Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит олон улсын эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн ХХVI, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн ХIV дэх удаагийн “Алтан Гран-При” тэмцээн ОХУ-ын Красноярск хотын И.Ярыгиний нэрэмжит спортын ордонд эхэллээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 74 кг, эмэгтэйчүүдийн 53, 58, 60, 69 кг-ийн жингийн барилдаан болно. ОХУ-ын бөхийн төрлүүдийн холбоо, Ярыгиний нэрэмжит сангаас Красноярск мужийн Амбан захирагчийн албатай хамтран зохион байгуулж байгаа уг тэмцээнд ОХУ, АНУ, Беларусь, Болгар, БНХАУ, Грек, Иран, Казахстан, Канад, Киргиз, Молдав, Монгол, Тажик, Япон зэрэг 13 гадаад орны бөх өрсөлдөж буй. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч С.С.Чердонов ажиллаж байна.
Тэмцээний шагналын сангийн 6,4 сая рублийг Оросын нэгдсэн бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, И.Ярыгиний Сангийн ивээн тэтгэгчдийн зөвлөлийн дарга О.Муртузалиев, ОХУ-ын Спортын яам, Красноярск хязгаарын Амбан захирагчийн алба болон хэдэн компани хамтран гаргажээ. Эрэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд түрүүлсэн бөхөд Ставрополь хязгаарын Бөхийн холбооноос нэмж 650 мянган рубль олгох аж.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Д.Цогтбаатар /“Алдар” спорт хороо/, Б.Хаш-Эрдэнэ /“Алдар” спорт хороо/, Б.Номин /“Гацуурт-Олимп” клуб/, С.Батболд /“Гацуурт-Олимп” клуб/, Э.Бэхбаяр /“Хангарьд” клуб/, Б.Далайбаяр /“Цастын барс” клуб/ нар, 74 кг-ийн жинд Д.Гомбодорж /Арслан” клуб/, П.Өнөрбат /”Хасу-Мегастарс” клуб /, эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд Д.Отгонцэцэг /”Хасу-Мегастарс” клуб/, Э.Сумьяа /”Замчин” спорт клуб/, 58 кг-ийн жинд Б.Шоовдор /”Цастын Барс” клуб/, Э.Гантуяа /”Хилчин” спорт хороо/, 60 кг-ийн жинд Т.Мөнхтуяа /”Хангарьд” клуб/, С.Наранцэцэг /”Цастын барс” клуб/, 69 кг-ийн жинд О.Насанбурмаа /”Гацуурт-Олимп” клуб/.Б.Одончимэг /”Алдар” спорт хороо/, З.Болортунгалаг /”Хилчин” спорт хороо/ нар нийт 17 бөх барилдах нь.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт