ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сонгууль үнэртүүлсэн ”МАНАН”-ын ээлжит улстөр

    “Хамтарсан” гэх сайхан нэртэй хувцас өмсч, “Шийдлийн” гэсэн сүржин өнгө зүсмийн моринд хамт сундалдсан АН, МАН-ынхны найруулсан жүжиг Монголын улстөрийн тайзнаа тоглогдож байна. Харамсалтай нь тэдний найруулга анхнаасаа л хэлж зорьсноосоо зөрж, намын эрх ашиг улс орны эрх  ашгийн дээр  зайдалж, жилийн дараах сонгуулийн үнэрийг  шийдвэрүүд  нь ханхлуулах  болов.

    Цомхон, чадварлаг Засгийн газар байгуулна гэсэн зорилго нь яг байгуулах дээрээ тулаад замарсан нь саяхны түүх.

    Яамгүй сайд гэх шинэ албан тушаалыг сэдэж, зарим яамны дэд сайдуудыг ихэрлүүлж хэн хүнийх нь  гомдлыг төрүүлэхгүй гэж АН-ынхан чамгүй чардайсан. Дэд  сайдууд, Төрийн нарийн бичгийн дарга нар, УИХ-ын Байнгын хороодын дарга нарын гэх мэт ээлжит томилгоонууд өнөөх нэг моринд  сундалдагчдын энэ минийх,  тэр чинийх гэх  эв найртай хишиг хуваалтаар гар дамжсан. Тэгвэл энэ хишиг хуваалт одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү мацаж хараат бус байдалд халдаж эхэллээ.

    МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох үеэрээ УИХ-ын дарга З.Энхболд тус телевизийнхнийг дампуурсан, архидалт хавтгайрсан,  аймар газар  хэмээн цоллож  удалгүй ҮЗ-өөс М.Наранбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хамгийн хачирхалтай нь МҮОНРТ-ийн шинэ даргаар АН-ынхан намынхаа генесекийг  албан тушаалаас нь буулган байж томилуулав. Улс төрийн намд хариуцлагатай алба хашиж,  бодлого тодорхойлолцож байсан хүнээ олон нийтийн гэх эрхэм тодотголтой, улстөрөөс хараат  байх зарчим, хуультай газрын даргаар АН-ынхан улайж, цайлгүйгээр томилоод орхив.

    Үндэсний хэмжээнд  мэдээлэл, нэвтрүүлгээ цацдаг олон нийтийн телевиз, радиог эв найртайхан хувааж авах АН, МАН-ын энэ мэт хэлэлцээ өнгөрсөн долоо хоногийн  сүүлээр эхэлсэн бөгөөд энэ долоо хоногт ч үргэлжилж байна. Эх сурвалжийн  мэдээлснээр телевизийг хэн нь авах дээр хоёр нам нэлээд “үзэлцсэн” бөгөөд эцэстээ МАН-ынхны талд асуудал шийдэгдсэн  байна. Тэгэхээр МАН өөрийн хүнээ телевизийн даргаар томилуулж, АН радиод өөрийн хүнээ аваачих бололтой. Үүнээс гадна МҮОНРТ-ийн санхүү болон мэдээний агентлаг гэх мэт бусад албан тушаалууд ч АН, МАН-ын тохиролцооны үр дүнгээр шийдэгдэх ажээ.

    МҮОНРТ-ийг тойрсон улстөрд бас нэгэн  гайхам томилгоо  байгаа нь саяхныг болтол МАН-ын ХМОНХ албаны даргаар ажиллаж байсан Н.Дэмбэрэлийг дэд даргаар томилуулахаар зөвшилцсөн тухай мэдээ байна. Тэрээр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хамтран ажиллах гэрээний нууц хавсралтыг хуурамчаар үйлдсэн гэх хэрэгт холбогдож өнгөрсөн 10 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгүүлсэн нэгэн. Мөн өмнө нь ч үүнтэй төстэй хэргээр эрүүгийн хэрэг үүсгүүлж байсан, намдаа бол сайн зүтгэлтэй, нэр сайтай ч олон нийтэд бол таагүй өнгө төрхийг бүрдүүлсэн хүн гэж болно.

    Ийнхүү олон нийтийн телевиз радиогийн бие даасан эрхэд улстөрчид бүдүүлгээр халдаж, улстөрөөс хамгийн  ангид  байх ёстой хэвлэл мэдээллийн байгууллагыг намын гинжинд хүлчихлээ.

    Сонгуулийн жил  гарав  уу үгүй юу намууд сонгуулийн бэлтгэлдээ гарч, сонгогчдын хайрцаганд багтсан алхамууд хийж эхэлсэн нь  энэ бололтой.

    Б.ХАШ

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй