Ус, цаг уур, орчны хүрээлэнгийн Ус судлалын хэлтсийн технологич инженер Х.Пүрэвдагва өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 10-аас энэ оны нэгдүгээр сарын 3-ны хооронд Болгарын олон улсын Антарктид судлалын XXIII экспедицийн хамтарсан судалгаанд оролцоод иржээ.
Тэрбээр “Эрсдэл ихтэй газраас эсэн мэнд ирлээ. Монгол хүн Антарктид судлалд оролцоно гэдэг том боломж. Антарктидын Ливингстоны арлын өмнөд булан орчмын цас, мөсний нөөц, хайлалт, хуримтлал, түүнд нөлөөлөх уур амьсгал, усны горимыг тогтоох зорилт тавин ажиллалаа. Судалгаагаа тус арлын өмнөд булан, Балканы хойгийн цасан хөндийд газар, орчны байдал, цасны нөхцөлөөс хамаарч найман цэгт хийсэн” хэмээн өгүүлжээ.
Антарктидад энэ жил их хур тунадас орсон тул цэвэр усны эх үүсвэр нь цасанд дарагдсан байж.Тиймээс тэрбээр очсон өдрөөсөө эхлэн буцах хүртэл судалгааныхаа ажлын хажуугаар цас ухах, ус зөөх, байшингуудын бохирын хоолой засах зэрэг ажилд гар бие оролцсон байна. Мөсөн тивд одоогийн байдлаар 29 орны 64 бааз байрлаж буй.
Тэдгээрийн 16 нь зуны улиралд, 38 нь жилийн турш ажилладаг бол 10-аад нь шаардлагатай үед ашигладаг нөөц бааз. Эдгээр баазад зуны оргил үед 4000, өвлийн улиралд 1000 орчим хүн ажиллаж, амьдардаг аж. Манай улс Антарктидад өөрийн баазтай болох зорилт тавьж байгаа гэнэ. Сонирхуулахад, өмнө нь Монгол Улсаас долоон хүн Антрактид тивд цаг уурын уур амьсгалын өөрчлөлтийн, далайн тээвэр зэрэг судалгаа хийж байжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт