ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дуучин Ж.Алтанцэцэг аав ээжтэйгээ нөхрөө танилцуулахгүй нэг хэсэгтээ л нуужээ

    Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийн төрсөн өдөр долдугаар сарын 30-нд болдог. Тэрбээр төрсөн өдрийн баяраа тэмдэглэж байгаад анх нөхөртэйгээ танилцжээ. Тэр өдөр нөхөр нь түүнд зүрхэн хэлбэртэй шоколад бэлэглэхэд ”Хайрын утга учрыг бэлгэдсэн гоё хэлбэртэй бэлэг байна” хэмээн билэгшээн сэтгэл нь ихэд догдолсон гэдэг.

    Дуучин бүсгүй тэр үед “Намайг дуулдаг болохоор ийм бэлэг өгч байгаа юм байх даа” гэж бодоод өнгөрчээ.Тэгсэн нөхөр нь хэтдээ гэрлэж, хамдаа амьдаръя гэсэн бодолтой өгсөн юм байж. Танилцсаныхаа дараахан нөхрийнх нь “Ийм жижигхэн турьхан биенээс ямар чадалтай хоолой гардаг юм бэ” гэж байсан нь түүний сэтгэлээс ер мартдаггүй аж.

    Тэрбээр “Тэр үед би СУИС-ын эстрад дуулаачийн ангид сурдаг байсан юм. Аав ээж маань надад “Алтанцэцэг ээ сургуулиа дүүргэснийхээ дараа  нөхөр хүүхэдтэй болно шүү” гэж захидаг байлаа. Бидний үеийнхэн аав ээжийнхээ үгнээс зөрдөггүй, зааж зөвлөснөөр нь явдаг байсан шүү дээ. Аав ээжийн үг хууль мэт байсан болохоор нөхрөө танилцуулахгүй нэг хэсэг нуусан. Анх танилцаж байхдаа ханийнхаа даруу төлөв зантай юм байна даа гэж бодож байсан. Үерхэж нөхөрлөх хугацаандаа ухаалаг, хүчирхэг, хүнд тусархуу занд нь өөрийн эрхгүй татагдсан. Танилцсан үеэсээ урлагын ажлыг ойлгож, хүсэл мөрөөдлийг минь дэмжиж өдий хүрлээ.

    Бид хамтдаа 22 жил болж байна. Одоо гурван хөөрхөн хүүхэдтэй. Аав ээж болж үр хүүхдээ хайрлахын жаргалыг мэдэрсэн тэр баярт агшин бидний амьдралын хамгийн жаргалтай мөч байв” хэмээн хайрынхаа тухай өгүүлсэн байдаг. Түүнийг нөхрийг Г.Сүхбуян гэдэг. Эхнэртэйгээ төрсөн өдрөөр нь танилцсан болохоор баярыг нь хүндэтгэн тэмдэглэж өнгөрүүлдэг байна. Дуучин бүсгүй ханиасаа жил бүр дурсгалтай бэлэг авдаг.

    2009 онд төрсөн өдрийнх нь баяраар дуу бичлэгийн студи бэлэглэж, сюрприз барьж байв. Мөн хоёр жилийн өмнө 40 насны баяраа тэмдэглэхэд нь “Хаан жимс” амралтын газарт найзуудыг нь урьж томоохон хүлээн авалт хийжээ. Дуучин бүсгүй  “Хайр  зовлонг мартуулж, гунигийг үргээх увидастай. Амьдралаа өдий зэрэгтэй хүргэхийн тулд бид хамтдаа зүтгэн, өгсөж уруудах замд үргэлж хамтдаа байсан.

    Бидний амьдралын зам үргэлж дардан байгаагүй. Хүмүүс аз жаргалыг хол гэж бодож хаа нэгтээгээс хайгаад байдаг. Гэтэл тийм биш шүү дээ, хамгийн гол нь дэргэдээ байгааг мэдрэх хэрэгтэй” хэмээн хэлсэн. 1997 онд сургуулиа төгссөн жилээ  “Чамайг би хүнийх гэж бодсонгvй” дуундаа клип хийлгэж, Үндэсний телевизээр цацсан нь тэр даруйдаа олны хүртээл болсон.

    1998 он түүний хувьд уран бүтээлээ туурвиж, алдарт хүрэх он жилүүдийн эхлэл байв. Тэр жилээ  өөрийн гэсэн дуунуудтай болж эхэлсэн. Тухайлбал, “Итгэл өгөөч наддаа”, “Чиний явсан намар” дуугаа бичүүлж, FM радиогоор түгээснээр олны танил болсон гэдэг. “Намайг эзэмдэх чиний сэтгэл” нэртэй цомгоо хэвлүүлснийхээ дараахан “Одиссей” анхны тоглолтоо толилуулсан цагаас үзэгчид түүний авьяасыг үнэлэх болсон билээ. Тэрбээр ханьдаа зориулж “Зөвхөн чамайг хайрлана” дуугаа зориулсан юм.

    Энэ дууг нь “Соёл Эрдэнэ” хамтлагийн дуучин том Жагаа зохиож өгчээ. Дууны шүлгэнд “Миний ариухан хайр чиний зүрхэнд шингэж оров уу” хэмээх шад бий. Энэ бадгийг дуулахдаа тэрбээр ханиа бодож, хайрын нулимс дуслуулсан гэдэг юм билээ. Алтаа уран бүтээлээрээ уламжилж “ханьдаа чин сэтгэлийнхээ үгээ ингэж илэрхийлсэн.

    2007 онд "Нисч ирсэн дурлал" хэмээх хоёр өдрийн тоглолт хийж, 70 саяын ашиг олсон түүнийг  зарим нэг нь баярхуу хэмээн өөчилж муулах нь бий. Харин өөрт нь атаархсан нэгэнд “LV хэрэглэж,  Range Rover  хөлөглөж байгаа нь миний урлагийн төлөө өөрийгөө умартаж хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн минь үр шим, бас миний хувь тавилан” гэж хэлж, хариуг нь барьсан удаатай.

    Налайх дүүргээс өглөө бүр автобусаар хичээлдээ явдаг байсан шавилхан бүсгүйн “Би заавал дуучин болно” гэж өөртөө шивнэсэн хүсэл нь биелж, өдгөө МУГЖ хэмээх эрхэм цол хүртэн, Монголын рок попын таван дивагийн нэгээр тодорсон билээ.

    Хамгийн сүүлд тэрбээр 2013 оны зургадугаар сарын 1-нд “Алтанцэцэг” нэртэй өөрийн бие даасан 3D тоглолтоо үзэгчдэд толилуулсан юм.

                                                                                                                                     Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй