ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При”-д Б.Шоовдор түрүүллээ

    Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит олон улсын эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн ХХҮI, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн ХIҮ дэх удаагийн “Алтан Гран-При” тэмцээн ОХУ-ын Красноярск хотын И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд болж байна. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 74 кг, эмэгтэйчүүдийн 53, 58, 60, 69 кг-ийн жингийн барилдаан боллоо. Саяхан улсын хошой аварга болсон Б.Шоовдор 58 кг-ийн жинд өнгөрсөн онд Казахстан улсын Астана хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын барилдаанд японы бөх Кавай Рисакод 0:7 онооны харьцаагаар ялагдаж, мөнгөн медаль дээр бууж байсан бол энэ удаа нэгдүгээр тойрогт түүнийг хожжээ. Дараагийн тойрогт Беларуссын бөх Вероника Ивановаг ялж, хагас шигшээ барилдаанд Канадын бөх М.Фазарийг 3:2 онооны харьцаагаар өвдөг шороодуулан алтан медалийн төлөө барилдаанд Казахстаны бөх Айсулуу Тыныбековаг 4:1 онооны харьцаагаар ялж аварга боллоо.


    69 кг-ийн жинд О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт Молдавын бөх С.Саянког төвөггүй хожиж, мөнгөн медалийн төлөө барилдаанд Канадын бөх Й.Доротийг 10:0 онооны харьцаагаар дийлэн, алтан медалийн төлөө барилдаанд Оросын бөх Н.Воробьёвад цэвэр хожигджээ. О.Насанбурмаа энэ тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөх болов.

    О.Насанбурмаа санаачилгатай, давшингуй барилдсан ч чац, бяр дутаж хоёрдугаар үед өмсөх дархан мэхэнд нь орж ялагдсан. Н.Ворбоьёва “Шувтаргын барилдаанд монголын бөх задгай, дайрч барилдсан нь их сонирхолтой байлаа. Санкт-Петербург хотод болох Дэлхийн цомын тэмцээнд их ууртай ирэх байх. Манай хэсэгт монголын баг гол өрсөлдөгч, тэнд ширүүн өрсөлдөөн болно” хэмээн өгүүлжээ.
    57 кг-ийн жинд Э.Бэхбаяр нэгдүгээрт тойрогт С.Батболдыг илүүрхэж, мөнгөн медалийн төлөө барилдаанд дагестаны бөх Исмаил Мусукаевт 1:11 онооны харьцаагаар ялагдан хүрэл медалийн төлөө барилдаанд ялалт байгуулжээ.

    И.Ярыгиний тэмцээнээс эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд 2002 онд 58 кг-ийн жинд О.Пүрэвбаатар, 130 кг-ийн жинд Г.Өсөхбаяр нар мөнгөн медаль авснаас хойш даруй 13 жилийн дараа Э.Бэхбаяр хүрэл медаль авч нэг хэсэгтээ л тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүллээ.
    53 кг-ийн жинд Э.Сумьяа Беларуссын бөх Ирина Курочкинаг ялж, дараа нь мөн улсын бөх Надежда Сушкод дийлдэн хүрэл медалийн төлөө барилдаанд хожигдов.

    57 кг-ийн жинд Д.Цогтбаатар эхний тойрогт Якутын бөх В.Лебедевт 2:7 онооны харьцаагаар ялагдсан ч дагах барилдаанд Беларуссын бөх А.Лачиновыг ялж, хүрэл медалийн төлөө барилдаанд Якутын бөх Н.Скрябинд дийлджээ.
    Нэгдүгээр тойрогт 57 кг-ийн жинд Б.Номин Дагестаны бөх Даудов Зелимханыг 7:5 онооны харьцаагаар, 74 кг-ийн жинд Д.Гомбодорж ОХУ-ын бөх Артур Хуцистовыг 10:4 онооны харьцаагаар хожсон байна.
    Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 61, 65, 70 кг, эмэгтэйчүүдийн 48, 55, 63, 75 кг-ийн жингийн барилдаан болно.
    Өнөөдөр 61 кг-ийн жинд Э.Ням-Очир /”Хилчин” спорт хороо/, Б.Нэмэхбаяр /“Хасу-Мегастарс” клуб/, Б.Баянмөнх /”Гацуурт-Олимп” сургууль/, 65 кг-ийн жинд Б.Батмагнай /”Алдар” спорт хороо/, Г.Мандахнаран /”Алдар” спорт хороо/, Баттулгын Нямдорж /”Харгант-Цамхаг” клуб/, 70 кг-ийн жинд Г.Анхбаяр /”Гацуурт-Олимп” клуб/, Г.Идэрхүү /”Гацуурт-Олимп” клуб/, Ц.Цогтбаяр /”Цастын барс” клуб/, Б.Батзориг/“Хасу-Мегастарс” клуб/, Г.төрбат /”Женко” клуб/, Б.Алтангэрэл /“Хангарьд” клуб/ нар барилдах нь.

                                                                                                                                       Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй