УДБЭТ-ын хамт олон энэ сарын 24, 25-нд вальс хөгжмийн хаан хэмээгддэг Австрийн алдарт хөгжмийн зохиолч И.Штраусын 15 хөгжмийн бүтээлийг нэгтгэсэн “Оргилуун дарс” нэртэй шинэ балетыг дэглэн толилуулах нь.
Уг балет нь нэгэн үзэсгэлэнт бүсгүйн сэтгэлд ургасан төсөөлөл, түүний баяр баяслаар дамжуулан залуу хүний дотоод ертөнц, амьдралын сайхан талыг орчин үеийн сонгодог бүжиг болон вальс бүжгийн гайхамшигт хослолоор харуулахыг зорьж буйгаараа онцлог юм.
И.Штраус нь зургаан настайдаа анхны вальсын хөгжмөө бичсэн бөгөөд 74 насныхаа 55 жилийг уран бүтээлд зориулжээ. Тэрбээр бүжгийн 500 орчим хөгжим бичсэний хагас нь вальсын аялгуу байдаг. Түүний “Цэнхэр дунай”, Венийн шугуйн үлгэр”, “Жүжигчний амьдрал”, “Хаврын дуун” зэрэг бүтээл нь дэлхий дахинаа алдаршиж, дэлхийн улс үндэстний сонгодог хөгжмийн урын санд орсон байдаг.
Балетын цомнол, найруулга, дэглэлтийг УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва хийж, симфони найрал хөгжмийг ерөнхий удирдаач УГЗ Н.Туулайхүү удирдан тоглуулах юм.
ДБЭТ-ын балетын гоцлооч СТА Б.Саруул, А.Эрдэнэболд А.Билгүдэ, О.Анужин зэрэг залуу бүжигчид тоглож, тайзан дээр хормын дотор хувцсаа солих, өвөрмөц үзүүлбэр, илбэ зэрэг сонирхолтой зүйл бэлтгэжээ. Театрын хамт олон уг тоглолтын үеэр үзэгчдэд зориулан шинэлэг сонирхолтой хөтөлбөрүүдийг зэхэж байна. Үзэгч та “Оргилуун дарс” балетыг үзэхээр шийдсэн бол хар, цагаан өнгийн хувцсаар гоёорой.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт