Нүдээ аниад нэг машин оноход тэр нь приус байна, жолооч нь СТА, бас цаа бугын гуталтай гэсэн онигоо цахимаар явж байсан. Тэгвэл тэр приус, гуталнаас ч олон шоучид, хийрхэгчид Монголд байна. Өчигдрийг бид 3 саяул болсон сайхан мэдээгээр угтсан. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж билэгшээдэг монголчуудын хувь энэ үнэхээр сэтгэл хөдлөм мэдээ байлаа. Сайхан мэдээ ч яахав, чих мялаагаад л өнгөрөв. Гэтэл өнөөх олон шоучдын хийрхэл Өмнөговийн Даланзадгадад хүрч, амаржсан эх, нялзрай үр дээр очиж наалдаад салахгүй байгаа нь дургүй хүрмээр байна.
Монголчууд бид хөл хүндтэй бүсгүйн өмнүүр хөндлөн гардаггүй, шинэ хүнтэй айлд сарын хугацаа өнгөртөл хөл хорьдог номтойсон. Гэтэл төрөөд тав хоноогүй нялх биетэй ээж, охин хоёр дээр бөөрөнхий гэрийг нь бөмбөлзтөл аймгаараа шавж, зарим телевизийнхэн бүх дураараа хонож өнжихөөр хөнжил пүүгээгээ аваад гарч буй сураг дуулдав.

3 сая дахь иргэний маань аав, ижий нь дөнгөж 20 гарч яваа хүүхдээрээ улс байна билээ. Аймгийн том дарга нар, сэтгүүлч, сурвалжлагч нар танайд очъё гэхэд учраа мэдэхгүй зөвшөөрч л суугаа тэднийг буруутгах арга энд алга. Харин учир жанцангаа мэдэх, ухаж ойлгох хэмжээний дарга нар, томчуул ханиад томуу газар авсан энэ үед гадуур хувцас, шороотой гуталтайгаа бөөнөөрөө шинэ хүн дээр орж буйг туйлаас бүдүүлэг, хэтэрхий амиа бодсон үйлдэл гэхээс өөр юу гэх вэ. Өөрсдийнх нь ач зээ дээр, эсвэл шинэ хүүхэд дээр нь пир пар хийтэл бөөн хүн орж ирэхийг тэд лав зөвшөөрөхгүй байсан гэдэгт итгэлтэй байна. Тийм л аймгаасаа 3 сая дахь иргэн төрсөнд догдлоод сууж чадахгүй байгаа бол албан өрөөндөө шинэ хүнийхээ аавыг дуудаад баяр хүргээд, зураг хөргөө татуулж, сэтгүүлч зураглаачаа дуудаж болмоор санагдана.

Жилийн хэрэгцээний сүүг дааж байгаа гэх нэгэн компани бас л сурвалжлах групп аваад Өмнөговийг зорьжээ. Үүнийг сайхан сэтгэл гэхэд хэцүү . Олны нүд чих татагдсан байгааг ашиглан өөрсдийнхөө PR-г хийх гэсэн давхар зорилгоор 3 сая дахь иргэн дээрээ тэд сүрийг бадруулан очиж байна гэхэд харин хилсдүүлсэн болохгүй биз. Гурван сая дахь иргэнээ АЛДАРШУУЛНА гэсэн сүртэй ажлын хэсэг гарч баахан ажил төлөвлөж байгаа гэх. Өлгийтэй тэр бяцхан амьтанд үнэндээ ямар ч алдар нэр хэрэггүй бөгөөд ээжийн сэтгэл тайван, хөх нь сүүтэй байвал болох нь тэр.

Одоогоос 2 жил шахмын өмнө Монголд анх удаа 4 ихэр мэндэлсэн тухай улс даяар шуугьж шинэ хүмүүсийг, ээж аавыг нь эмнэлэгт байхаас эхлээд тайван байлгаагүй. Уршигт нь 4 ихрийн нэг нь эндэж, нялх эмзэг хүүхдийг олны хэл ам, атаа жөтөөнөөс хол байлгах гэдэг монгол ухааныг ойлгуулсан явдал болсон нь саяхан санагдана.
Үр хүүхэд гэдэг хэний ч эрхэм эрдэнэ нь. Тэр Монгол Улсын 3 сая дахь иргэн нь болж төрсөн үү, 2 сая 900 дэх нь болсон уу энд огтоос хамаагүй, бүгд л Монголын баялаг бас ирээдүй. Тэднийгээ хамгаалах, шинэ иргэн болж ирснийх нь хувьд хүндлэх сэтгэл хэн хүнд байх ёстой.
Б.Намжилмаа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт