УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа зарим агентлагуудыг татан буулгаж, чиг үүргийнх нь дагуу харьяа яамд, газруудад нэгтгэнэ хэмээн мэдэгдсэн. Энэ дагуу Цөмийн Энергийн газар татан буугдаж нэг хэсэг нь Уул уурхайн яам, зарим нь Мэргэжлийн хяналтын газрын бүтцэд харьяалагдах болсон билээ. Дэлхий нийтийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагад цөмийн технологийн эзлэх байр суурь улам ихсэж байгаа энэ үед Цөмийн энергийн газрыг татан буулгах болсонд салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд, эдийн засагчид, зарим улс төрчид харамсаж буйгаа илэрхийлж, алсын хараагүй шийдвэр боллоо хэмээн үзэл бодлоо ил тод илэрхийлж байсан. Ямартаа ч 53 жилийн түүхэн замналтай, мэргэжлийн салбар болох Цөмийн Энергийн Газар татан буугдлаа. Тус газрын хамгийн сүүлчийн дарга Н.Тэгшбаяр хамт олон, хамтран ажиллаж байсан байгууллагууд, дэмжигчдэдээ хандан талархал дэвшүүлжээ. Түүний энэхүү талархалыг дэлгэрэнгүйгээр нь хүргэж байна.
ТАЛАРХАЛ
Монгол орныхоо хөгжил дэвшлийн төлөө цөмийн технологийн энхийг хэрэглээг нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, цацраг идэвхт ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд оруулах үйлст хоёргүй сэтгэлээр зүтгэн, цөмийн салбарын түүхэнд давтагдашгүй мөрөө үлдээж хамтран ажилласан хамт олондоо талархлаа илэрхийлье.
Хөгжлийн түүчээ болсон цөмийн салбарын ирээдүйд хөл нийлүүлэн хамтдаа алхах гэрэлт зам бидний өмнө дурайж байна.
Монгол Улс цөмийн Энергийн яамтай болж утаа гаргадаггүй энергийн эх үүсвэр болсон АЦС-тай орнуудын нэг болох сайхан цаг ирнэ гэдэгт эргэлзэхгүй итгэж байна.
Төрийн ажлыг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байсан бүх төрийн байгууллагынхандаа баярлааа.
Цөмийн энергийн газрын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүдэд тусгайлан талархал илэрхийлж байна.
Манай салбарыг ойлгож, бидний үйл ажиллагааг олон нийтэд хүргэж, дэмжиж байсан бүх хэвлэл мэдээллийн байгууллагынхандаа бүгдэд нь баярлалаа.
Урам зориг, эрч хүч хайрлан дандаа дэмжин хамтдаа байдаг найзууддаа баярлалаа.
Төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр хийхэд арын албанд зүтгэж үр хүүхдүүдээ өв тэгш хүмүүжүүлж, цайныхаа дээжийг өргөдөг гэргийдээ бас ах дүү нартаа баярлалаа.
Тэнгэрийн оронд бурхан болсон өвгөд, аав, ээждээ сүслэж байна.
Ирж буй шинэ ондоо эрүүл энх байж, хүсэл мөрөөдөл, амжилт бүтээлээр дүүрэн явахыг хүсэн ерөөе!
Та бүхнийг эрхэмлэн хүндэтгэсэн
Норовын Тэгшбаяр
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт