Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 38 дахь, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 14 дэх удаагийн УАШТ энэ сарын 9-11-нд болж буй.
Өчигдөр эрэгтэй 57 кг, 70 кг, 97 кг, эмэгтэй 48 кг, 58 кг-ийн жинд зодоглосон бөхчүүдийн барилдаан болж зарим жингийн аварга тодров.
Энэ удаагийн УАШТ-нд аймаг, дүүрэг, хотуудын 24 биеийн тамир спортын хорооны эрэгтэй 217, эмэгтэй 90, нийт 307 бөх хүч сорьж байгаа. Тэмцээнд 28 шүүгч ажиллаж байгаагаас 24 нь олон улсын шүүгч. Ерөнхий шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр ажиллаж байна.
Тамирчдаас олимпийн хүрэл медальт, дэлхийн болон оюутны универсиад наадмын аварга С.Батцэцэг, ДАШТ-ий медальт О.Бурмаа, Г.Мандахнаран, О.Насанбурмаа, Э.Ням-Очир, Б.Одончимэг, Д.Отгонцэцэг, Т.Мөнхтуяа, Э.Сумьяа, дэлхийн залуучуудын аварга Э.Бэхбаяр, Э.Даваачимэг, оюутны дэлхийн аварга Б.Батзориг, Т.Түвшинтулга, армийн дэлхийн аварга Н.Лхамгармаа, О.Үйтүмэн, Азийн наадмын аварга Г.Наранчимэг, Азийн аварга Ч.Ганзориг, Д.Хүдэрбулга, тивийн залуучуудын аварга Э.Нарангэрэл, Д.Цогтбаатар, Э.Цэвэгмид, П.Эрдэнэбилэг, Азийн өсвөрийн аварга З.Занабазар, П.Өнөрбат, Залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальт Б.Дөлгөөн тэргүүтэй бөх зодоглосон.
Тэмцээний эхний өдөр гавьяат тамирчин Г.Мандахнаран дөрөв дэх удаа, ОУХМ Э.Бэхбаяр гурав дахь удаа, ОУХМ Э.Нарангэрэл, Д.Хүдэрбулга, Б.Шоовдор нар хошой аварга боллоо.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд шувтаргын барилдаанд таарсан Э.Бэхбаяр, Б.Номин нар болон эмэгтэйчүүдийн 58 кг-ийн жинд шувтаргын барилдаанд таарсан ОУХМ С.Бямбацэрэн, Б.Шоовдор нарын барилдаан үзэгчдийн анхаарлыг ихээхэн татаж байсан боловч Э.Бэхбаяр, Б.Шоовдор нар өрсөлдөгчдөө илүүрхэж ялсан. 70 кг-ийн жинд өнгөрсөн жилийн аварга Б.Анхбаяр хоёрдугаар тойрогт “Арслан” клубийн бөх З.Сумьяабазарт 5:0 онооны харьцаагаар дийлдэж медаль хүртсэнгүй. Спортын мастер Г.Пүрэвдорж УАШТ-ээс дөрөв дэх мөнгө, спортын мастер Ц.Цэнджав УАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртэв.
53 кг-ийн жинд барилдахаар зэхэж байсан “Хасу-Мегастарс” клубийн бөх, залуучуудын дэлхийн аварга, ОУХМ А.Батцэцэг бэлтгэл сургуулилтын үед бэртэл авсан тул энэ удаагийн УАШТ-ийг өнжих болж түүний оронд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Д.Отгонцэцэг жин өгсөн барилдахаар болжээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61 кг, 74 кг, 125 кг, эмэгтэйчүүдийн 53 кг, 60 кг, 69 кг-ийн жингийн барилдаан болно.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт