Горан Кропп /Göran Kropp/ хэмээх Швед эр анх 1996 онд Гималайн ноён оргил Эверест хүртэл дугуйтай аялаж 5400 метрийн өндөрт байрлах эхний баазад хөл тавьсан юм. Ингэхдээ тэрээр 1995 оны 10 дугаар сарын 26-нд Стокольм хотоос дугуйтай гарч нийт 12.8 мянган км замыг туулан 1996 оны 4 дүгээр сард Эверестийн үндсэн баазад хүрэлцэн иржээ. Ингээд 5 дугаар сарын 3-нд дайралтаа хийсэн ч 300 метр зам туулан бүтэлгүйтэж, эмнэлгийн тусламж авахад хүрсэн гэдэг. Бие нь сайжирч тэнхэрсэн тэрээр гурван долоо хоногийн дараа буюу 23-ны өдөр дахин дайралтаа хийж Эверестийн оргил дээр гарч чадсан юм. Түүнээс хойш хэн ч түүний энэхүү дугуйтай аялсаар Эверестийн эхний баазад хөл тавьж, улмаар оргил өөд гарч чадсан анхны дугуйчин хэмээх амжилтыг давтаагүй билээ.
Алдарт авирагч Горан Кропп нь 2002 оны 9 дүгээр сарын 30-нд АНУ-д ууланд авирч яваад 18 метрийн өндрөөс унан амиа харамсалтайгаар алдсан юм. Тэгвэл дэлхийн спортын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн энэхүү амжилтыг давтахаар Монголын уулын дугуйчин Ц.Мөнхчулуун зориглон 2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөлсөн. Хоёр сар гаруйн хугацаанд тэвчээр шаардсан хүнд аяллыг даван туулж өдгөө тэрээр Гималайн уулнаа хүрэлцэн ирж дайралтаа эхлэхэд бэлэн болоод байна.
Харамсалтай нь санхүү, зардлын тал дээр түүнд тусална хэмээн амласан хоёр компани хэлсэн амнаасаа буцсанаас болж Ц.Мөнхчулуун харийн нутагт хүнд байдалд оржээ. Ингээд Монголын Дугуйн Холбооноос олон нийтэд хандан түүнд туслаж, дэмжихийг хүссэн уриалгыг гаргаад байна. Ямартаа ч дугуйчин маань өнөөдөр Гималайд авирах дайралтаа эхлүүллээ. Монгол хүний хударгагүй зангаас болж дэлхийн олон орон анхааралтай харж суугаа монгол эрийн аялал замын дундаа зогсох дөхлөө. Хэрэв та Ц.Мөнхчулууныг дэмжихийг хүсвэл Монголын Дугуйн Холбоонд хандаарай.
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт