
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 8 дугаар сарын 24-нд гаргасан зарлигаар төрийн тахилгат хайрхануудыг таван жилд нэг удаа тайхаар болсон билээ. Ингэснээр Отгонтэнгэр хайрханыг 2016 онд тахих ёстой болсон юм. Гэтэл Сонгуулийн хуулинд сонгууль болох жил аливаа уул, овоог тахихыг хориглосон байдаг учраас 2016 онд Отгонтэнгэр хайрханыг тахих боломжгүй болж таарчээ. Учир нь 2016 онд УИХ болон орон нутгийн сонгууль явагдана. Иймээс Завхан аймгийн удирдлагууд Отгонтэнгэр хайрханыг тайх төрийн ёслолын хугацааг наашлуулж 2015 онд болгож өгөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлаад байгаа ажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ хүсэлтийг хүлээж авбал Отгонтэнгэр хайрханыг энэ жилийн зун тахих юм. Отгонтэнгэр хайрхантай холбоотой мэдээллийг хүргэж байна.
Нүүдэлчдийн анхны тахилгат уул нь Отгонтэнгэр
Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий.
Хангайн нуруу нь Монгол орны төв хэсэгт гурван тэрбум жилийн тэртээ, Явран галавт анх үүссэн бөгөөд энэ нуруунаас бусад монголын газар нутаг бүхэлдээ тухайн үеийн цорын ганц гадаад далай болох Номхон далайн залгаас бүхий гүехэн боловч асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроолоос, 900 сая жилийн өмнөөс зарим уул үүсч бий болон өргөгдсөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж, хуурай газар бий болсон гэдэг. Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жил хүрэхтэй үгүйтэй үүсч, Гималайн нуруу 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсныг үзвэл Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” ертөнцийн уулын анхдагч уул мөн гэлтэй. Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх VI зуунд Түргүүд тахидаг байсан гэдэг. Түүнээс хойш 1779 онд сэргээн тахиж байгаад мартагдсан ч 1911 онд Богд хаан дахин сэргээсэн юм. Гэсэн ч 1930 оноос бүрмөсөн тахихаа больжээ. Харин 1995 онд төрийн тахилгатай болж дөрвөн жилд нэг удаа тахидаг уламжлал тогтож хамгийн сүүлд 2011 онд тахисан юм.

Отгонтэнгэр нь анхны эх газар гэсэн утгатай
Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам.км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Мөнх цаст Отгонтэнгэр уул нь далайн түвшнөөс дээш 4031 м өргөгдсөн, 30 гаруй зүйл хөхтөн, 50 гаруй зүйл шувуу, 2 зүйл мөлхөгч, 5 зүйл загас, 6 зүйл ховор ургамал, 70 гаруй зүйл эмийн ургамал зэрэг нэн ховор, ховор ан амьтад, ургамалтай.
Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ. Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй.
Б.Гарьд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт