгай зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар олгож, 2 жилийн хугацаагаар сунгаж байхаар тусгалаа.

    3

    Бүх төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энгийн хувьцааны хяналтын багцыг буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшиж буй этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд буй хөрөнгийг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхийг хориглохоор хуулийн төсөлд тусгасан.

    4

     Хуулийн төсөлд спирт, бүх төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авахаар сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах шаардлага, тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигтэй холбогдсон асуудлыг тусгайлан зохицуулсан.

    5

    Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд тавих хяналтын механизмыг хуулийн төсөлд нарийвчлан тусгаж, өндөр агууламжтай согтууруулах ундааг дагнасан цэгээр худалдах, тусгай зөвшөөрлийг 2000 мянган хүн ам тутамд нэгээс ихгүй, 2000-аас доош хүн амтай суманд 2-оос дээшгүй байхаар тооцож сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хязгаарт багтаан Сум, дүүргийн Засаг дарга олгохоор, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орчны бүсэд оршин суугч иргэдийн 50-иас доошгүй хувийн саналыг үндэслэн  хүчингүй болгохоор тус тус тусгалаа.

    6

    Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундааг 10-21 цагийн хооронд, спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар 10-24 цагийн хооронд худалдаж, үйлчлэхээр төсөлд заасан. Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгох, сунгахад 50’000’000 төгрөг, аймгийн төвийн суманд 25’000’000 төгрөг, бусад суманд 15’000’000 төгрөг , спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгох, сунгахад нийслэлд 20’000’000 төгрөг, аймгийн төвийн суманд 15’000’000 төгрөг, бусад суманд 5’000’000 төгрөг; спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгахад нийслэлд 20’000’000 төгрөг, аймгийн төвийн суманд 10’000’000 төгрөг, бусад суманд 5’000’000 төгрөг, спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгахад нийслэлд 12’000’000 төгрөг, аймгийн төвийн суманд 6’000’000 төгрөг, бусад суманд 4’000’000 төгрөг, төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж хураахаар тусгав.

    7

    Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалах цэгт үйлчлүүлэгчээс иргэний цахим үнэмлэх эсхүл тухайн үйлчлүүлэгчийг 21 нас хүрснийг нотлох бусад бичиг баримт үзүүлэхийг шаардах, согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдэд үйлчлэхгүй байхаар тусгав.

    8

    Хуулийн биелэлт хангалтгүй байгаа нь хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын хэмжээ бодитой бус байгаатай холбоотой тул хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан.  

    9

    Мөн согтууруулах ундаа үйлдвэрлэгч нь иргэдэд худалдаалах, согтууруулах ундааг согтууруулах ундаанд ноогдуулсан татвар болон үйлдвэрлэсэн өртгийн нийлбэр дүнгээс бага үнээр худалдах, аж ахуйн нэгжийн нэртэй ижил нэрээр нэрлэсэн согтууруулах ундаа үйлдвэрлэхийг хориглосон зохицуулалтыг нэмж тусгав.

    10

    Согтууруулах ундаа худалдах болон үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох, хүчингүй болгоход эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байдаг иргэдийн саналаар шийдвэрлэдэг байхаар тусгав. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг дүүргийн Засаг дарга орчны бүсэд оршин суугч иргэдийн 90-ээс дээш хувийн дэмжсэн саналыг үндэслэн спиртийн өндөр агууламжтай, сул агууламжтай согтууруулах ундааны төрлөөр олгохоор тусгав.

    11

    Согтууруулах ундааны хэрэглээг нэмэгдүүлэх, согтуурах сонирхол, сэдлийг өдөөгч гол хүчин зүйл болох зар суртчилгааг нарийн, хяналттай зохицуулдаг олон улсын жишгийн дагуу согтууруулах ундааны зар сурталчилгааг ил болон далд хэлбэрээр явуулахыг хязгаарласан.

     

    Манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн  7, архины 57, шар айргийн 19, дарсны 10, нийт 93 аж ахуйн нэгж бий. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хавтгайруулан олгосон нь архины хэрэглээг нэмэгдүүлэх, чанарын шаардлага хангахгүй согтууруулах ундаа хэрэглэх үндэс болж байна.

    Статистикаас үзэхэд, манай улсад гарсан нийт гэмт хэргийн гуравны нэг хувь, хүнд, онц хүнд гэмт хэргийн хоёрны нэг хувь, нийслэлд гарсан гэмт хэргийн 57.7 хувийг согтуугаар үйлдсэн байдаг ажээ.

    Гишүүдийн байр суурь

    А.Бакей

    Хоёр хуулийн төслийн аль аль нь архины худалдаа, үйлдвэрлэл, жижиглэнгийн худалдаа, архины үйлчилгээ, хэрэглээ гээд бүх шатанд чангатгах чиглэлийн үзэл баримтлалаар орж ирсэн гэж ойлгож байгаа. Мэдээж Улсын Их Хурлын 76 гишүүн бүгдээрээ архины эсрэг, архидалтын эсрэг байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа. Гагцхүү энийг яаж хуулинд зөв оруулах асуудал хамгийн чухал асуудал. Архины эсрэг тэмцэнэ гээд архитай тэмцэх гээд байгаа хандлага буруу. Архи худалдах тусгай зөвшөөрөл олгохдоо сонгон шалгаруулалт хийнэ, дуудлага худалдаагаар явуулна гэж байгаа нь зөв эсэхэд анхаарах хэрэгтэй. Шууд хориглох, хасах асуудлаар шийдэх нь үр дүнгээ өгөхгүй. Гэхдээ зарим заалтуудыг дэмжих бололцоотой

    Я.Содбаатар

    Эдийн засгийн хямралтай хүнд энэ үед архины хяналт, худалдааг чангатгах нь буруу. Энэ нь нэг талаас олон мянган хүний ажлын байртай холбогдоно. Хатуу хууль гаргаснаар хууль бус худалдаа, шагийг бий болгоно. Иймээс архи худалдаалах дагнасан цэг бий болгох цаг нь арай болоогүй байна

     

     

     

    Г.Баярсайхан

    УИХ-ын гишүүн Г.Эрдэнэчимэгийг лоббид автчихсан юм уу. Архи зарах тусгай зөвшөөрлийн хураамжийг өндөр тогтоохоор завдаж буй нь иргэдийнхээ эсрэг хийж буй үйлдэл гэж үзэж болно.

     

     

     

     С.Ганбаатар

    Энэ хуулийн төслийг маш удаан ярьж ,хуулийн талаас нь тодорхой хэмжээнд зохицуулалт хийе гэж байгаа. Хэрэглэгчдийн холбоо, Архины эсрэг тэмцдэг Төрийн бус байгууллагууд өөрсдөө энэ хуулийг гаргахыг хүсч дэмжиж байгаа шүү.

     

     

     

    Д.Сарангэрэл

    Эл хуулийн төсөл батлагдвал шагийн архи зарж буй хүмүүс олширохоос гадна “Азийн чоно”-ын хуурамч архинд хордож амь насаа олноороо алдсан гашуун түүх ч давтагдаж магадгүй

     

     

     

     

    “Согтууруулах ундааны хяналтын тухай хууль”-ийн төсөл татах

    Б.Намжилмаа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй