Японы мэргэжлийн сумод “Минато мастер” буюу “Шидэлтийн мастер”, “Үлэмж биет” гэж нэрлэгдээд буй Ичиножёо Ичинноровын талаар арлын орны хэвлэл мэдээлэл, сумогийн мэргэжилтнүүд ид шуугиж байна. Асашёрү аварга твитер хуудсандаа “Ирээдүйн аварга” хэмээн онцолсон энэ залуу 1993 онд төрсөн дөнгөж 21 настай. Түүний өндөр 1.92 м, жин нь 199 кг учир япончууд “Үлэмж биетэн” хэмээн онцолсон хэрэг. Тэрээр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн бөгөөд аав Алтанхуяг, ээж, эгч, ахын хамт амьдардаг айлын отгон хүүхэд ажээ. Бөх болохоор 16-тайдаа ээжийн талын хамаатан Улсын харцага Н.Алтансүхийг даган Улаанбаатар хотод ирсэн гэдэг. Жүдо бөхөөр жил хичээллээд мэргэжлийн сумод хүч үзэхээр Япон улсыг зорьсон Ичинноров сонирхогчдын сумод түрүүлснээр макүшита зиндаанд 15-аас эрэмбэлэгдэн барилдах боломж бүрдсэн байна. Энэ зиндаанд хоёр башё барилдаад жүрё зиндаанд дэвшин ормогцоо түрүүлж шуугиан тарьжээ. Дараагийн башёгоо 14-1 гэсэн амжилтаар дуусгасан тэрээр дээд зиндаанд барилдах эрхтэй болж маэгаширагийн зүүний 10-т эрэмбэлэгдсэн юм.
Хэрэв Ичиножёо дээд зиндаанд түрүүлвэл 100 жилийн тэртээ барилдаж асан Япон сумоч ёкүзона Юүжирогийн дээд зиндаанд барилдсан анхны башёдоо түрүүлсэн хэмээх амжилтыг давтана. Ямартаа ч Японы бизнесийн томоохон 13 компани түүнийг ойрын дөрвөн башёд аваргын болзол хангана хэмээн бооцоо тавиад байгаа ажээ. Хүчтэний өлгий Батцэнгэл сумын унаган хүү Ичиножёо Ичинноровтоо Японы мэргэжлийн сумогийн 72 дахь Ёкозүна болоорой хэмээн нийт монголчуудынхаа өмнөөс хүсье.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт