Саявтархан Эрээнээс бараа оруулж ирж Нарантуул зах дээр зардаг нэгэн бизнесмэн залуу ингэж ярьсан юм. Тэрээр бараагаа цуглуулан танил хятад дээрээ очтол нөгөөх нь “Танай Монголд бөөс дэлгэрээд байгаа юм уу? Бөөс шүүрддэг самыг танай наймаачид хайрцаг хайрцгаар нь авч байна. Чи авахгүй юм уу?” гэж асуусан гэнэ. Үнэндээ Монголд соёлын довтолгоо өрнөсөн 1960-1980 онд бөөснөөсөө бараг нийтээрээ салсан. Тухайн цагт хөдөө, хот гэлгүй айл бүрээр ариун цэврийн комисс нэртэй хэдэн хүмүүс ор дэвсгэр, хөнжил гудас, оо саван шалгаж явдаг байлаа. Үүний үрээр хувийн ариун цэвэр сахихдаа тааруу монголчууд соёлжиж, цэвэр амьдрах нь амьдралын хэвшил болсон. Харин 1990-ээд оны дундуур цэцэрлэгийн хүүхдүүд бөөстөх явдал энд тэнд мэр сэр гардаг байв. Энэ нь нийгмийн ороо бусгаа байдал, улс нийтээрээ ядуурлын байдалд орсонтой холбоотой байлаа. 2000 оноос хойш бөөсний тухай яриа мартагдаж, хааяа нэг яригдахад “Паа, яасан заваан юм. Одоо үед бөөс гэж байдаг юм уу?” гээд л жигшдэг байв. Бүр бөөс ховордсоныг батлах мэт телевизээр “Бөөс худалдаж авна” гэх зар хүртэл явдаг байлаа.
Харамсалтай нь оны өмнөхөн нийслэлийн 82, 149, 162 дугаар цэцэрлэгт хүүхэд бөөстсөн гэх яриа гарч нийгмээрээ шуугив. Бохир ариун цэврийн үр дүн болох бөөс Монголд устаагүй байжээ. Гэтэл сүүлийн үед хүүхдүүдийн дунд тархаад байгаа бөөс нь хар өнгөтэй, хурдан хөдөлгөөнтэй, үсэрдэг, барагтай бол устдаггүй шинэ төрлийн бөөс байна хэмээн эцэг эхчүүд ярих болжээ. Уг шавьжийг Хятадаас авчирдаг үсний боолт, сам сэлтээр дамжин орж ирсэн байх хэмээн эцэг эхчүүд хардаж байгаа аж. Ямартаа ч Мэргэжлийн Хяналтын Газар хоёр ч аймагт цэцэрлэгийн хүүхэд бөөстсөн гэх гомдол гарсны дагуу Хэнтий, Төв аймагт шалгалт хийхэд Хэнтий аймагт бөөс илрээгүй байна. Харин Төв аймгийн шалгалтын дүн ирэх долоо хоногт гарах юм байна. Эцэг эхчүүдийн ирүүлж буй гомдлын дагуу холбогдох газрууд нь ойрын хугацаанд шалгалт хийж магадгүй байгаа ажээ.
Б.Номин
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт