Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой 19:30 минутад Чехийн нийслэл Прага хотноо галт тэргээр хүрэлцэн ирсэн талаар Чехийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд онцлон бичиж байна. Галт тэргээр тус улсад гадаадын төрийн тэргүүн айлчлан ирж байсан тохиолдол 30 жилийн өмнө л болж байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын нийслэл Берлин хотоос “Euro City” галт тэргээр ийнхүү зорчин Прагад хөл тавихад Чех улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад хэргийн яам, Монгол Улсын ЭСЯ-ны төлөөлөл угтан авсан байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Чех улсын Ерөнхийлөгч Милош Земан, Ерөнхий сайд Бохуслав Соботка болон парламентын дээд, доод хурлын дарга нартай уулзах юм. Уулзалтын сэдэв нь хоёр улсын эдийн засгийн хамтын харилцааг өргөжүүлэхэд Чех улсын аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах болон ундны усны нөөцийн асуудал байх бололтой.
Мягмар гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Прага дахь Карлын Их Сургуульд зочилж, Монгол судлалаар суралцаж буй оюутнуудтай уулзах юм байна. Ерөнхийлөгчийг дагалдан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн зэрэг томоохон төлөөлөгчид явж байгаа ажээ.
Б.Гарьд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт