2015 оны эхний өдрөөс эхлэн Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэллээ. Шилэн дансны тухай хууль 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр батлагдсан бөгөөд Монголд шинэ олон өөрчлөлтүүдийг авчрах онцгой ач холбогдолтой хууль учраас хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангахад хагас жилийн хугацааг зориулсан юм. Ийм хуультай болсноор иргэд төлсөн татвараа хаашаа орсныг, ямарваа нэг албан тушаалтан түүнийг юунд зарцуулсныг, үр ашиггүй зарцуулалт хийсэн эсэхийг л мэдэх боломжтой болж буй. Шилэн дансны хууль санхүүгийн сахилга батыг сахиулахад маш чухал үүрэгтэй гэж албаны хүмүүс тайлбарлаж буй бөгөөд иргэд зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй, эргэлзэж буй шийдвэр, төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаар Аудитын газраас шалгуулсан асуудлынхаа үндэслэлтэй эсэх талаар хариу авах боломжтой болж байна. Товчхондоо төрийн төсөв, санхүүтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг иргэд шилэн дансаар дамжуулж, нээлттэй, ил тод байдлаар мэдэж авч төрд хяналт тавих боломжтой боллоо.
Хуулийн гол агуулгууд
- Төрийн үйлчилгээг хүргэж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа бүхий л байгууллагууд энэ хуулинд хамрагдана. Мөн Засгийн газрын болон орон нутгийн тусгай сангууд, төрийн болон орон нутгийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагууд, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслийн нэгжүүд хамрагдана.
- Байгууллага нь шилэн дансны мэдээллийг өөрийн цахим хуудсаар хүргэх бөгөөд мэдээлэл татаж авч болохуйц байх юм.
- Улсын төсөв, өр зээл, бонд гэх үйл ажиллагааны зардлуудын тухай мэдээлэл шилэн дансанд орно
- “Төсвийн байгууллагууд нэг сая төгрөгийн үнийн дүнгээс дээш ямар нэгэн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлуудаа тайлагнаж, нээлттэй байлгах ёстой. Өнөөдөр өглөө 9:00 цагаас орой 16:00 цаг хүртэл мөнгөн гүйлгээ хийлээ гэхэд дараагийн ажлын өдрийн 12:00 цагт гүйлгээний утга, дүн, ямар байгууллагад шилжүүлсэн гэх зэрэг мэдээллүүд нээлттэй болох ёстой.
- Төсөвт байгууллагуудын өдөр тутмын гүйлгээ, шилжүүлгэн дээр нэг, хоёр, гуравдугаар гарын үсэг зурж байгаа нөхдүүд “Шилэн дансны мэдүүлэг”-ийг бөглөх ёстой. Үүгээрээ дамжуулаад тухайн төлбөрийн даалгаврыг гүйцэтгэж байгаа дарга, ерөнхий нягтлан нь “Төлбөр гүйцэтгэхээсээ өмнө ашиг сонирхлын аливаа зөрчилд автаагүй” гэдгийг нотлох юм.
- Төлбөрийн даалгаврыг гүйцэтгэх үүргийг аль нэг сайд, эсвэл агентлагийн дарга амаараа өгдөг байсан бол цаашид ямар нэгэн аман даалгавар байхгүй болно. Ингэснээр хариуцлагыг эзэнтэй болгож, тухайн төлбөр гүйцэтгэх үйл ажиллагаа, ялангуяа тендер, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой төлбөрүүд ямар нэгэн хууль зөрчсөн байвал хариуцлагыг шууд тооцох механизм нь бүрдэж байгаа аж.
Шилэн данс цахим хуудсаар энд дарж зочилно уу!