УИХ 2015 оны төсвийн тодотголыг ид хэлэлцэж байна. УИХ төсөв баталснаас хойш сарын дараа ийнхүү төсөвтөө гар хүрэхээр ноцолдож сууна. Эдийн засаг туйлын хүнд байгаа энэ үед бүсээ чангалах зорилгоор зардлуудаа танасан төсвийн тодотголын талаар хүмүүс янз бүрийн байр суурьтай байна.
2015 оны төсвийг 7,1 их наяд төгрөгөөр баталсныг албаны зарим хүмүүс бодит байдлаас зөрсөн тоо гэж үзэж буй. Угаас сүүлийн жилүүдэд төсөв байнга шахуу 1,1 их наяд төгрөгөөр дутаж энэ зардлаа санхүүжүүлэх гэж төр толгой гашлах болсон гэж болно. Засгийн газар төсвийн тодотголооор нийт 900 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар бодож тодотголоо боловсруулжээ. Олон зүйл нуршилгүйгээр Та бүхэнд төсвийн тодотголд багтсан гол өөрчлөлтүүд болоод гишүүдийн энэ талаарх байр суурийг хүргье.
Төсвийн тодотголд багтсан саналууд
Малын хөлийн татварыг нэмэх
Малын хөлийн татвар гэх шинэ татварыг бий болгохоор төсвийн тодотголд суугдсан ч МАН, АН-ын бүлгүүд дэмжихгүй гэх байр суурьтай байгаа.
Автомашины татварыг нэмэх
Тус татварыг нэмснээр приус машинтай иргэд 38000 төгрөгийг хөрөнгийн татварт төлдөг байсан бол 108 мянга, Land Cruiser-тэй иргэд 570 565 төгрөг төлөхөөр болж байгаа юм.
Үл хөдлөх хөрөнгийн татваруудыг нэмэх
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 70 мянган аж ахуйн нэгж бий. Тэд бүгд л эд хөрөнгөтэй. Уг татварыг 1 хувь нэмэхээр тодотголд санал оруулсан. Хамгийн бага хөрөнгөтэй аж ахуйн нэгж 100 сая төгрөгийн хөрөнгөтэй байлаа гэж бодоход өмнө нь 10 сая төгрөг татварт өгдөг байсан бол гурав дахин их буюу 30 саяыг татварт өгнө гэж мэргэжлийнхэн тооцоолж буй. МАН-ын бүлэг уг татварыг нэмэхийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.
Төрийн албан хаагчийн тэтгэврийн урамшуулал
Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал нэг удаа авдаг. Үүнийг сүүлийн жилүүдийн цалингаар тооцож бодохгүйгээр дундаж цалингаар нь тооцохоор тодотголд оруулжээ. Жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийг энэ тусламжинд төсөвлөдөг юм байна. Харин тодотголыг баталбал 13 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарах аж. Энэ сургаар хуулийн салбарын 562 хүн тэтгэвэрт амжиж тэтгэвэрт гарахаар өргөдлөө өгсөн гэсэн.
Оюутны 70мянга
“Оюутны 70 мянга” гэх тодотголтой тэтгэлгийг зөвхөн онц сурдаг овутнуудад олгохоор төсвийн тодотголд санал оруулаад буй. Олон нийтийн зүгээс энэ санал дэмжлэг авч буй бөгөөд хамгийн батлагдах магадлалтай саналуудын нэг болоод байна. Ингэж хэмнэснээр 62728 оюутанд тэтгэлэг хүрэх ба улсын төсвөөс 32 тэрбум төгрөг хэмнэх боломжтой хэмээн тэд үзэж буй.
Хүүхдийн мөнгө
Хавтгайруулж биш яг л тусламж хэрэгтэй зорилтот бүлгийнхэнд хүүхдийн мөнгийг өгөх санал төсөвт суугаад буй. Хүүхдийн мөнгөний 10 хувь эзнээ хүлээн дансандаа хэвтдэг бөгөөд анх Хүний хөгжил сангаас олгож байсан уг мөнгийг сүүлийн жилүүдэд төр бонд гаргаж урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхийн үлгэрээр өгч ирсэн байна.
Нийслэлийн татвар
Нийслэлийн удирдлагууд шинээр нийслэлийн татвартай болохоор 2015 оны төсвийн тодотголд Нийслэлийн татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Нийслэлийн иргэн болсны хувьд нэмж татвар төлж үүнийхээ хариуд нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгч бол буцаан НӨАТ-ын буцаан олголтоос нэг хувийн шимтгэл авахаар хуулийн төслийг боловсруулжээ. Ингэснээр нийслэл жилдээ 40 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжийн татвараас төвлөрүүлнэ гэж тэд тооцсон. Хот руу нүүх иргэдийн цуваа харьцангуй багасна, мөн татварыг эргээд 100 хувь амьдрах орчныг сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн бизнес эрхлэх орчин, нөхцөлийг сайжруулж, дэд бүтцийг бий болгоход зарцуулан гэж Э.Бат-Үүл тайлбарласан ч УИХ уг татварыг тооцоо муутай хэмээн дэмжихгүй төлөвтэй байгаа.
Одонгийн мөнгө
I одонтой эхчүүдэд жилд 200 мянган төгрөг, II одонтой бол 100 мянган төгрөг төсвөөс олгодог. Энэ мөнгийг хүүхэд нь 18 нас хүрснээс хойш олгохгүй байхаар тодотголд оруулсан. Гэвч энэ өөрчлөлт ихээхэн эсэргүүцэлтэй тулж байгаа.
Бууны татвар
Иргэд уг татварт 4-6 мянган төгрөг төлдөгийг 50-60 мянган төгрөг болгох санал тодотголд багтсан. МАН-ынхан мөн уг татварыг дэмжихгүй гэж санал нэгдээд буй.
Монгол Улсын төсвийн бүтэц
Хулганаа диаграм дээр байрлуулж мэдээлэл авна уу
Цалин тэтгэвэр тэтгэмж, халамж Монгол Улсын нийт төсвийн 60 хувь буюу 3,6 их наяд төгрөг болдог. Төсвийн 10 хувийг өр зээлийн төлбөрт, 19.7 хувийг урсгал зардалд үлдэж буй 10 гаруй хувийг хөрөнгө оруулалтад зарцуулдаг байна. Цалин тэтгэврийг ердөө 10 хувь нэмье гэхэд 360 тэрбум нэмж шаардлагатай гэж Сангийн яамныхан хэлэв.
Гишүүд ийм байр суурьтай байна
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
Энэ тодотгол бол эдийн засгийн байгаа л боломж Зөвхөн хүүхдийн мөнгө, одонтой ээжүүд, оюутны тэтгэлгийг хасах гээд байгаа юм шиг ойлголт нийгэмд яваад байна. Угтаа бүх салбарт хэмнэлт хийхээр санал оруулсан. 100 гаруй хүрээлэн, байгуулагыг нэгтгэж, яам тамгын газрын орон тоог 15% цомхотгоно. Хүүхдийн мөнгийг гишүүд, сайд нарын хүүхдүүд авах ямар хэрэгтэй юм бэ. Боломжтой хүмүүст мөнгө өгөхгүй байя л гэж Засгийн газар үзсэн. 2012 оноос хойш Засгийн газар богд гаргаж энэ мөнгийг өгч байгаа шүү дээ. Өр тавьж цалин тавьж, хүүхдийн мөнгө өгч, хөрөнгө оруулж яах юм бэ. Монгол Улсын өр ДНБ-ий 60 хувьд хүрч хуульд заасан хэмжээнээсээ хэтэрчихсэн. Өнөөдөр уушгиа идэж байгаад маргааш өөхтэйгээ залгасан нь дээр шүү дээ.
УИХын гишүүн Ж.Энхбаяр
Төрийн албан хаагчдын ажлаас халагдах болон тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийг өөрчлөх саналдаа цэргийн хүмүүсийг хамааруулахгүй байх нь зөв. Тэд амьдрах газраа өөрсдөө сонгох эрхгүй, байнга нүүж явдгаас байнгын орон гэртэй болж чаддагггүй. Офицер ахлагч нарын 40% өөрийн орон гэргүй. Эдийн засгийн нөхцөл хүнд байгаа бол хэрэгжилтийг эдийн засаг сайжиртал хойшлуулах, нэг удаа бус цувруулж олгож ч болно.
Одонт эхчүүдийн холбооны тэргүүн Б.Мөнхтуяа
Улсын хэмжээнд 200 мянган одонтой ээж бий. 1990-ээд онд 4 түүнээс дээш хүүхэдтэй ээжүүдийг ид хөдөлмөрлөх нас, тэтгэврийн нөөцөө бүрдүүлэх насан дээр нь шууд тэтгэвэрт гаргаж хэлмэгдүүлсэн. Энэ удаад ч мөн хэлмэгдүүлэх нь гэж ээжүүд гомдоллож байна. Эдийн засаг хэцүү байгаа ч ээжүүдийн 100-200 мянган төгрөгийг хасахаас өөр арга Монголын төр олох ёстой.
УИХын гишүүн Л.Энх-Амгалан
Татварын орчин тогтвортой байх ёстой гэдэг хэрнээ тодотгол бүртээ татварыг нэмэх байдлаар оруулж ирж байна. Төсвийн тасарсан байдлыг нөхөх байдлаар хандаж байгаа нь буруу зарчим. Хөрөнгийн татварыг нэмж хямралтай үед баялаг бүтээгчиддээ дарамм үүсгэх нь. Бизнесийн зардлын 40% нь татварын зардал байдаг. Үүн дээр дахин ачаалал нэмэх гээд байна. Баг орлоготой иргэдийн унадаг приус машины хөрөнгийн татварыг 3 дахин бас Малын хөлийн татварыг нэмнэ гэнэ. Эднийг төсвийн алдагдал нөхөх хэрэгсэл болгож болохгүй.
УИХын гишүүн Б.Болор
Хувь гишүүний хувьд малчдын урамшууллыг бууруулах, эхчүүдийн мөнгийг хасах дээр санал нэгдэхгүй байна. Харин хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгөх, оюутны 70 мянган төгрөгийг шалгуур хангасан оюутнуудад өгөх нь зөв. Хамламж хавтгайрлаа гээд байх юм. Бид иргэдээ халамжлахгүй юм бол өөр хэн халамжлах юм. Яамдууд бүтцээ өөрчлөх саналдаа дахиад л гагазр хэлтсийн дарга нараа цомхотгоогүй оруулаад ирсэн байсан. Ийм үед үндсэн биг үүргээс бусад яам дэд сайдгүй ажиллах боломж бас байгаа.
УИХын гишүүн Ж.Батсуурь
Халамж хавтгайрсан нь үнэн. Нэгэнт хавтгайрсан халамжийг эргээд хумьж цэгцлэх маш хүнд. Нэлээд их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хумьлаа. Энэ хүсмээр зүйл биш. Ер нь эдийн засаг туйлын хүнд байна. Эдийн засгийг тэлэх бодлого барьж том хэмжээний бүтээн байгуулалт эхлүүлэхгүйгээр зүгээр орлого зарлагадаа тааруулаад суугаад байвал Монгол Улс эргэж босоход амаргүй байх болно.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт