Баянхонгор аймгийн Баянцагаан сумын иргэд “Тэмээний баяр-2015” уламжлалт наадмаа өчигдөр хийж, өнөөдөр шилдгүүдээ тодруулав.
Атан тэмээ, бэсрэг тэмээ, торомны уралдаан, сайхан тэмээтэй хос, шилмэл ингэ шалгаруулах, тэмээтэй буухиа зэрэг олон төрлийн тэмцээн болов. Монгол тэмээний уралдаанд Д.Сангидоржийн хөх, бэсрэг тэмээний уралдаанд С.Отгонбавуугийн улаан ат тус тус түрүүлжээ.
Харин тэмээчдийн буухиа тэмцээнд “Дэлгэрэх” баг нэгдүгээр, “Гичгэнэ” баг удаалж, “Цэцэн” баг гутгаар эзэлсэн байна. Тус сумын иргэд тэмцээнд оролцсоноос гадна тэмээний гаралтай сүүн болон ноосон бүтээгдэхүүн, тэмээний ганган хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа явуулж, тэмээн сүрэг болоод говь нутгийн тэмээчний тухай дуу бүжиг, ерөөл магтаалын уралдаан явуулсан байна.
Энэхүү наадмыг уламжлалт мал аж ахуй, өв соёлоо сэргээх, тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, малчдынхаа туршлагыг солилцуулах, тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэн, алдаршуулах, , аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой зохион байгуулжээ.
Баяцагаан сумын хэмжээнд 2013 онд 1006 тэмээ тоологдож байсан бол 2014 онд 1256 болж өсчээ. Сонирхуулахад Өмнөговь аймгийн Булган суманд ирэх гуравдугаар сарын 6,7-нд “Тэмээний баяр-2015” наадам болох нь. Гуравдугаар сарын 6-нд “Тэмээн Поло-2015” тэмцээний аваргын төлөөх урьдчилсан тоглолт явагдаж, баярын нээлтийн арга хэмжээ албан ёсоор эхлэх гэнэ. Наадмын үеэр тэмээтэй парад болох юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт