ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хакүхо багшийнхаа хамт сүмогийн холбооноос хатуу сануулга авчээ

    Японы Эзэн Хааны цомыг 33 дахь удаагаа хүртэж, олныг баясгасан их аварга Хакүхо ганцхан өдрийн дараа шүүмжлэлийн бай болон хувирав.

    Мэргэжлийн сүмогийн башёд түрүүлсэн бөх маргааш нь дэвжээндээ хэвлэлийн бага хурал хийлгэдэг уламжлалтай. Миягино дэвжээнд цугласан сэтгүүлчдийн өмнө Хакүхогийн хэлсэн үг Сүмогийн холбооны эрх мяндагтнуудын уурыг хүргэж, хэвлэл мэдээллийнхний олз боллоо.

    33 дахь түрүүнийхээ тухай ярьж суусан их аварга “Сэтгэл гонсойлгосон ганцхан зүйл байна. Тэмцээний 13 дахь өдөр Кисэносатотой барилдаж ялчихаад байхад засуулууд зэрэг унасан гэж үзэж дахин барилдуулах шийдвэр гаргасан.

    Гэртээ хариад бичлэг үзэхэд ил тод би ялж байлаа. Жаахан хүүхэд ч үзээд ойлгохоор байхад засуулууд яагаад ингэж алдав? Дүрс бичлэгээр нягталсан хэрнээ ийм шийдвэр гаргасанд үнэхээр харамсаж байна. Шүүгчид өмнө нь барилдаж явсан бөх байж, арай ч дээ. Дахиж ийм явдал бүү гараасай. Үзэгчид дахин барилдуулья гэж хашгирсан ч үнэн зөв шүүх хэрэгтэй. Арьсны өнгө үүнд хамаагүй, магэ үсээ янзлаад дохён дээр гарсан л бол бүгд адилхан япон гэсэн үг. Бүгд ижилхэн л хүн” гэж засуулуудыг шүүмжилсэн юм.

    Засуулууд тэр дундаа тэр барилдааныг шүүсэн ояката нар үүнийг тун эмзэг хүлээн авчээ. “Аварга хүний буурь суурьгүй байна”, “Үндэсний спортыг юу гэж бодоод байна вэ” гэж шүүмжилсэн бол ерөнхийлөгч Китаноүми өнөөдөр болсон холбооны хурал дээр Хакүхогийн багш Миягино оякатаг дуудан, хатуу анхааруулга өгчээ. Сүмогийн холбооны шүүлт хариуцсан ояката нар холбоонд хандан, ёкозүна Хакүхог дуудан, учрыг лавлах хүсэлт тавьжээ. Зарим ояката яагаад ийм үг хэлсэн талаар асууж лавлах бус Хакүход сүмогийн түүх, засуул, шүүгчийн ажлын талаар хичээл заая гэж ч санал гаргасан байна. Наран орны хэвлэл мэдээлэл ч тэмцээн дууссанаас хойш Хакүхог нэлээд шүүмжилж буй.

    “Хатуу ширүүн барилдаж байна”, “Өрсөлдөгчөө ялчихсан хойноо нэмж түлхдэг”, “Шагналын мөнгө авахдаа хөмхий зуугаад л”, “Тайхо аварга ийм байгаагүй” зэргээр янз бүрээр өөлж эхлэв.

    Хакүхогийн хэвлэлийн бага хурлын дараа Сүмогийн холбоонд 100 гаруй хүн утасдаж, Хакүхог шүүмжилсэн бол Хакүхог дэмжигчид харин түүний албан ёсны блогт дэмжлэгийн үгээ бичсээр.

    Түүний блогт “Хакүхо бол ямар ч япон хүнээс илүү Японы зан заншлыг ойлгодог”, “Хакүхо чи бол жинхэнэ самурай”, “Битгий ай, бид чамтай хамт” зэргээр сэтгэгдлээ бичжээ. Харин Миягино ояката 27-нд “Хакүхог би дуудаж, анхааруулга өгсөн. Тэрбээр уучлаарай хэмээн хүлцэл өчсөн” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн.Гэхдээ өнөөдөр багш, шавь хамтдаа Холбооны хуралд дуудагдаж, хатуухан сануулга авсан байна.

    Хацү башёд түүхэн амжилт тогтоосон их аварга Хакүхог зодог тайлсан хойноо ояката болж, дэвжээ нээхийн тулд Японы иргэн болох ёстой гэж Холбооны ерөнхийлөгч Китаноүми мэдэгдсэн билээ. Хацү башёгийн дараах хүлээн авалтад сэтгүүлчид Миягино оякатагаас “Хакүхо Японы иргэн болох уу” хэмээн асуухад ояката “Ямар ч гэсэн Японы иргэн болох байлгүй. Өөрөө ч тийм бодолтой байгаа” гэж хариулсан байна.

    Харин хүүгийнхээ түрүүг тэмдэглэхээр Японд очоод буй Ж.Мөнхбат аварга энэ асуултад “Одоо иргэншлээ сольж байх цаг биш” хэмээн хариулжээ.

    Хакухогийн эвдсэн болон эвдэж болох рекордуудыг энд дарж инфографик үзээрэй!

                                                                                                                                   Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй