ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Прокурор хэмээх их айлыг хэн толгойлох вэ

    Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг УИХ дэмжихгүй бол дахин нэг удаа  нэр дэвшүүлнэ

    Улсын ерөнхий прокурор хэмээх хариуцлагатай албан тушаалд хэн гээч аавын хүүн суух бол гэсэн хүлээлт өнөөдөр нийгэмд үүсээд  байна. 1930 онд Улсын 6 дугаар их хурал “прокурор” хэмээх хууль сахиулагчийг бий болгох шийдвэр гаргаж Монголд прокурорын байгууллага үүссэнээс хойш 20 гаруй Ерөнхий прокурорын нүүрийг Монголын төр үзээд буй.  Отгон прокурор Д.Дорлигжавыг  сайд болох нь мэдээлэл гарсан даруйд түүний оронд хэн болох тухай таамаг дэвшиж эхэлсэн. Хуулиараа Улсын Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилох ёстой.  Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг Улсын Их Хурал дэмжихгүй бол дахин нэг удаа өөр хүний нэрийг дэвшүүлэх эрхтэй хэмээн хуульд заасан нь бий. Одоогоор Ерөнхийлөгчийн УИХ-д санал болгох хуудаст нэр нь багтах азтай хүнээр Зөвлөх П.Цагааны нэр хүчтэй яригдаж байна. Нийслэлийн прокурор Б.Бат-Оршихын нэр Д.Дорлигжавыг тамгаа өгөхтэй зэрэгцэн яригдсан бөгөөд бүр Дорлигжав өөрийнхөө оронд томилуулахаар санал болгосон гэх мэдээлэл нэг хэсэг тарсан.  

    Аливаа улсын төрд ганц л прокурор бий

    Ерөнхийлөн харвал хуулийг гууль биш хууль чигээр нь үлдээх, хадгалахын төлөө санаа тавих үүрэг прокуроруудад ногдсон  байдаг.  Эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, гүйцэтгэх  ажил, ял эдлүүлэх шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд  хяналт  тавих эрх прокурорт бий.  Харин эцсийн дүндээ монголын прокурорууд бүгд Улсын Ерөнхий прокурорт захирагддаг номтой. Прокурорын хяналтын онолын ном зохиолд аливаа улсын төрд ганц л прокурор байдаг, тэр нь Улсын Ерөнхий прокурор ба бусад нь түүнд тусалдаг ажилтнууд төдий юм гэж бичсэн байдаг юм гэсэн. Тэгэхээр  гагцхүү Ерөнхий прокурор л прокурор гэсэн энэ айлын  төлөөлж төрийн өмнө үүрэг хүлээдэг том үүрэгтэй субьект гэж болно. Хууль гэх ярвигтай салбарыг жингийн туухай дээр тавиад хаашаа ч хазайлгахгүйн тулд нүд хурц чих сонор  байх ёстой Ерөнхий прокурорын албанд хэн суух нь угтаа тийм ч сонин биш. Хэний хэн гэж хүү суухаас илүүтэйгээр төр эрх зүйн  шинэчлэл хийх зорилт, бодлого барьж буй энэ үед ямар бодлого зангидаж ажиллах, хэр зангарагтай хүн ирж ажиллах нь чухал. Үе үеийн Ерөнхий прокуроруудыг энэ өндөр албан тушаалыг хэр олон жил хашсанаар нь биш, харин юу амжуулсан, юу үлдээснээр нь үнэлэн дурсдаг. Ж.Авхиа гуайг прокурорын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэхэд хамгийн их зүйл бүтээсэн гэж, 1990-1993 онд уг албыг хашиж байсан Г.Бахдалыг төрийн тогтолцоонд прокурорын байгууллагын эзлэх ёстой жинхэнэ байр суурийг тогтоох эхлэлийг шинэ Үндсэн хуульд томъѐолсон хэмээн салбарынхан нь дурсдаг  юм билээ.

    Ямар ч томилгоонд улстөр хавчуулагдаж тэрний энэний хүн гэдэг цонхны цаанаас харах болсон гажуудлын энэ үед үүнийг  тойрч гарах  ёстой томилгооны нэг нь уг нь Улсын  Ерөнхий прокурор. Ямартай ч сонголт  Ерөнхийлөгч болоод УИХ-н гарт бий. Хүлээх  л үлдэж.

    П.Цагаан 

    1959 онд Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт төрсөн. Тэрбээр 1979 онд хууль цаазын дунд сургуулийг, 1980 онд МУИС-ын хуулийн ангид суралцаж байгаад 1985 онд ЗХУ / Одоогийн ОХУ/-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. Тэрбээр 1996 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1998 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн , Сангийн сайдаар ажилласан.  БСШУ-ны сайдаар ажиллаж байсан. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа.

     

    Б.Бат-Орших

    Б.Бат-Оршихын тухайд Д.Дорлигжавын нутгийн дүү бөгөөд түүнийг Улсын ерөнхий прокуророор томилогдсон даруйд албан тушаал ахисан нэгэн гэж хардагддаг. “Сод Монгол”-ын Ц.Анандбазар болон улстөр, бизнесийн талбарын цөөнгүй эрхмүүдтэй халуун дулаан харилцаатай гэгддэг Б.Бат-Оршихын хувьд хяналтын прокуророос Нийслэлийн прокурор болтлоо дэвшиж чадсан ажлын  туршлагатай нэгэн.

     

    Б.ХАШ

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй