Олны хүртээл болсон “Ханьсахын жаргал” дууг хүмүүс мэддэг ч хэрхэн төрсөн түүхийг нь төдийлэн мэддэггүй. Дууны шүлгийг яруу найрагч Л.Гаваасүрэн хань, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэгтээ зориулан бичиж, 2003 оны гуравдугаар сарын 5-ны өдөр “Мартын наймны бэлэг” гэж хэмээн өгчээ.
Бүсгүй хүн, тэр дундаа хөгжмийн зохиолч эмэгтэй ийм дууны шүлэг авна гэдэг ёстой л ховор бэлэг байв. Ханийн халуун сэтгэл шингэж, хайр гэрэлтсэн шүлгийг бэлгэнд авсан Д.Цэцэрлэг тэр даруй төгөлдөр хуурынхаа ард сууж, шүлгээ дахин дахин уншин өөрийн эрхгүй сэтгэл догдолж байсан гэдэг. Тэрбээр дуунд аялгуу хийхдээ
“... Зүрхийг минь гижигдсэн мөнхийн гэгээн хайрандаа
Зүсээ гундтал ханилахдаа чамаасаа уйдахгүй хань минь ээ...” гэсэн мөрөөс эхлэн хийжээ.
Энэ л мөрүүд түүний сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөсөн гэдэг. “Ханьсахын жаргал” дуугаа Мартын 8-ны өдөр найзууддаа дуулж өгөхөд “Энэ дуу хит болно” хэмээн бэлгэшээн хэлсэн нь талаар болсонгүй. Дууг охин Г.Эрдэнэтунгалаг, дуучин Т.Батсайхантай хамтран дуулснаар олны танил болох гараагаа эхэлжээ. Залуу дуучид анхны цомог, анхны тайлан тоглолтоо энэ дуугаар нэрлэн, үзэгчдэд толилуулж байв. Тухайн үед зохиолчид шинэ дуунуудаа С.Жавхлан, Т.Баясгалан нарт л өгдөг байжээ. Нэг өдөр Эрдэнэтунгалаг аав ээжээсээ "Ханьсахын жаргал" дууг тань би дуулъя" гэхэд тэд “Сэтгэлд нь багтсан болоод л дуулъя гэж байгаа юм байлгүй дээ” хэмээн ярилцаад зөвшөөрсөн байна.

Тэрбээр ээжийнхээ нандин сэтгэлээс төрсөн энэ дууг нь дуулахдаа тайзан дээр их эмээж байсан гэдэг.
Жил бүр Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос зохион байгуулдаг оны шилдэг хөгжмийн бүтээл шалгаруулдаг “Морин хуур” наадамд Д.Цэцэрлэг “Оны шилдэг хөгжмийн зохиолч”-оор шалгарсан билээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт